Шууд Chart

Нүдний ханиад

2015-10-07 13:04:12

Ихэвчлэн өвөрмөц бактер буюу нянгаар үүсгэгддэг, агаар дуслын замаар амархан халдварладаг нэгэн төрлийн халдварт өвчин бол нүдний ханиад мөн. Сүүлийн үед энэ төрлийн ханиад үе, үе гарах болсон ба бусад халдварт томуутай адил халдвар нь тархах эрсдэл дагуулдаг болохоор хэн хүнгүй урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үндсэндээ ханиад томууг үүсгэгч нян нь нүдэнд илүү хүндрэл өгөх хандлагатай байх тул нүдний  ханиад гэж нэрлэсэн болно.

Ийм төрлийн ханиад анхлан АНУ-д илэрч бүртгэгдсэн байдаг бөгөөд түүнээс хойш дэлхийн олон улс оронд, түүн дотроо чийглэг, дулаан уур амьсгалтай улсуудад илүү илэрдэг. Манай орны хувьд ч сүүлийн тав, зургаан жилийн дотор гурван ч удаа нэлээд тархмал байдлаар гарч байв. Гол шинж нь аль нэг, эсвэл хоёр нүд улайн, зовхи нь хавдаж, нүднээс нуух гоожих, нулимс байн байн гарах, хурц гэрэл харж чадахгүй анивчих зэргээр илрэх ба заримдаа бие сулран бага зэрэг халуурах, толгой өвдөх шинж ч өгдөг. Нүдний бусад ердийн үрэвслийг бодвол улайлт илүү цусархаг байдаг онцлогтой. Хүмүүс голдуу нүд жирийн өвдөх шиг боллоо хэмээн үл ойшоож явсаар хүндрүүлэхээс гадна ойр орчиндоо халдвар тараах нь бий. Өвчин ойролцоогоор 2-3 хоног хурц илрээд аажмаар зовиур багасах боловч бүрэн эдгэртлээ 20 гаруй хоног үргэлжлэх ба энэ хугацаанд халдвар тараасан хэвээр байдаг гэж үздэг. Нүдийг үрэвсүүлэх өвчин олон байдаг. Ихэнх нь халдваргүй байх учир нүд өвдсөн тохиолдолд эмчид үзүүлэн ялгаж оношлуулах нь аль, аль талдаа ач холбогдолтой. Нүдний ханиад ахуйн замаар халдварлах учир урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уг өвчин нийтийн болон дотуур байр, цэцэрлэг, сургууль зэрэг газарт амархан тархах хандлагатай байдаг нь ариун цэврийн өрөө, хоолны газар, бохирдсон гар, хуруу, хувцас, нүүр гарын алчуур зэргээс халдвар авдаг болоод тэр.

Түүнээс гадна өвчтэй хүний хэрэглэж байсан даралтын аппарат, эмийн дусаагуур, гоо сайхны зориулалттай хэрэглэл, дамжуулан хэрэглэсэн уруулын будаг, үзэг, харандаагаар ч дамжих магадлалтай. Өвчин халдвар авснаас хойш 1-3 хоногийн дараа илэрдэг ба энэ хугацааг нууц үе гэж нэрлэдэг. Нянгаар үүсгэгдсэн нүдний ханиад бага насны тэр дотроо таваас доош насныханд илүү мэдрэг тусдаг. Тэрчлэн өндөр настнууд, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өвчлөх гээд байдаг нь биеийн эсэргүүцэл сул байдагтай холбоотой. Нүдний ханиад байж магадгүй хэмээн оношлогдсон бол хамгийн гол нь ариун цэврийн дэглэм сайн сахиж хэрэглэж байсан зүйлээ бусдад дамжуулахгүй байхаар тусгаарлах, сайтар угааж ариутгах, эмчин заавраар эм, дусаалга зэргийг зөв сонгож хэрэглэвэл аюулгүй өвчин гэхэд болно. Өвчилсөн хүүхэд /том хүнийг ч мөн адил/ сургууль, цэцэрлэг, ажлаас нь халдваргүй болох хүртэл нь чөлөөлөх шаардлагатай. Эмчилгээний чиглэлийг эмчээс авах нь зүйтэй. Сүүлийн үед энэ төрлийн ханиаданд биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, амин дэмээс гадна натрийн сульфацетамид, гентамицин, полимиксин В, неомицин, триметоприм зэргээс сонгож хэрэглэж байгаа ба нянгийн эсрэг үйлчилгээтэй дусаалга, тосон түрхлэг хэрэглэж байна. Эдгээр эм, ялангуяа хүчтэй антибиотик хэрэглэхээр бол тухайн эмэнд мэдрэг чадвараа шинжлүүлэх шаардлагатай. Нүдний ханиад нь өвчтэй хүнтэй хамт байгаа архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд, өндөр настнуудад амархан халдварлах эрсдэлтэй тул тэдэнд биеийн эсэргүүцэл сайжруулах төрлийн эм, амин дэм өгөх, эрүүл агаарт гаргах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийлгэж байх нь халдвараас сэргийлэх үндсэн арга болно.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос


Нүдний ханиад  
Үзсэн: 8733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-10-08 16:41
ямар эм сайн бэ их муухай өвчин юм
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-10-08 16:40
яавал хурдан эдгэх вэ их муухай өвчин юм аа

Бидэнтэй нэгдээрэй