
Австралид “Вольксваген” суудлын автомашинууд хий ялгаруулах шалгуур үзүүлэлтэнд унаж байгаагаас үүдэн тус улсын жолооч нар гомдол гарган, улмаар “Вольксваген” компанийн эсрэг зарга үүсгэж магадгүй болоод байна. Үүнд “Вольксваген” “Ауди”, “Шкода” загварын 90 гаруй мянган автомашиныг худалдан авагчид хамрагдаж байгаа юм.
Германы автомашин үйлдвэрлэгч алдарт “Вольксваген” компани АНУ-д хий ялгаруулах шалгуур үзүүлэлтийг хууль бус программ ашиглан хууран мэхэлсэн нь илэрч, нэр хүнд нь унаад байгаа. Одоогийн байдлаар Германы прокурорууд “Вольксвагены” компанийн удирдах төв байр болон бусад байруудад нэгжлэг хийж, ямар арга замаар хууль бус программыг автомашиндаа суулгасныг тодруулахаар ажиллаж байна.
Германы Брауншвайг хотын прокурорууд тус компанийн Вольфсбург дэх төв байр, удирдлагуудынх нь ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж, олон тооны бичиг баримт, мэдээлэл хадгалсан төхөөрөмжийг хураан авчээ. Одоогоор прокурорууд “Вольксваген” компанийн удирдлагуудыг онцолж сэжиглэхгүйгээр хэргийг мөрдөн шалгаж байгаа. Харин тус компанийн инженерийн багийнханы хийсэн ажилд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна.
Германы дотоодын хэвлэлүүд “Вольксваген” автомашиндаа хий ялгаруулах түвшинг бууруулж мэдээлдэг программыг зохион байгуулалттайгаар суулгасан байхыг үгүйсгэхгүй хэмээн нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллийг иш татжээ. Одоогийн байдлаар “Вольксваген” компанийн эрх баригчид 11 сая орчим автомашинд нь энэхүү хууль бус программ суулгасан гэж тооцож байна.
“Вольксваген” компанийн эсрэг зарга үүсгэж магадгүй | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.