Эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагагүй үйлдэл хорвоод дөнгөж мэндэлсэн шинэ иргэнээ өвчтөний тоонд шууд шилжүүлжээ. Тодруулбал энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригч эмч багажаа заалтын дагуу ашиглаагүйн улмаас нярайн тархинд нь хүнд гэмтэл учруулжээ. Анхнаасаа буюу 9 сарын 03-ны орой иргэн Есболатын эхнэр Зулааг өвдөөд ирэхэд жижүүр эмч Н.Сүрэнжав “Би хотон хүүхэд төрүүлж чадахгүй. Өөр эр олдсонгүй юу. Казакууд муу муухай хүмүүс” гэх мэтээр доромжилж шаардлагатай эмчилгээ тусламжийг үзүүлж чадалгүй ихээхэн цаг алдсан юм байна. Ус нь урьд өдөр гарсан учраас маргааш нь бүсгүйн бие дордож өөрөө төрж чадахгүйд хүрчээ. Тийм учраас нярайг зориулалтын багажаар татаж авахаар болжээ. Тухайн багажийг өөрөө төрж чадахгүйд хүрсэн эхийн нярайг 2-3 удаа татаж хэрэглэнэ гэсэн заалттай ч эх баригч 7 удаа татсан аж.
Үүний улмаас ээж, ааваа баярлуулан эрүүл төрөх байсан энэ хүү дух, магнай шалбарсан, тархиндаа цус хурсан, хавантай төржээ. Эрхэм Н.Сүрэнжав эмч хөөрхий бүсгүйг төрөх орон дээр гарах үед “төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болсон юм” хэмээн дарамталсаар л байсан гэнэ. Есболатын хүү төрсөн цагаасаа эхлэн инкубаторт эмчлүүлж байгаа бөгөөд тус эмнэлэгийн удирдлагууд Улаанбаатар хотод авч ирж оношлуулан эмчлүүлэхээр болсон гэнэ. Харин жижүүртэй үедээ согтууруулах ундаа хэрэглэж, үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцсан Н.Сүрэнжав эмч ажлаасаа халагдсан гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагууд өгсөн. Эмнэлгийн багажийг буруугаар ашигласан эх баригчтай хариуцлага хэрхэн тооцох нь тодорхойгүй байна. Хорвоод эх хүн болох гэж хичээн өвдөн шаналж буй залуухан бүсгүйд харгис хүйтэн сэтгэлээр хандаж байсан Н.Сүрэнжав эмчийн хандлага эх баригч эмчийн хариуцлагагүй үйлдэлд шууд бусаар нөлөөлсөн байж болно. Тангараг өргөсөн эмч хүн ийнхүү үндэс, угсааны үзэл элэг нэгтнээ гадуурхан, ёс зүйгүй аашилсан нь даанч харамсмаар. Амьдралдаа хийсэн сонголтынхоо өмнө буруутан болж, анхныхаа үрийг эрэмдэг болгуулсан Зулаа бүсгүйд бүр ч их харамсмаар. Мөч, хормоор тоологддог хүний алтан амь, амьдрах амьд явах эрх чөлөөнд эрүүл, согтуугаар “аймшигтай” ханддаг энэ мэт эмч, эмнэлгийн ажилтнуудаа яах вэ?
Согтуу эмчийг ажлаас халснаар Есболатын хүү эрүүл болох уу? | ||
Үзсэн: 7061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.