
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээний халдварт өвчин гарч 8 тэмээ үхжээ. Ботулизм нэртэй тэмээнд голчлон халдварладаг энэ өвчин малын мэдрэлд нөлөөлж үхэлд хүргэдэг аюултай. Өнөөдрийн байдлаар дэлхийн мал эмнэлгийн байгууллага энэ өвчнийг эмчлэх вакцин гаргаагүй байна.
Ханбогд сумаас 75 км-ийн зайтай Номгон багийн нутаг Зүүн загийн ус хэмээх газар намаржиж байгаа гурван айлын нэг хотны 70 гаруй торомтой ингэнүүд шалтгаангүй үхэж эхэлсэн байна. Аймгийн мал эмнэлгийн эмч нар өвчилсөн тэмээнд шаардлагатай эм, тариаг хийсэн ч өнөөдрийн байдлаар найман тэмээ үхээд байна. Аймгаас ажлын хэсэг гарч өвчлөлийн шинж тэмдгээр нь хурц хордлого буюу ботулизм гэж тогтоосон аж. Энэ өвчин үхсэн малын сэг зэм, ясанд удаан хадгалагдан улмаар мал, амьтны дотор ормогц хоруу чанар нь ихэсдэг гэж аймгийн мал эмнэлгийн дарга н.Мөнхчулуун хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар хот айлын 12 тэмээ нэмж өвчлөөд байгаа. Мөн 7 км-ийн зайтай малчны ямаа мөн ийм шинж тэмдгээр үхсэн байна. Малын үхлийн шинж тэмдгийг нарийвчлан тогтоолгохоор малын сэг зэм, болон орчны бэлчээр, ус, хөрснөөс дээж авч Улсын мал эмнэлгийн төв лабораторит явуулаад байгаа аж. Одоогоор үхсэн малын сэг зэмийг устган тухайн айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Тэмээ голчлон халдварладаг ботулизм өвчнийг төгс эмчлэх аргыг дэлхийн мал эмнэлгийн байгууллага одоогоор гаргаж чадаагүй байгаа юм. Маш ховор тохиолдох ботулизмаар өвчилсөн малын тархи, мэдрэл саажилт өгч үхэлд хүргэдэг ажээ.
Өмнөговь аймагт малын халдварт ботулимз өвчин гарч, 8 тэмээ үхжээ | ||
Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.