
УИХ-ын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
УИХ-ын дарга З.Энхболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ирсэн болохыг онцоллоо. Мөн тэрээр улсын хэмжээнд 15 жилийн өмнөхтэй харьцуулахад төрөлт хоёр дахин нэмэгдэж, эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эх, нярайн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан болохыг тэмдэглэн хэлэв.
Зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийг үүрэг гүйцэтгэгч Таня Патриота оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхийн стратегийг хэрэгжүүлж буйг танилцуулсан бөгөөд ирэх 15 жилийн хугацаанд үүнийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг улс, орнуудад уриалсан болохыг дурдав. Монгол Улс эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээхэн амжилттай ажиллаж байгааг тэрээр тэмдэглээд төр, засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзэж буйгаа хэллээ. Цаашид анхаарал хандуулах хэд хэдэн асуудал байгаа бөгөөд энэ чиглэлээр урт хугацаанд тогтвортой ажиллах шаардлагатай. Энэ үр дүнд хүрэх чиглэлээр ажиллахад нь НҮБ-ын Хүн амын сан Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэлээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцож, салбарын эрх зүйн орчны талаар болон Эрүүл мэндийн даатгалын хуулийн эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын талаар танилцуулав. Түүнчлэн УИХ-аар хэлэлцэж буй эрүүл мэндийн салбарын хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Зөвлөгөөн орой 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Манай улсыг эх нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр амжилттай ажиллаж байгаа гэв | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.