Шууд Chart

Б.Баярсайхан: Тэд тусламж гуйдаггүй, ойлгоод дэмжээд өгөөч л гэдэг

2015-10-29 11:11:55

“Өгөх өдөр” хөдөлгөөний санаачлагч, сэтгүүлч Б.Баярсайхантай ярилцлаа.

-Энэ жилийн “Өгөх өдөр” ямар онцлогтой болох вэ?   

-Энэ жилийн олон нийтэд энэ өдрийн талаар нэлээн цэгцтэй мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Тархины саажилттай иргэд, төрөлхөөсөө цус харвалттай хүүхдүүд бидний дунд олон байдаг. Эдгээр хүний хөдөлгөөн нь саажсан болохоос биш оюун ухааны хувьд цоо эрүүл байдаг юм байна. Хөгжилтэй улс орнуудад эцэг, эхчүүд нь ийм өвчтэй хүүхдүүдээ гудамжаар тэргэн дээр нь түрээд чөлөөтэй авч явдаг. Олон нийтийн газраар болон жирийн сургуульд сурдаг гээд л тэдгээр иргэн бусад хүмүүсийн адил бүх эрхээ эдэлдэг байна. Гэтэл монголчууд тусгай сургууль, цэцэрлэг гэж нэр томьёогоор нь хүртэл тусгаарладаг. Энэ хүмүүсийг ингэж нийгмээс тусгаарлахгүйгээр чөлөөтэй ажиллаж, амьдрахад нь дэмжиж туслая.

-Нээрээ тийм шүү. Тусгай сургууль, цэцэрлэг гэж нэрлээд эрүүл саруул хүүхдүүдээс тусгаарлаад байдаг?

-Бид нараас ч илүү оюун ухаантай гэж хэлж болохоор мундаг хүүхэд олон байдаг. Эдгээр хүний дунд IT инженер, шүлэг бичиж, ном хүртэл хэвлүүлсэн хүн бий. Бас зураач олон. 10 дугаар цэцэрлэг гэж бий л дээ. Энэ  цэцэрлэгийг төгсөөд очих сургууль эдгээр хүүхдүүдэд байдаггүй учир жирийн сургуульд орох шаардлагатай болдог. Тэгтэл ийм хүмүүст тохирсон ариун цэврийн өрөө байхгүй байх жишээний. Хүүхэд, залуустаа нэг зүйлийг уриалмаар байна. Танай ангид тэргэнцэртэй хүүхэд ороод ирэхэд битий гайхаарай, ойлгоод дэмжээрэй. Тэр хүүхдийн оюун ухаан хэн, юу ярьж байгааг бүгдийг нь ойлгоно. Англи хэлтэй, төгөлдөр хуур тоглодог, Япон, Солонгос улсад онлайнаар сурч байгаа хүүхэд ч бий. Бидний мэдэхгүй чадварлаг маш олон иргэн байна.

-“Өгөх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай яриандаа эргээд оръё?

-“Өгөх өдөр”-ийн нэг зорилго нь энэ мессежийг олон нийтэд зөвөөр ойлгуулах юм. Саажилт өвчнийг хүүхэд насанд нь засвал хамгийн үр дүнтэй гэгддэг. Насанд хүрээд биеэ даагаад аваад явах чадвартай болдог. Өөрөө хувцсаа өмсөж, ажилдаа яваад, хоол, цайгаа хийгээд ганцаараа амьдрах ч боломжтой. Манайд одоогоор саажилттай хүүхдүүдийг уйлагнахаас нь айгаад эцэг, эхчүүд нь шууд бөөцийлөөд эхэлдэг. Биеийг нь даалгаж сургадаггүй. Үнэндээ биеийг нь даалгах орчин ч алга. Монголд байгаа саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөн хийлгэх төхөөрөмж гэхэд л бусад орнуудаас 60 жилээр хоцрогдсон байдаг байна. Цөөхөн хүн амтай учраас эцэг, эх, асран хамгаалагчид ч саажилттай хүүхдээ авч явахаас ичдэг. Багад нь тэврээд гадуур явдаг ч томроод эхлэхээр нь гэртээ байлгаад эхэлдэг. Одоо бид сүүлийн үеийн тоног төхөөрөмж орууж ирмээр байна. Хандив, тусламж гуйгаад ч хамаагүй. Энэ төхөөрөмжийг байрлуулахад том өрөө шаардлагатай. Резинэн тортой, хүүхэд татаад өөрөө бие даагаад босож явахад тус болно. Айдсыг нь алга болгоно. Одоо байгаа тоног төхөөрөмжөөс ялгаатай зүйл нь арай илүү түргэн хугацаанд хүүхдийг засах, хөдөлгөөнд оруулах боломжтой болж байгаа юм.

-Ер нь манай улсад саажилттай хүүхдүүдэд тусламж үзүүлдэг газар хэр олон байдаг вэ?

-Төрийн бус байгууллага, төрийн байгууллага, Нийгмийн хамгааллын хөдөлмөр яам гээд энэ асуудал дээр нэлээн анхаарал хандуулж ажилладаг. Ирээдүйд юм бүхэн сайхан болно гэдэгт би итгэлтэй байгаа. Хандив цуглуулаад тоног төхөөрөмжийг бол бид аваад өгч болно. Хамгийн гол нь эдгээр хүнийг ойлгоод дэмжих нь л чухал. Энэ хүмүүс биднээс тусламж гуйгаагүй. Биднийг ойлгоод, дэмжээд өгөөч л гэдэг. Манай улсад 50 хүртэлх хүнтэй байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авна гээд хуульчилсан байдаг. Үүнийг ч хэрэгжүүлдэггүй газар олон. Энэ жилийн “Өгөх өдөр”-ийн гол баатар н.Мөнхтулга гээд залуу бий. СУИС-ийг төгссөн юм билээ. Маш задгай шүлэг зохиодог гэх үү дээ. Тэр шүлгийн номуудаа хүртэл хэвлүүлсэн. Энэ залууг би бараг улстөрчийн зөвлөх ч хийж чадна гэж харж байгаа. Үнэхээр мундаг.

-Тархины саажилттай гээд тусгаарлах биш тэднийг багаас нь хөгжүүлж чадах юм бол улс орныхоо, бусдын төлөө их зүйлийг хийж чадахын нэг том жишээ байх нь?  

-Яг үнэн. Одоо бол эмээ нь ч юм уу, ээж, аав нь хүүхдээ хараад биеийг нь даалгаж сургахгүй байна. Энэ хүүхдүүдийн хөдөлгөөнийг сайжруулчихвал оюун ухаан нь цоо эрүүл юм чинь юу ч хийж, бүтээж чадна. Тэргэнцэртэй хүн явж байвал хаалгыг нь онгойлгоод өгч байгаарай. Бид чинь адилхан л хүн шүү дээ. Гараа бариад тойрог болчихсон хүүхдүүд байдаг ш дээ. Энэ цуглааныг бид 11 дүгээр сарын 1-нд хийнэ гэсэн бодолтой байгаа. Бид нэгдмэл гэдгээ харуулмаар байна. Биднийг дэмждэг Хэвлэлийн хүрээлэн, ТИС Санхүү эдийн засгийн сургууль зэрэг олон байгууллага бий. Оюутнуудыг энэ цуглаанд ирээд нэгдээсэй гэж хүсч байна. Гар, гараа барилцаад хоёрхон цаг плаш моб хийгээд тарцгаая гэж уриалъя.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.Дулмаа

 

 


Б.Баярсайхан: Тэд тусламж гуйдаггүй, ойлгоод дэмжээд өгөөч л гэдэг   
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.176.xxx [103.229.176.xxx] 2015-10-29 12:26
saihan sanaa bn demjih l heregtei bidnii l neg heseg

Бидэнтэй нэгдээрэй