Шууд Chart

Элэгний С вирус гэж юу вэ

2015-11-10 10:31:22

Элэг яагаад чухал вэ?
Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн юм. Элэг нь хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг.  Тухайлбал, элэг бидний  идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг.

Элэгний С вирус гэж юу вэ?
С вирусаар үүдсэн элэгний үрэвслийг С вируст хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний С вирус гэнэ.  С вирус нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Цочмог халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь 6 сарын дотор эдгэрдэг бол 75 хувь нь архаг хэлбэрт шилждэг. Архаг С вирусыг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай.

Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?
Хепатит С вирусын халдвар нь цусаар дамждаг халдвар юм.
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж байсан хүмүүс
Гемодиализ хийлгэж байсан хүмүүс
Мэс засал, хануур, төөнүүр зэрэг арьс салст гэмтээх ажилбар хийлгэж байсан хүмүүс
Элэгний биохимийн шинжилгээнд АЛТ хэд хэдэн удаа хэвийн бус гарч байсан хүмүүс
Халдвартай зүү тариуртай ажиллаж байсан эмнэлгийн ажилчид
Шоронгийн хоригдол болон шоронд ажиллаж байсан хүмүүс
Хепатит С вирусын халдвартай эхээс төрсөн хүүхдүүд
Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж байсан хүмүүс /олон хавьтагчтай/
ДОХ болон бэлгийн замын бусад өвчнөөр өвдөж байсан хүмүүс
Шивээс болон биеэ /чих, хамар, хэл, биеийн аль нэг хэсэг/ цоолуулж байсан хүмүүс
Хепатит С вирустай үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Элэгний С вирусын халдвартай ихэнх хүнд удаан хугацаагаар ямар ч зовиур илэрдэггүй нь энэхүү өвчний нэг аюул юм. Олонх тохиолдолд хэвлийгээр өвдөх болон арьс салст, нүдний цагаан шарлах шинж тэмдэг илэрч эмчид хандах үед өвчин нь аль хэдийнэ орой үедээ орсон байдаг. Иймээс эрт оношлуулах нь элэгний хатуурал, хавдар зэргээс хамгаалах хамгийн чухал алхам юм.

Хепатит С вирусыг яаж оношлох вэ?
Хепатит С вирусын халдвартай эсэхийг  цусны шинжилгээгээр оношлодог. Цусны шинжилгээнд  хепатит С вирусын эсрэг-бие тодорхойлогдоно. Үүнээс гадна, элэгний С вирустай өвчтөнүүдийн элэг хэр гэмтсэн болохыг элэгний биопси буюу элэгний эдийн дээж шинжилгээгээр тодорхойлдог.

Хепатит С вирусыг хэрхэн эмчлэх вэ?

Цочмог хепатит С
Хэвтрийн дэглэм сахих, шингэн сайн уух, эрүүл зөв хооллож, архи согтууруулах ундаанаас зайлсхийхийг эмч зөвлөдөг.  Цочмог хепатит С вирусын халдварын үед зарим тохиолдолд эмийн эмчилгээ шаардлагатай болдог. Вирусын халдвар бүрэн эмчлэгдтэл эмчийн хяналтад байж тогмтол үзүүлж байх ёстой.

Архаг хепатит С
Архаг хепатит С вирустай  үед пегинтерферон рибавирин болон совальди гурвын хавсарсан эмчилгээ хийхийг ДЭМБ-аас зөвлөдѳг. Элэгний С вирусын эмчилгээг зөвхөн эмчийн хяналт дор хийлгэх ёстой.  Үүнээс гадна, элэгний С вирусын халдвартай хүмүүс эмчтэйгээ элэгний хавдрын шинжилгээ өгөх болон элэгний А, B вирусын эсрэг вакцин хийлгэх талаар зөвлөлдөх хэрэгтэй.

Элэгний С  вирустай өвчтөн амьдралын эрүүл хэв маягтай байх шаардлагатай
Элэгний С  вирустай өвчтөнүүд элгээ хайрлаж дараах дэглэм барихыг зөвлөж байна. Үүнд:
Эрүүл зөв хооллох
Дасгал хөдөлгөөн хийх
Ядарсан үедээ амарч байх
Зөвхөн эмчийн санал болгосон эмийг хэрэглэж занших
Архи ба эмээс зайлсхийх
Элэгний эмчид тогтмол үзүүлж байх /хепатологич ба гастроэнтерологич/
Хепатит А ба B вирусын эсрэг вакцинд хамрагдах талаар эмчтэйгээ зөвлөх

Хепатит С вирусын тархалтыг яаж зогсоох вэ?
Хепатит С вирусаас сэргийлэх вакцин одоогоор байдаггүй. Хепатит С вирусын халдвараас сэргийлэх ганц арга бол цусаар дамжих халдварыг зогсоох юм.
Зүү тариурыг дахин хэрэглэхгүй байх
Аюулгүй бэлгийн харьцаанд орох
Шивээс болон бусад арьс салст гэмтээх ажилбар  хийлгэхдээ тоног төхөөрөмжийн ариун байдлыг  хянах
Сахлын хутга, шүдний сойз гэх мэт хувийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх
Хэн нэгний цустай харьцах бол бээлий заавал өмсөх

Эх сурвалж: Eleg.mn


Элэгний С вирус гэж юу вэ   
Үзсэн: 17569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй