Шууд Chart

Хэт таргалалттай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна

2015-11-17 18:29:39

Монгол Улсын 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн 16.5 хувь, харин өсвөр насны хүүхдүүдийн 12 хувь нь таргалалттай гэсэн судалгаа гарчээ. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь эрүүл бус хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний дутагдал гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ эрүүл бус хоол хүнсээ ялгаж мэдэхгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид хэлж байна.

Эхийн сүү бол бага насны хүүхдэд тохирсон хамгийн төгс тэжээл байдаг. Гэтэл манай улсад эхийн сүү орлуулагчаар бараг төрсөн цагаас нь эхлэн хүүхдээ хооллож байна. Уг нь хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох уриалга хэдэн жилийн өмнөөс эхэлсэн.

Хоёрхон жилийн хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жингийн илүүдэл хоёр дахин нэмэгдсэн байна. Үүний гол шалтгаан нь бас л буруу хооллолт. Үдийн цайнд ашиглаж байгаа боорцогны 95 хувь нь транс тос агуулдаг, мөн хэт чихэрлэг, шарсан хайрсан бүтээгдэхүүнийг хүүхдийн хоолонд нийлүүлдэг байна. Энэ бол зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал биш. Дэлхий дээр жил бүр маш олон сая хүн халдварт бус өвчнөөс болж амь насаа алддаг. Халдварт бус өвчний хамгийн гол шалтгаан нь мэдээж таргалалт. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн энэ асуудлыг шийдэхийн тулд хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлж эрүүл мэндийн байгууллагаас гадна хувь хүн өөрийнхөө төлөө эрүүл хүнс сонгох учиртай. Үүнээс гадна эрүүл хүнс болон эрүүл бус хүнсэнд тавих татварын асуудлаар үүнийг зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, эрүүл бус хүнсний татвар өндөр байснаар хязгаарлах боломж бүрдэх юм байна.

Таргалалтад нөлөөлөх бас нэг шалтгаан нь хөдөлгөөний хомсдол. Тиймээс иргэдийг спортоор хичээллэх, гүйж харайх  боломжийг нь бүрдүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай. Тухайлбал, Бразил улс явган хүний замыг олноор тавьснаар иргэд алхаж, гүйж, идэвхтэй хөдөлгөөн хийж эхэлсэн. Энэ мэт энгийн юм шиг хэрнээ асуудлыг шийдэх олон арга байгааг судлаачид хэлж байна.

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт таргалалттай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй