Шууд Chart

Д.Нацагмаа: Манай улсын хүүхдүүдийн 92 хувь нь рахит буюу сульдаа өвчтэй

2015-11-19 14:36:22

Бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог  рахит буюу сульдаа хэмээх  өвчнөөс хэрхэн сэргийлж болох талаар бид  “Mоm`s” эмнэлгийн ерөнхий эмч Д.Нацагмаатай ярилцлаа.

Дан ганц Д аминдэмийн дутагдлаас болж  рахит үүсдэггүй

-Рахит буюу сульдаа гэж юу вэ. Энэ өвчин юунаас болж үүсдэг талаар яриагаа эхлэе?

-Бага насны хүүхдэд тохиолддог сульдаа хэмээх эмгэг нь  300 гаруй жилийн түүхтэй бөгөөд 19-р зуунаас эхлээд  энэхүү эмгэгийн шалтгаан эмгэг жамыг таньж мэдэх эхлэл тавигдаж одоогийн байдлаар юунаас үүдэлтэй, ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдгийг илрүүлээд байна. Рахит буюу сульдаа гэдэг өвчин  хоол  хүнсээр авах кальци, фосфор, уургийн дутагдлаас үүдэлтэй.  Үүнээс гадна Д аминдэмийн дутагдал их нөлөөтэй.  Өөрөөр хэлбэл, бие махбодийн Д аминдэм, кальци, фосфорын солилцоо хямарч ясны эрдэсжилт багассанаас яс зөөлөрч их биеийн араг ясны хэлбэр өөрчлөгдөж хүүхдийн өсөлт хөгжил хоцорч эхэлдэг. Д аминдэм нь ясны бүтцийн гол эрсдлүүд болох кальци, фосфорын солилцоог зохицуулах бөгөөд хоол хүнсээр дамжин биед орсон кальци, фосфорын нарийн гэдэсний ханаар шимэгдэх шимэгдлийг сайжруулдаг. Ингээд цусны урсгалаар ясанд зөөгдөн очих кальци, фосфорын хэмжээг нэмэгдүүлснээр ясны эрдэсжилт бүрэн гүйцэд явагдаж,  мөч ясны мөгөөрсөн хэсэг эрдэсжиж  ясжилтад шилжих нөхцөлийг бүрдүүлдэг.  Кальци нь ясны бат бөх, хатуулаг чанарыг хадгалдаг бөгөөд ясны эрдэсжилтийн байдал нь хоол хүнсээр авч буй Д аминдэмээс гадна кальцийн хэмжээнээс ихээхэн хамаардаг.  

-Энэ өвчнөөр хэдэн настай хүүхдүүд өвчлөх эрсдэлтэй вэ? 

-Энэ өвчинд хоёр сартайгаас хоёр хүртэлх насны бүх хүүхэд өртөх эрсдэлтэй боловч 2-6 сартай хүүхдүүд, дутуу төрсөн нярай, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд ороогүй хүүхдүүд, дан хөхөөр хооллодог хэрнээ Д аминдэм уудаггүй хүүхдүүд өвчлөх эрсдэл хамгийн өндөр байдаг. Дөрөв болон түүнээс дээш насны хүүхдийн дунд хоол хүнсээр авах кальцийн хэмжээ хангалтгүйн улмаас кальци дутлын шалтгаантай рахит ихэвчлэн тохиолддог.

Одоогоор энэ өвчнийг хоол тэжээлийн гаралтай буюу удмын гаралтай, ясны эрдэсжилтийн дутагдал ясны зөөлрөлт гэсэн байдлаар нь авч үзэж байгаа юм. Тэгэхээр рахитын үндсэн шалтгаан нь ясны зөөлрөл буюу ясны эрдэсжилтийн шалтгаан гэсэн үг. Насанд хүрсэн хүнд ч гэсэн хамаатай. Чанар муутай нэг төрлийн хоол идсэнээс хүүхдийн биед орж байгаа кальци, фосфорын хэмжээ багасаж байна аа гэсэн үг. Хоёрдугаарт нарны энерги бүрэн авч чадахгүй чийг, битүү газар байснаас  рахит үүсдэг.

-Тэгвэл нарнаас Д аминдэмийг хэрхэн  авах вэ?  

 -Нарны тусгал хүний бие дээр  45-90 градусаар тусаж байж Д аминдэмийг авдаг. Хамгийн тохиромжтой үе нь зургаа, долоо, наймдугаар сар. Энэ үед 11-15 цагийн хооронд хүүхдээ болон өөрсдийгөө тодорхой хэмжээгээр наранд шарвал Д аминдэмийг авч чадна.  Ингэхдээ арьс бага зэрэг борлотол наранд байх хэрэгтэй. Ингэж байж идэвхгүй Д аминдэмийг идэвхжүүлж авдаг.  Өвлийн улирал  буюу нарны энергиэс Д аминдэм авах боломжгүй үед нэмэлт тунгаар Д аминдэмийг уух ёстой.  Түүнээс гадна гэр орны ариун цэвэр их чухал. 

-Танд үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн хэдэн хувь нь ийм өвчтэй байна. Д аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрхэн хэрэглэх вэ?

 -ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын хүүхдийн  92 хувь  нь сульдаа өвчтэй байна гэж тогтоосон байдаг. Яг идэвхтэй сульдаа өвчтэй хүүхэд гэвэл 45 хувийг эзэлдэг.  Ялангуяа 6 сараас 24  сартай хүүхдүүдэд энэ өвчин тусах  эрсдэл өндөр байдаг. Хэрвээ ээж нь  жирэмсэн үедээ Д аминдэмийг  хэрэглэж байсан юм уу,  хоол хүнсээ зөв хэрэглэж, хоол хүнсээрээ кальци, фосфороо авч байсан бол хөхөөрөө байгаа хүүхэд 6 сар хүртлээ сульдаагаар өвдөх магадлал бага байдаг. Гэтэл яагаад 6-24 сартай хүүхдүүд сульдаагаар өвдөж байна вэ гэхээр хоол хүнсээр авах кальци, фосфороос гадна Д аминдэм дутагдаад байна гэсэн үг.  Тиймээс Д витаминыг  нэмэлтээр зөв зохистой уух ёстой. Дэлхийн эрүүл мэндийн тусламжаар ирдэг Д аминдэм бий. Манайхан өрхийн Д гэж ярьдаг.  Энэ Д аминдэм ганцхан Монголд ч биш хөгжингүй орнуудад бүгдээрэнд нь ирдэг.  Энэ Д аминдэмийг  сард нэгхэн удаа уудаг. Ингэхдээ дутуу төрсөн  нярайд 14 хоногтойгоос,  гүйцэд нярайд 21 хоногтойгоос урьдчилан сэргийлэх тунг заавал өгч байх хэрэгтэй. Гэтэл манай иргэд гурав, дөрвөн сар болсон хойно нь  анхны урьдчилан сэргийлэх тунг өгч эхэлдэг. Д аминдэм авах ёстой хоногоосоо хэдэн  хоног  хоцорсон байна тэр хоногийн тоогоор нөгөө ясанд очиж байгаа кальци, фосфорын солилцоо алдагдаж байдаг.

-Рахит хэмээх энэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

 -Эх  жирэмсэн байх үедээ Д аминдэмийг хангалттай авч байсан бол хүүхэд 6 сар хүртлээ рахитын шинж тэмдэг илрэх нь ховор.  Эх жирэмсэн байх үедээ Д аминдэмээ  хэрэглэж байгаагүй бол хүүхэд сар гаруй болоод рахитийн шинж тэмдэг илэрнэ. Ямар шинж илрэх вэ гэхээр  хүүхэд  тайван биш, уйламхай, унтахдаа зочимтгой,  дух, шилэн хүзүүгээр их хөлөрнө.                                                                                                    

 Шээс үнэртэй болж эхэлнэ. Яагаад хүүхэд нойрон дундаа уйлж сэрээд байна вэ гэхээр кальци ясанд дутагдахаар бүх эрдэсжилт дутагдсан яснууд өвдөж эхэлдэг. Тэгэхээр уйлалгүй яахав. Учир шалтгаан нь үүнд байгаа юм. Тэгэхээр  хүүхдэд ийм шинж илрээд эхэлвэл эмчид хандах хэрэгтэй. Толгой, гар, хөл, өвчүү, хавирганд ясны өөрчлөлт гараад эхэлдэг.  Энэ бол  24 сарын дараа эхэлдэг. 24 сар  дотроо мөгөөрсөн эдтэй хэсгүүдэд хамгийн ихээр сийрэгжилт явагддаг. Тэгэхээр  тэд нарын хэлбэр өөрчлөгддөг. Эцэг, эхчүүд хүүхэд  майга  болчихлоо, Х  хөлтэй болчихлоо, толгой нь данхайчихлаа, том духтай болчихлоо, шувуун цээжтэй болчихлоо гээд байдаг шүү дээ. Ийм шинжүүдэд оруулахгүй байхын тулд  хүүхдээ  14 хоног буюу 21 хоногтойгоос урьдчилан сэргийлэх тунгаа өгөх хэрэгтэй.  Намар 10 сараас хавар 4 сарыг дуустал заавал өгч байх ёстой.  Тэр бүү  хэл, насанд хүрэгсэд, жирэмсэн  эмэгтэйчүүд  Д аминдэмийг заавал авч байх ёстой.  Тэгснээр ясны сийрэгжилт, өвдөг, хөл өвдөхөөс сэргийлж байна гэсэн үг. Ганцхан хүүхдийн ч асуудал биш.   

-Сульдаа өвчний зарим шинж тэмдэг нь тархины даралттай адилхан байдаг гэдэг. Яаж ялгах вэ?

-Маш зөв асуулт байна. Тархины даралттай хүүхэд ялгаа байхгүй уйлна, дагз нь  хөлөрнө, ядарна. Толгой нь өвдөөд байгаа болохоор шөргөөгөөд дагзны үс нь унана. Гэтэл рахиттай хүүхдүүдэд яг энэ шинж илрээд байдаг. Гэхдээ рахитын үед зулай нимгэрдэг. Хавирган дээр хурууны үе шиг юм мэдрэгдэнэ. Хүүхэд маань шээс нь үнэртэй болж болно.  Тархины даралтын үед шээс үнэртэй болохгүй ясанд өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр дур мэдэж эмчилж болохгүй. Нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх ёстой. Тархины даралттай хүүхдүүд хоол, ундандаа муу болоод ирдэг. Тэгэхээр рахитаар өвчлөх магадлалтай болдог. Манайхан хүүхдээ рахитаас сэргийлж байна гээд агаарт гаргаад байдаг.  Энэ бол зөв. Гэхдээ дан ганц агаарт гаргаснаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Агаараас гадна рахит үүсгэх маш олон эрсдэл байгааг дээр ярьсан.  Агаарт гаргахдаа хүртэл зөв гаргаад сургах хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа

Н. Хоролсүрэн


Д.Нацагмаа: Манай улсын хүүхдүүдийн 92 хувь нь рахит буюу сульдаа өвчтэй  
Үзсэн: 5631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-30 00:02
маш хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа.

Бидэнтэй нэгдээрэй