
Өчигдөр Америкийн парламентын төлөөлөгчдийн танхим сүүлийн таван жилийн хугацаанд Ирак болон Сирид очсон хүмүүсийг АНУ-д визгүй нэвтрэхийг хориглох асуудлаар санал хураалаа. Гишүүдийн 407 нь саналыг дэмжиж, 19 нь эсрэг санал өгснөөр энэ журам батлагдсан байна.
Парисын террорист халдлага, мөн Калифорни муж улсын Сан Бернардинод болсон зэвсэгт халдлагаас үүдэлтэйгээр АНУ аюулгүй байдлаа улам чангатгаж байгаа. Үүний хүрээнд батлагдсан шинэ журам хэрэгжиж эхэлснээр Америкт визгүй зорчдог орны иргэд террорист бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ирак, Сири болон бусад оронд ойрын 5 жилийн хугацаанд очсон бол энэ хөнгөлөлтөд хамрагдах эрхгүй, өөрөөр хэлбэл зохих журмын дагуу виз мэдүүлэх шаардлагатай болж байна. Одоогоор 38 улс орон, тэдгээрийн дунд Европын холбооны орнуудын иргэд АНУ-д визгүй зорчдог.
Эдгээр орны иргэдийг нутаг дэвсгэртээ ямар ч хяналт шалгалтгүй нэвтрүүлж байгаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна хэмээн хууль тогтоогчид үзэж, ийм шийдвэр гаргажээ. Парисын халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийн зарим нь Европын холбооны гишүүн орны иргэд байсантай энэ нь холбоотой. Одоогоор Сири, Иракт Исламын улс болон бусад террорист бүлэглэлд Европын улс орнуудын 5000 гаруй иргэд очиж нэгдсэн гэж албаныхан тооцоолж байгаа юм.
АНУ-д визгүй зорчих эрхийг хязгаарлана | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.