Шууд Chart

Сирийн бүслэлтэд байсан хот, тосгодод тусламжийн цуваа очжээ

2016-01-12 16:45:48

Сирийн олон сарын турш бүслэлтэд байсан хот, тосгодод тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан цуваа хүрч очсон байна. Ливаны хилтэй ойролцоо орших Мадая нэртэй хотод тусламжийн цуваа нэвтрүүлэх талаар дайтагч талууд зөвшилцөлд хүрсэн, энэ хүрээнд тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүргэж эхэлсэн тухай НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг мэдээлсэн байна.

Бүслэлтэд байх үеэрээ Мадая хотын олон арван хүн өлсгөлөнгөөс, мөн эмнэлгийн зохих туслалцаа авч чадаагүйгээсээ үүдэн амь насаа алдсан байна. Нийгмийн цахим сүлжээгээр эцэж турсан тус хотын иргэдийн зураг түгснээр энэ асуудал олон нийтийн анхааралд өртөж эхлээд байна. Нутгийн зарим иргэн өлсгөлөнгөө дарахын тулд навч идэн, голоо зогоож байсан тухай зарим гэрч мэдээлж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн исламын шашны шийт урсгалыг дагагчид голлон амьдардаг Фуа болон Кафрая гэх хоёр тосгонд мөн тусламжийн цуваа нэвтэрсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Эдгээр тосгон нь Сирийн баруун хойд хэсэг дэх Идлиб мужид оршдог юм. Тусламжийн цуваанд тээвэрлэж яваа ачааг босогчдын цэргүүд шалгасны дараа тосгонууд руу нэвтрүүлсэн байна. Мадая хот Сирийн Засгийн газрыг дэмжигч цэрэг хүчнийхэнд бүслэгдсэн бол Идлиб муж дахь хоёр тосгон босогчдын бүслэлтэд орсон байжээ. Дамаскт ажиллаж байгаа НҮБ-ын ажилтны мэдээлснээр Мадая хотод хоол хүнс, эм тариа ачсан нийт 44 ачааны тэрэг очсон байна.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн тооцоогоор тусламжийн бараа бүтээгдэхүүнийг тараах ажиллагаа хэдэн өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Сирийн Засгийн газар Мадая хотод тусламжийн цуваа нэвтрүүлэхийг өнгөрсөн пүрэв гарагт зөвшөөрчээ. НҮБ энэ сарын 25-нд Швейцарийн нийслэл Женев хотноо Сирийн Засгийн газар болон босогчдын хооронд энхийн яриа хэлэлцээг өөрийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тус яриа хэлэлцээ нь Сирийн хямралыг эцэслэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж олон улсын зүгээс найдаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн бүслэлтэд байсан хот, тосгодод тусламжийн цуваа очжээ  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй