Шууд Chart

АНУ Өмнөд Солонгост стратегийн зэвсэг техникээ нэмж байршуулж магадгүй

2016-01-12 16:59:27

Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан гэх мэдэгдэлтэй холбогдуулан Өмнөд Солонгост АНУ-ын стратегийн зэвсэг техникийг нэмж байршуулах талаар хоёр орон хэлэлцэж байна. Өмнө нь АНУ-ын Би-52 бөмбөгдөгч онгоц өнгөрсөн ням гарагт хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсээс ердөө 70 гаруй км-ийн зайд орших Өмнөд Солонгосын Усань агаарын цэргийн бааз дээгүүр нислэг үйлдэж, Умардын өдөөн хатгалгад зохих ёсоор хариу барина, үүнд Өмнөд Солонгосын холбоотон АНУ бүх нөөц бололцоогоороо тусална гэдгийг хоёр орны цэргийн дээд албан тушаалтнууд мэдэгдээд байсан. Энэ хүрээнд АНУ стратегийн зэр зэвсгээ Өмнөдөд нэмж байршуулах яриа хэлэлцээ өрнөж байна.

Гэхдээ АНУ Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байрлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Харин Би-2 бөмбөгдөгч онгоц, цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцууд болон Эф-22 байлдааны онгоц зэргийг илгээж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын Батлан хамгаалах яам энэ талаар тодруулга хийхээс татгалзлаа. 1991 онд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Жорж Даблью Буш Өмнөд Солонгост байрлуулсан цөмийн зэвсгээ эргүүлэн татахаар шийдвэрлэсэн байдаг.

Хэрэв АНУ тус улсад цөмийн зэвсгээ дахин байршуулбал хоёр Солонгос зэвсэглэлээр хөөцөлдөж, улмаар Солонгосын хойг дахь нөхцөл байдал улам хурцдаж магадгүй гэж ажиглагчид зовниж байгаа юм. Өмнөд Солонгосын тал Умардыг дахин гэнэтийн өдөөн хатгасан үйлдэл хийж магадгүй гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын төлөөлөгчид маргааш АНУ, Японы талуудтай уулзаж, Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаны хариуд авах зохих арга хэмжээний талаар хэлэлцэхээр болсон байна.

Мөн нөгөөдөр Өмнөд Солонгосын төлөөлөгчид Бээжинг зорьж, Хятадын талтай энэ талаар яриа хэлэлцээ хийх юм байна. Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаны дараа Өмнөд Солонгос, Япон хоёр улс цэргийн шууд утсаа анх удаа хэрэглэсэн байна. Ингэснээр Умардын үйлдэл тус хоёр орны холбоо харилцааг улам ойртон нягтрахад хүргэлээ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Хоёр Солонгосын хамтарсан Кэсон аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг хязгаарлахаар Өмнөд Солонгосын тал шийдвэрлээд байна. Тус аж үйлдвэрийн паркад Өмнөд Солонгосын үйлдвэрүүд Умард Солонгосын ажилчдыг хөлслөн ажиллуулдаг. Иймээс Умардын эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулдаг гэж үздэг юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ Өмнөд Солонгост стратегийн зэвсэг техникээ нэмж байршуулж магадгүй  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй