
Умард устөрөгчийн бөмбөг туршсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын иргэдийн дунд Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн нэр хүнд өссөн байна. Сүүлийн таван долоо хоногт түүний нэр хүндэд анх удаа ахиц гарсан нь энэ юм. Ерөнхийлөгч Пак Гын Хе Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдсэний хариуд хатуу чиг шугам бүхий бодлого баримталж, шуурхай, шийдэмгий арга алхмууд авч хэрэгжүүлэн, Умард Солонгосын чигт чанга яригчийн нэвтрүүлгээ сэргээсэн юм.
Гэхдээ түүний нэр хүнд өссөн явдал нь Умардын дуулиан шуугиантай холбоотой түр зуурын үзэгдэл гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн Өмнөд Солонгосын сөрөг хүчний зарим нам Пак Гын Хе-гийн явуулж байгаа бодлого Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаахад төдийлөн дорвитой үр дүн авчрахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Умард Солонгосын талаар баримталж байгаа бодлого нь устөрөгчийн бөмбөг туршсан явдлыг эрс эсэргүүцэн, дургүйцэж байгаагаа илэрхийлэх, гэхдээ энэ явцдаа Умардтай дахин яриа хэлэлцээ эхлүүлэх боломжийг үгүй хийхгүй байхад чиглэж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.
Умард устөрөгчийн бөмбөг туршсан гэх мэдэгдэл цаашид Пак Гын Хе-гийн төдийгүй түүний харьяалагддаг эрх баригч намын нэр хүндэд эергээр нөлөөлж, улмаар тус нам ирэх дөрөвдүгээр сард товлогдсон парламентын сонгуульд ялалт байгуулах магадлалыг нь нэмэгдүүлж магадгүй гэж зарим ажиглагч таамаглаж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн нэр хүнд өсчээ | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.