Шууд Chart

Германаас Австри руу буцааж байгаа цагаач дүрвэгчийн тоо нэмэгджээ

2016-01-12 17:15:23

Шинэ оноос эхлэн Герман улс Австри руу буцаан шилжүүлж байгаа цагаач дүрвэгчийн тоо улам өсөх хандлагатай болсныг Австрийн цагдаа нар мэдээлсэн байна. Эдгээр цагаач дүрвэгчийн зарим нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар буцаагдсан бол үлдсэн хэсэг нь Германд биш, Скандинавын орнуудад орогнол эрэх хүсэлтэй учраас Австри руу буцжээ.

Түүнчлэн Герман улс Сирийн дүрвэгчдэд орогнол олгоход нааштай хандаж байгаатай холбоотойгоор Австри руу буцаагдсан цагаач дүрвэгчийн олонх нь Сири бус, Афганистан, Марокко, Алжир зэрэг орны иргэд байгааг холбогдох албаныхан онцолж байна. Германы Кьёлн хотод гарсан халдлагаас үүдэлтэйгээр тус улсын канцлер Ангела Меркелийн засаг захиргааны баримталж байгаа нээлттэй хаалганы бодлогыг шүүмжлэх үзэл газар аваад байгаа юм. Герман Австри руу буцаах цагаач дүрвэгчдийн тоо 2016 он гарсны дараа эрс нэмэгдсэн нь ч энэ шалтгаанаас улбаатай гэж ажиглагчид дүгнэж байна.

Австрийн цагдаа нарын мэдээлснээр 12 дугаар сард Германаас Австри руу 60 цагаач дүрвэгчийг буцаасан бол энэ сард дээрх тоо 200 болж өссөн байна. Цагаач дүрвэгчид Швед улсыг мөн олноороо зорьж байгаа. Иймээс тус улсын эрх баригчид цагаач дүрвэгчдийн урсгалыг хязгаарлахын тулд Данитай залгаа хилийнхээ хяналт шалгалтыг чангатгасан байна. Энэ хооронд Германы Кьёлн хотод болсон цуврал халдлагуудыг цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр 19 сэжигтнийг мөрдлөг шалгалтад хамруулж байгаа. Эдгээр сэжигтний 14 нь Марокко, Алжирын иргэд юм байна. Мөн сэжигтнүүдийн 10 нь Германд орогнол хүссэн бол ес нь өнгөрсөн есдүгээр сард болон түүнээс хойш Германы хилээр нэвтэрчээ. Одоогоор Кьёлнд шинэ оны баярын шөнө болсон халдлагад өртсөн гэх гомдлын тоо 500 давсан, эдгээрийн 40 хувь нь бэлгийн халдлагад өртсөн гэх агуулгатай байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Германаас Австри руу буцааж байгаа цагаач дүрвэгчийн тоо нэмэгджээ  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй