Шууд Chart

Эрдэмтэд 4.5 тэрбум жилийн настай солирын хэлтэрхий илрүүлжээ

2016-01-12 17:40:47

Австрали улсын Өмнөд Австрали мужид 1.7 кг жинтэй солирын хэлтэрхий унажээ. Энэхүү солирын хэлтэрхий нь 4.5 тэрбум жилийн настай, өөрөөр хэлбэл, дэлхий үүсэхээс ч өмнө оршин байсан байх магадлалтай гэж эрдэмтэд таамаглаж байна. Австралийн баруун болон өмнөд хэсэгт суурилуулсан ажиглалтын 32 камерын тусламжтайгаар энэхүү солирын хэлтэрхийг унасан тухай эрдэмтэд анх олж мэджээ. Тус камерууд солирын хэлтэрхий унасан байршлыг дөхүүлэн тодорхойлж, улмаар эрдэмтэд нутгийн ард иргэдийн тусламж дэмжлэгтэйгээр солирын хэлтэрхийг амжилттай илрүүлсэн байна. Энэхүү солирын хэлтэрхийн чулуулгийн бүтцийг харгалзан үзвэл тус солир нарны аймаг үүссэн үетэй зэрэгцэн үүссэн байж болзошгүй аж.

Кёртин их сургуулийн эрдэмтэн, геологич Фил Блэнд "Энэ төрлийн солир ихэвчлэн 4.5 тэрбум жилийн настай байдаг. Бид энэ солирын хэлтэрхийг Ангараг болон Бархасбадь гарагийн орчмоос ирсэн болов уу гэж таамаглаж байна. Энэ солир дэлхийн гадаргыг шүргэн унасан. Хэрэв жаахан л зөрсөн бол солирын хэлтэрхий дэлхийн гадарга дээр тогтож үлдэхгүй байсан" хэмээн солирын хэлтэрхийн талаар танилцуулахдаа хэлжээ.

АНУ-ын Сансар судлалын НАСА агентлаг болон Японы Жакса зэрэг агентлагууд нарыг тойрон эргэдэг бага гарагууд руу судалгааны төхөөрөмжөө илгээн, гадаргаас нь дээж авчрахын тулд их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Харин энэ удаад эрдэмтдийн илрүүлсэн тус солирын хэлтэрхийг сайтар судлан шинжилж, нарны аймгийн аль хэсгээс ирснийг нь тогтоож чадвал эдгээр агентлагуудын төлөвлөж байгаагаас харьцангуй бага хөрөнгөөр бага гарагуудын талаар мэдээлэл цуглуулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Шинэ он гарах шөнө Австралийн судалгааны багийнхан солирын хэлтэрхийг газраас ухаж гаргасан байна. Тус бүс нутагт үүнээс гадна солирын 10 гаруй хэлтэрхий унасан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглан, хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эрдэмтэд 4.5 тэрбум жилийн настай солирын хэлтэрхий илрүүлжээ  
Үзсэн: 2040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-01-12 22:20
баярын мишээл ажиллагаа юм биш үү

Бидэнтэй нэгдээрэй