Шууд Chart

Турк улсад террорист халдлага болж, 10 хүн амь үрэгджээ

2016-01-13 12:59:54

Өчигдөр Туркийн Истанбул хотноо амиа золиослогч этгээд халдлага үйлджээ. Истанбул хотын түүх дурсгалын үнэт өв бүхий хэсэгт болсон энэхүү халдлагад 10 хүн амь үрэгдсэний олонх нь Германы иргэд байжээ. 

Үүнээс гадна халдлагын үеэр 15 хүн гэмтэж, шархаджээ. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу тус халдлагад "Исламын улс" бүлэглэлийг буруутгалаа. Тэрээр "Бид халдлага үйлдсэн этгээд "Исламын улс" бүлэглэлийн дайчин болохыг илрүүлсэн. Турк улс "Исламын улс" бүлэглэл, мөн бусад алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ шийдэмгий, тууштайгаар үргэлжлүүлэх болно" хэмээн мэдэгдсэн. Түүний өгсөн мэдээллээр амиа золиослогч этгээд Сириэс саяхан Турк улсад очсон, гэхдээ алан хядагч бүлэглэлтэй холбоотой гэх сэжигтнүүдийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан байна. Өчигдрийн халдлагад амь үрэгдсэн 10 хүний 9 нь Герман, нэг нь Перугийн иргэн байсан тухай эдгээр улсын Турк дахь Элчин сайдын яамд мэдээллээ. Тэсрэх бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчийн цогцсоос дээж авч шинжилсний үндсэн дээр холбогдох албаныхан энэ хүн 1988 онд төрсөн, Сирийн иргэн болохыг тогтоосон байна. Энэ хэрэг явдалтай холбогдуулан Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж, эмгэнэл илэрхийлжээ.

Тэрээр алан хядагч бүлэглэлүүдийг Сири, Турк, Франц, Герман төдийгүй хүн төрөлхтөн, эрх чөлөөт хүн бүрийн заналт дайсан гээд эдгээр бүлэглэлийн эсрэг тэмцлээ Туркийн адил улам эрчимжүүлэхээ амлажээ. Хэдийгээр Туркийн эрх баригчид Истанбулд амиа золиослон, тэсрэх бөмбөг дэлбэлсэн этгээдийг "Исламын улс" бүлэглэлийн дайчин байсан гэж үзэж байгаа ч одоогоор халдлагын хариуцлагыг аль ч бүлэглэл албан ёсоор өөртөө хүлээгээгүй байна. Турк улсад өмнө нь исламын шашны хэт даврагчдаас гадна хэт зүүнийг баримтлагчид болон курдын босогчид халдлага үйлдэж байсан удаатай юм.

Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган терроризмын эсрэг улс орон нь эв санаа нэгтгэн тэмцэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Турк улсад террорист халдлага болж, 10 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй