
АНУ-ын Конгрессийн доод танхим болох Төлөөлөгчдийн танхим Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбогдуулан нэмэлт хориг арга хэмжээ тогтоох хуулийн төслийг хэлэлцэн өчигдөр баталжээ. Тус хуулийн төслийг батлах эсэх тухай санал хураалтад Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдын олонх нь буюу 418 нь дэмжиж, харин хоёр нь эсрэг санал хураалгасан байна.
Умардын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны эхээр танилцуулсан боловч өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан тухайгаа зарласны дараа л тус хуулийн төслийг батлах эсэх асуудлаар санал хураахаар болжээ. Улмаар өнгөрсөн даваа гарагт энэ тухай санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийн хүсэлтээр өчигдөр болгож хойшлуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгрессийн нэгдсэн хуралдаанд өөрийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн илгээлтээ сонордуулахтай холбогдуулан тус намынхан ийм санал оруулжээ. Улмаар өчигдөр Умардын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөх хуулийн төслийг хэлэлцэх явцад Бүгд Найрамдах намын нэр нөлөө бүхий гишүүд Умардын цөмийн хөтөлбөрийг таслан зогсоох талаар Обамагийн засаг захиргаа үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадаагүй хэмээн эрс шүүмжилсэн байна. Энэ удаагийн нэмэлт хориг арга хэмжээгээрээ АНУ Умард Солонгост үзүүлэх санхүү, эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Энэ тухай хуулийн төсөл одоо Сенатын танхимаар хэлэлцэгдэн батлагдаж, мөн Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох юм.
АНУ Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.