
АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөх талаар хэлэлцэж байх зуур Умардын удирдагч Ким Чен Ун улсынхаа цөмийн хөтөлбөрийн цар хүрээ, хүчин чадавхийг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Энэ тухай тус улсын төрийн мэдлийн төв телевиз уламжилжээ. Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос цөмийн бөмбөгийн дөрөв дэх туршилт, харин тус улсын мэдэгдэл үнэн бол устөрөгчийн бөмбөг анх удаа туршсан явдал болох юм. Гэхдээ АНУ болон бусад орны шинжээчид Умард үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан гэдэгт эргэлзсэн байр сууринаас хандсан хэвээр байна.
Умард Солонгос туршилт хийх үеэр 5.1 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн нь өнгөрсөн 2013 онд тус улс цөмийн туршилт хийх үед болсон газар хөдлөлттэй ойролцоо байгааг ажиглагчид онцолж байна. Иймээс энэ удаад Умард цөмийн бөмбөгөөс хэд дахин илүү хүчин чадалтай гэгддэг устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршсан гэхээсээ илүү цөмийн бөмбөг дахин туршсан болов уу гэж шинжээчид дүгнэж байна.
Харин энэ үеэр Умардын удирдагч цөмийн хүчин чадавхиа дахин нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын төв телевизэд мэдээллээ. АНУ тэргүүтэй империалистууд БНАСАУ-ын бүрэн эрхт байдалд заналхийлж, өдөөн хатгасан үйлдэл хийсэн нөхцөлд тэдний эсрэг хэзээ ч, хаана ч цөмийн цохилт хийх чадвартай болохын тулд цөмийн хөтөлбөрийнхөө цар хүрээ, чанарыг нэмэгдүүлэх уриалгыг манай удирдагч Ким Чен Ун гаргалаа.
Энэ хүрээнд Умард Солонгос илүү хүчин чадавх бүхий устөрөгчийн бөмбөг бүтээх зорилт тавьж ажиллана гэдгийг тус улсын төв телевиз уламжилсан байна. Хятадын шинжээчид Умардыг 20 орчим тооны цөмийн цэнэгт хошуутай, улмаар 2016 он гэхэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхэд хангалттай хүрэхүйц уран боловсруулах хүчин чадавхтай болохыг анхааруулсан талаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Уолл Стрит сэтгүүлд мэдээлж байсан юм. Харин АНУ тухайн үед Умард Солонгост 10-16 тооны цөмийн цэнэгт хошуу бий болов уу гэж таамаглаж байжээ.
Ким Чен Ун цөмийн хөтөлбөрийнхөө цар хүрээг нэмэгдүүлэхийг уриалжээ | ||
Үзсэн: 1577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.