Шууд Chart

Цасан нурангид дарагдан 3 хүн амь үрэгджээ

2016-01-15 11:20:56

Альпийн нуруу найман орныг дамнан үргэлжилдэг. Тэгвэл тус нурууны Францад орших хэсэгт цасан нуранги болж, энэ үеэр цанын баазад гулгаж байсан сургуулийн насны хоёр хүүхэд, мөн Украины нэг жуулчин амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Үүнээс гадна хоёр сурагч, нэг багш цасан нурангид дарагдаж, ноцтой гэмтэл авсан байна. Цасан нуранги болсон гэх мэдээллийн дагуу 60 гаруй хүнээс бүрдсэн эрлийн баг хүрэлцэн ирж, дөрвөн нисдэг тэрэг, үнэрч нохой зэргийн тусламжтайгаар аврах ажиллагааг шуурхай явуулжээ. Үүний үр дүнд хоёр хүүхэд зүрх нь зогссон байдалтай олдсон ч  яаралтай тусламж үзүүлсний дүнд тэдний амийг аварсан байна. Тухайн бүсэд цанаар гулгаж байсан бусад хүмүүсийн буруугаас болж уулын цас нурсан байж магадгүй гэж гэрчүүд ярьсан байна. Аврах багийнхан цасанд дарагдсан бүх хүнийг олж илрүүлээд байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү харамсалтай мэдээг сонссоныхоо дараа амь насаа алдсан хүүхдүүд болон Украины жуулчны ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлжээ. Амь үрэгдсэн хоёр сурагч “Бяцхан хунтайж” гэх зохиолоороо алдартай Францын шүлэгч, зохиолч Сент Экзюперигийн нэрэмжит ахлах сургуульд суралцдаг байжээ. Үүнтэй холбогдуулан Франц улсын боловсролын сайд Лион хотод очиж, тус сургуулиар зочлохоор болсон байна. Цасан нуранги Ле Дез Альп нэртэй цанын баазын эзэмшил дэх хэсэгт болсон. Тус цанын баазын зохицуулагчийн хэлснээр нуранги үүссэн цанын зам нь хойд зүг рүү харсан, мөс ихтэй, цанаар гулгахад хүндрэлтэй газар байжээ.

Мөн ойрын өдрүүдэд тус бүс нутгаар цас их орсноос үүдэн цас нурах эрсдэл нэмэгдсэн гэж орон нутгийн засаг захиргааныхан мэдэгдсэн байна. Шинэ он гарснаас хойш Альпийн нурууны Францын нутаг дэвсгэрт орших хэсэгт Литвын хоёр, Испани, Чехийн тус бүр нэг иргэн цасан нурангид дарагдаж, амь насаа алдаад байгаа юм. Иймээс тус улсын эрх баригчид цанаар гулгагчид болон уул, нуруунд яваа бусад хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулаад байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Цасан нурангид дарагдан 3 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй