Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгсчээ

2016-01-21 11:11:33

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй болох Японы иргэн Ясутара Коидэ таалал төгсчээ. 112 настай түүний эмчлүүлж байсан Нагоя хотын эмнэлгийн төлөөлөгчид энэ тухай мэдээлсэн байна. Тэрээр зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан байна. 

1903 оны гуравдугаар сарын 13-нд Фукуи мужийн Цуруга хотод төрсөн энэ хүн 107 насандаа Нагояд нүүж ирсэн гэдэг. Насан эцэс болтлоо тэрээр эрүүл мэндтэй холбоотой ямар ч онцын зовиургүй, харааны шил хэрэглэхгүйгээр ном, сонин уншиж чаддаг байжээ. Коидэ гуай өнгөрсөн оны наймдугаар сард буюу түүний эх орон нэгт Сакари Момоиг нас нөгчсөний дараа дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Япон бол хүн амынхаа дундаж наслалтаар дэлхийд хамгийн дээгүүрт ордог улс. Тус улсын эрэгтэйчүүд дунджаар 80.5 жил насалдаг бол, эмэгтэйчүүд нь 86.83 насалдаг. Японы 80-аас дээш настай өндөр настнуудын тоо өнгөрсөн онд тус улсын түүхэнд анх удаа 10 саяас дээш гарсан юм. Харин 65-аас дээш насныхан 34.8 саяд хүрчээ. Тэд хамтдаа Япон улсын нийт хүн амын 26.7 хувийг бүрдүүлж байгаа нь мөн л тус улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар одоогийн чиг хандлага хэвээр үргэлжилсэн нөхцөлд 2040 он гэхэд тус улсын 65-аас дээш насны хүмүүсийн хүн амын дунд эзлэх хувь 36 хувиас дээш гарах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгсчээ  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй