
ГХЯ-наас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-ийн ээлжит хэвлэлийн хурал нэгдүгээр сарын 26-нд болж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны Д.Ганхуяг АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээллээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд АСЕМ-ын талаар товч танилцууллаа. Ази-Европын уулзалт нь анх 1996 онд 26 орны гишүүнтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд Европын 30, Азийн 21 улс, АСЕАН, ЕХ-г эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт нь Ази Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний механизм юм.
Монгол Улс 2008 онд Бээжинд чуулсан Дээд хэмжээний 7 дугаар уулзалтаар АСЕМ-д элссэн, тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол идэвхитэй оролцож ирсэн учраас Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг 2014 онд авсан. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсаа эерэгээр сурталчилж, олон улсад нэр хүндээ өсгөхийн сацуу гадаадаас хөрөнгө оруулалт, тусламж татах боломжийг нэмэгдүүлэх юм гэж Д.Ганхуяг дарга мэдээлэлдээ онцоллоо.
Улаанбаатарт болох АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалт энэ оны 7 дугаар сарын 15-16-нд зохиогдоно. Уг уулзалтын хүрээнд дагалдах 9 хурал болох бөгөөд хамгийн эхний хуралдаан 4 дүгээр сарын сүүлээр зохиогдохоор тов тодроод байна.
Энэ удаагийн арга хэмжээ АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд манай улс зохион байгуулагч орны хувьд уг ойг тэмдэглэх үүргийг давхар хүлээж байна. 20 жилийн ойг Чингисийн талбайд тэмдэглэх бөгөөд энэ үеэр урлаг соёлын цогц арга хэмжээ зохиохоор бэлтгэж байна. Уулзалтын төгсгөлд өнгөрсөн 20 жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх 20 жилд баримтлах үйл ажиллагааны талаар “Улаанбаатарын тунхаглал” гаргах аж.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл Ерөнхий сайдын удирдлагад ажиллаж байгаа бөгөөд 6 ажлын хэсэгтэй. Аюулгүй байдал-ёслол улсын хил нэвтрэх, Байр-зочид буудал, Зохион байгуулалт-баримт бичиг, Зам тээвэр-харилцаа холбоо, Хэвлэл мэдээлэл-сурталчилгаа, Үйлчилгээ-соёл урлаг хариуцсан ажлын хэсэг тус бүр өөрсдийн чиг үүргийн дагуу бэлтгэл ажлыг гүйцэтгэж, Үндэсний зөвлөлд танилцуулах байдлаар ажиллаж байна.
АСЕМ-ын уулзалтын талаар олон нийтэд тогтмол мэдээлэл өгөх зорилгоор Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн байранд мэдээллийн төв байгуулахаар ажиллаж байна. Мөн АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулахаар сонгогдсон 47 зочид буудалд хөнгөлөлттэй зээл олгож, тохижилт, үйлчилгээгээ сайжруулах боломж олгож байгаа юм.
Мэдээллийн төгсгөлд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. АСЕМ-ын санхүүжилт, хөрөнгө оруулалт, зохион байгуулалттай холбоотой асуултууд түлхүү асуусан бөгөөд АСЕМ-ын уулзалтад зориулж улсын төсвөөс 20 тэрбум төгрөг төсөвлөсөн, үүнийг зочид төлөөлөгчдийн бүртгэл, аюулгүй байдлыг хангах, дэд бүтэц, тээвэр зэрэг асуудлыг шийдэхэд зарцуулна. Харин шинээр барьж буй “АСЕМ Вилла” хотхон, уулзалтын үеэр хэрэглэх автомашинууд зэргийг хувийн хэвшлийн хөрөнгөөр шийдэж байгаа ба төр засгийн зүгээс татвар, зөвшөөрөлтэй холбоотой дэмжлэг үзүүлж байгаа гэх зэргээр хариулт өглөө.
“АСЕМ бол хөрөнгө оруулалт татах, Монгол Улсаа эерэгээр сурталчлах боломж” | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.