
“Eagle News” телевизийн олон улсын тоймч, сэтгүүлч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сири улс дахь нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар явсан. Тэднийг албан ажлаа өндөрлөж нутаг буцах үеэр нь facebook хуудсаар цөөн хором хөөрөлдсөн юм.
-Юун түрүүнд зорьсон ажил тань амжилттай өндөрлөх гэж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Бид яваад л байна. Та хэд минь сайн сууж байна уу?
-Төрийн ордны орчимд буун дуу гарсныг эс тооцвол бид сайн сууж байна. Та хоёрыг Сирийн хилийг давахаас эхлээд сэтгэл түгшүүртэй байлаа?
-Үнэхээр тийм гэж үү. Бид тэр бүр утас, интернэтийн сүлжээтэй газар байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Уучлаарай. Нээрээ л олон хүмүүс дэмжиж байгаа бололтой. Одоо л мэдээлэл авч байна.
-Сирийн хилийг анх давахад амаргүй л байсан байх. Хэрхэн амжилттай давж чадав? Мөн сансарын зүг чиг заагч болон газрын зураг их дэм болсон байх даа?
-Таны хэлж байгаа үнээн. Энэ бүхэн тийм амар байгаагүй. Эхний хэдэн оролдлого маань ч "бүтэлгүйтэж" байлаа. Авч гарсан хиймэл дагуулын сүлжээ, орон зай мэдрэгч багаж л тус боллоо. Уг нь нэг газрын зураг авсан л даа. Гэвч бид хулхидуулсан байна лээ. Шал худлаа зураг байсан. Бүр огт байхгүй нэр хүртэл гараад ирсэн.
.jpg)
-Хоёр 7 хоногийн турш битгий хэл хоёр ч хоног дайны бүсэд байна гэдэг хэцүү шүү дээ. Энэ талаар?
-Сэтгүүлч, зураглаач хүний хүсэл, зориг гээд нээх "мундаг" зүйл яриад яахав ээ. Өмнө нь ч гэсэн дэлхийн халуун цэгүүдэд манайхаас хүмүүс очиж л байсан байх. Харин яг дайн болж байхад нь очсон эсэхийг хэлж мэдэхгүй нь. Юутай ч хүн гээч амьтанд нэг тийм "адын хүсэл" нуугддаг бололтой. Хангалттай мэдээ, дүрс авчихаад л цааш шунан дурлаад байдаг. Эхлээд нэг нь нөгөөгөө хориглож байгаа ч гэсэн. Ээ одоо болноо. Цаадуул буудчихвал яана гээд л... Гэхдээ хэсэг хугацааны дараа аль "уже" бараг уралдаад гүн рүү нь орчихсон байгаа юм биш үү бид хоёр.
-Гадны хэвлэл мэдээллийн мэдээг бус өөрийн орны сэтгүүлчийн амьд мэдээ мэдээллийг үзнэ, сонсоно гэхээс сайхан санагдаж байна шүү?
-Үнэхээр та өнөөгийн бодит байдлыг хэлэх шиг боллоо. Хэдий хүртэл бид зөвхөн Сири гэлтгүй дэлхийн олон тулгамдсан асуудлыг барууны "толгой угаасан" мэдээллээр хүлээн авч явах вэ дээ. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэд та бид шуурхай, үнэн, тэнцвэртай мэдээлэл авах эрхтэй. Бид хоёр Сирийг зорьсноос хойш цөөнгүй мэдээ, мэдээллийг чадах ядахаараа хүргэхийг хичээлээ. Тэр дундаа Фэйсбүк сүлжээг ашиглан мэдээ, нийтлэл постолж байсан. Ихэнх нь сонин, сайтуудаар гарсан гэж дуулсан шүү. Тэгээд ч удахгүй очоод Сирид ажилласан тухай цуврал нэвтрүүлэг болон нийтлэл бичихээр ханцуй шамлан ажилдаа орох болно.
-Дайны бүс нутагт бүтэн нойртой хонож чадав уу?
-Иргэний дайнд "талхилагдсан" Сири улс биднийг зүгээр нэг инээгээд угтахгүй гэдгийг хэн хэн маань мэдэж байсан. Анх дамжин өнгөрөх гээд Туркийн Стамбулд буухад нөхцөл байдал төвөгтэй байгааг ажигласан. Нойргүй хонох тухай энд маш энгийн зүйлдээ орох болов уу. Тиймдээ ч сэтгэл зүйн бэлтгэл зайлшгүй шаардлагатай. Яг үнэндээ тэгж бэлтгэгээд очсон зүйл байхгүй хоёр биендээ урам өгөөд, харилцан ярилцаж, нөгөөхөө сонсож байж л тэр уур амьсгал бий болдог юм шиг санагдсан.
.jpg)
-Өөрөө олон улсын мэдээг тэр тусмаа Сири улстай холбоотой мэдээг явахаасаа өмнө бэлтгэн хүргэдэг байсан. Газар дээрээс мэдээлэл бэлтгэхэд ямар байна?
-Баярлалаа. Сайхан асуулт байна. Хэрвээ санаж байгаа бол миний бие Сирид анх “Арабын хавар” хэмээх хөдөлгөөн дэгдэхэд л үйл явдлын мэдээг цаг тухайд нь өгдөг байлаа. Үдэш хөтөлдөг 30 минутын олон улсын тойм хөтөлбөр заримдаа ганцхан Сирийг онцлох тохиолдол ч цөөнгүй байсан. Одоо тэр дугаарууд минь бүгд байдаг юм. Хожим үзэхэд сонин байх болов уу. Студэд болон бодит байдал хоёр мэдээж тэс "өөр" ертөнц. Аврал ирэх хүүхэд, хоол гуйх эмэгтэй, буу агсах залуу, сум исгэрэх чимээ, бөмбөг тэсрэх нүргээн зэргийг дүрснээс харж сонсож байлаа. Харин бодит байдал төсөөлж байснаас минь ч илүү аюултай бас сонирхолтой байсан. Сонирхол гэдгийг илүү ихийг мэдрэхийг хүссэн тэмүүлэл гэж ойлгоорой.
-Турк жолооч, зураглаач та гурав үнэхээр галт зэвсэгтэй явж байсан юм уу. Фээсбүүк дэхь нэгэн зурагнаас чинь тэгж ойлгосон?
Тийм ээ. Тэр үнэн. Уг нь энэ талаар бид бусдад дэлгэхгүй байхаар ярилцсан ч "чадсангүй", сонирхуулах үүднээс тэрхүү буу агссан зурагаа хувийн фэйсбүк хуудсанд оруулчихсан юм.
-Тэгэхээр гарцаагүй тохиолдолд хэрэглэхээр байжээ гэж ойлгож болох уу?
-Сирийн хилийг нэвтрэхээс өмнө зайлшгүй өөрсдийн аюулгүй байдлаа бодож буу зэвсгээр хангах ёстой гэдгий нутгийн иргэд бидэнд хэлж, ярьж, учирлан зөвлөсөн юм. Мэдээж тийм хүйтэн зэвсгийг ил зараад байдаггүй. Холбоо, сүлбээтэй хүмүүсээр яриулж гурван ширхэг буу авсан. Тийм үнэтэй биш ч бас хямд биш. Бас болоогүй ээ 120 ширхэг сумны хамт авсан санагдана. Юутай ч тэдгээр зэвсэг бидэнд хэрэг болсон. Тэгээд л тэр...
.jpg)
-Нууц биш бол хэдээр авсан юм. Буугаа одоо хүртэл биетэй авч яваа юу?
-Тэр талаар ярих нь зохисгүй хэрэг. Бууг Сирийн хил гараад авсан үнээсээ хэд дахин хямд "өгчихсөн". Тэнд буу зэвсэг маш их хэмжээгээр зарагддаг. Нийлүүлэлт сайн учраас олдоц ихтэй. Гэхдээ шууд зараад байхгүй. Авсан буугаа эргүүлээд зарах хэцүү юм билээ. Ихэнх хүмүүс Сирид нь "үлдээхгүй" яасан юм гэж байсан. Ямар ч байсан бид буугаа үлдээсэн.
-Мэдээж мэдээллийг бодитой хүргэх үүднээс аль аль талын цэрэг, дайчидтай таарч, уулзаж яриа авсан байх. Тулаад уулзахад хүнийхээ хувьд ямар хүмүүс байх юм?
-Та яг аль хүмүүсийн талаар асууж байна, Сири хүн үү?
-Сирийн Ассадын цэргүүд болон босогчид аль аль нь гэхүү дээ?
-Эхлээд бага зэрэг тодруулга өгөх хэрэгтэй болов уу. Арабын Бүгд Найрамдах Сири Улс 23 сая хүн амтай. 59–60 хувь нь суннит, 13 хувь нь шийт, 10 хувь нь христ, 9 хувь нь курд, 3 хувь нь друз, өөр бас туркмен болон жижиг үндэстэн, овог аймгууд багтдаг. Үнэхээр олон үндэстэн ястны нэгдэл. Тиймээс тэдний хоорондоо ялгарах зүйл олон. Яг цэвэр Сири үндэстэн гэхээр шийтийн алавит урсгалыг хэлээд байх шиг байгаа юм. Гэвч тэд улсдаа цөөнх боловч төрийн эрхийг барьдаг. Үүнд эгдүүцсэн суннитууд шийтийн алавтиуудыг түлхэн унагахаар энэ Иргэний дайныг анх эхлүүлсэн түүхтэй. Уг нь бол Сирийн ард түмэн Ойрхи Дорнодын хамгийн сайхан сэтгэлтэй, зочломтгой, өрөвч хүмүүс юм билээ. Үүнийг зөвхөн би ч биш "Тасам"-ын Санчир эгч, "Монгол бадарчин" Амай нар давхар "нотлох" болов уу...Бидэнтэй таарч байсан сири хүмүүс янз бүр л байсан. Товчхондоо тэд муу хүн огтоос биш. Харин энэ хар дайн л тэдний заримыг нь "араатан" мэт болгочихож.
-Мөн тэд ази царайтай хүмүүсийг хараад юу гэх юм. Өөрөөр хэлбэл монголын тухай мэдэх юм уу?
-Битгий гайхаарай. Тэд бидний тухай бүр дэндүү ихийг мэддэг юм байна лээ. Түүх сөхвөл энэ хоёр үндэстэнг холбох олон зүйл бий. Сирийн олон хотод Монголын эзэнт гүрний үеийн түүхэн дурсгалууд олон байдаг юм байна. Харамсалтай нь энэ босогчид "дэлбэлээд" дуусаж байх шиг байна. ЮНЕСКО-гийн зүгээс өдөр бүр шахуу л тэдгээр үнэт зүйлсийг эвдэхгүй байхыг талуудаас хүсч байдаг. Гэвч тэд "нохой хуцахын чинээ ч тоохгүй" юм. Хүлэгү хаан, "Тоголон" Төмөр хаан, Хитбух жанжин гэдэг нэр одоо ч Дамаск, Алеппо, Хомс хотынхоны "зүрхэнд" шар ус хуруулсан хэвээр. Бүр тийм нэртэй хүүхдүүд олон байдаг юм билээ. Ил хаант улсын үе үеийн хаад, нэртэй жанжид Сирийг газрын хөрснөөс арчих шахаж байсан удаатай. Тиймээс Османы эзэнт гүрний хүчирхэгжилт хүртэл Монголчууд Ойрхи Дорнодод эзэн сууж байсан гэдгийг одоогийн залуус мэдэхгүй нь "харамсалтай". Харин биднийг шууд таниад сүйд болохгүй ч хамгийн түрүүнд асууна. Хаанаас яваа вэ гэж. Бид Монголоос ирлээ гэхээр нүд том болоод ирнэ. "Монглистан" мөн үү гээд л шална. Олон зүйл асууна. Та нар одоо хаана байна. Урьдынх шиг ээ "дайчин" хэвээрээ юу. Танай хаадын дурсгал энд байгаа. Хамар, шанаа чинь ижилхэн байна гээд л...
.jpg)
-Газар дээр ажилласан сэтгүүлчийн хувьд өөрийн тань Сирийн талаарх бодол санаа чинь өөрчлөгдсөн байх? Энэ талаар юу хэлэхэв?
-Мэдээж Сирид очихоос өмнө тодорхой хэмжээний төсөөлөл байсан. Гэхдээ бодож байснаас минь хол зөрөөгүй л болов уу. Эндээс гарахдаа энэ улсын талаар тэр дундаа түүх, соёл, уламжлал тэр дундаа хүмүүсийн талаар судалгаа хийсэн. Улмаар түүн дээрээ түшиглээд сурвалжлах ажиллагаагаа явуулахад айхтар хүндрэл гараагүй. Харин тэдний албан ёсны хэл болох араб бичиг тийм амар байгаагүй шүү. Аль болох ойлголцохыг хичээж байлаа. Үнэхээр "барахгүй" бол авч гарсан Монгол-Араб өврийн толио гаргана. Дүгнээд хэлэхэд өмнөх, одоогийн бодол өөрчлөгдсөн зүйл байхгүй ээ. Би өөрөө тэр талын түүх судалдаг хүн.
-Өөрийн чинь мэдээлэлд Ассадын цэргүүд, Сирийн чөлөөт арми, босогчид гэсэн үг хэл яриа их хэрэглэгдэх юм. Энэ талаарх ойлголтыг цэгцэлж өгөхгүй юу?
-Сонирхолтой асуулт байна. Энэ тухай ганц миний төдийгүй Сирийн талаар мэдээлэл хүргэдэг олон газар мөн адил сөргөлдөгч талуудыг ялган зааглаж бичдэг байх аа. Сирийн өнөөгийн хууль ёсны засаг захиргаа тун ойлгомжтой. Ерөнхийлөгчийн хагас засаглалтай, нэг намын тогтолцоо бүхий улс. Ерөнхийлөгч нь Б.Ассад, нам нь "БААС"./Арабын Социалист Нам/. Армийн Ерөнхий командлагч нь Ерөнхийлөгч өөрөө ч Ерөнхий сайдын мэдэлд байдаг. Тийм болохоор Сирийн арми гэдэг нь угтаа Засгийн газрын цэргүүд юм. Харин Сирийн Сөрөг хүчин буюу босогчид маш олон нэгжээс бүрэлддэг. Хэдийгээр тэд өөрсдийгөө улс төрийн хүчин хэмээн батлахыг оролдож байгаа ч ямар нэг зохион байгуулалт, дэс дараа, үйл ажиллагааны нэгдмэл бүтэц гэж байхгүй. АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудад зөвшөөрөгдсөн цор ганц Сирийн Чөлөөт Арми. Бусад нь цэвэр аллага хүчирхийлэл, дээрэм тонуул хийгчид гэж ойлгож болох юм. Судлаачид төдийгүй босогчид өөрсдөө хэдэн эвсэл, бүлэг, отрядаас бүрддэгээ сайн мэдэхгүй, өнөө хүртэл тогтоож чадаагүй. Энд хамгийн түгшүүртэй нь Аль-Кайда алан хядах байгууллагын нөмөр доор бэхэжсэн хэдэн зуун зэвсэгт бүлэглэлүүд ороод ирсэн. Үүнийг Сирийн Сөрөг хүчин тогтоон барьж дийлэхгүй гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Мөн Афганистан, Сомали, Чечень, Балкан, Ирак, Ливи зэрэг орнуудад дайтаж явсан мужахедууд хүртэл Сөрөг хүчний талд “хөлсний цэрэг” байдлаар байлдаж буй нь жинхэнэ "холион бантан" үүсгээд байна. Сүүлдээ Сөрөг хүчнийхэн ч хоорондоо "алалдаад" эхэлсэнийг баримт тавин өгүүлж болно шүү. Дашрамд өгүүлэхэд “хөлсний цэрэг”-үүд нэг сарын 5000 ам.доллароор ажилладаг юм билээ.
-Товчхон ч гэсэн сайхан ярилцлага боллоо. Монголдоо хэзээ ирэхэв?
-Сайхан асуулт байна. Бид одоо Туркийн Анкара хотод Монголын ЭСЯ-нд ажиллаж байна. Удахгүй эндээс гарч Стамбул хотод ажиллах болно. Тэгээд энэ сарын 29-ний Ням гарагт "Чингис Хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардана даа. Түүнчлэн МҮОНРТ өнөөдөр өөрийн гэсэн мэдээ мэдээллийн MNB.MN сайтаа нээж байгаа гэж сонслоо. Мэдээллийн цахим ертөнцөд түргэн шуурхай мэдээ мэдээлэл ус агаар мэт хэрэгтэй байдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс албан ёсны нээлтийн энэ сайхан өдөр MNB.MN сайтын анхны зочин болж байгаа даа баяртай байна. Үнэний төлөө сэтгүүлчид мандан бадраг. MNB.MN сайтын нийт хамт олонд амжилт хүсэе.
-Баярлалаа. Эх орондоо саадгүй сайн яваад ирээрэй гэж ерөөе.
.jpg)
.jpg)
Х.УЛАМБАЯР: Тэд муу хүмүүс биш, иргэний дайн л зарим хүмүүсийг “араатан” болгочихсон... | ||
Үзсэн: 8199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.