Шууд Chart

Ш.Дулмаа: Миний хань жинхэнэ хүний хайлан байсан

2016-03-07 10:22:51

Монгол Улсын Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ш.Дулмааг “Гэрт нь” буландаа урьж оролцууллаа.

Түүнийг зохиолч, яруу найрагч нөхөд нь хаан найргийн “Хатан” Ш.Дулмаа хэмээн хүндэтгэдэг. Энэ хүний яруу найрагт оруулсан хувь нэмэр их. Тиймдээ ч түүнд ийм нэрийг хайрласан нь мэдээж. Гэхдээ эрхэм “хатан” энэ нэрээ нэг их ойшоодоггүй. Эрдэмтэй хүн даруу гэдгийн нэгэн илрэл энэ биз. Ш.Дулмаа гуайтай уулзах хүсэлтэйгээ утсаар мэдэгдэхэд “Чи ажлаа хийж байгаа бол яах вэ дээ. Манайд хүрээд ир” гэсэн юм. Ингээд тэднийд очиход шүүгээ дүүрэн хэд хэдээр нь давхарласан орос, монгол ном анхаарал татав. Зохиолч хүн номоо дээдлэх нь арга ч үгүй биз. Тэрбээр утга зохиолын салбарт 60 гаруй жил зүтгэхдээ 3000 гаруй ном цуглуулсан аж. Түүний номын санд дэлхийн сонгодог зохиолуудаас эхлээд Орос Зөвлөлтийн зохиолчид болон манай ахмад зохиолчдын ховор ном нэлээд их байдаг юм билээ. Тэдгээрийн олонх нь яруу найргийнх. Найрагч хэлэхдээ “Ном цуглуулах нь одоогийн залуусын хэлдгээр миний жинхэнэ хобби байсан” гэлээ. Одоо Ш.Дулмааг ямархан амьдрал туулж ирснийг уншигч танаа хүргэе. Түүний амьдрал үнэхээр гайхалтай. Яг л домог мэт...

Тэрбээр зуны бүгээн үүлс сундлаа мянган уулсаа хучин, шаргал нарны туяа гэрийн тооноор дөрөв хэрчин тусахад мэндэлсэн гэдэг. Төрсөн аав нь Зана хэмээн эрдэм номтой маарамба хүн байсан аж. Ш.Дулмаа түүний ууган охин. Тэднийх асар баян айл байсан тул гал голомтоо залгах хүүтэй болох нь өдрийн бодол, шөнийн зүүд болж байсан гэдэг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр охин хүүхэд төрсөнд дургүйхэн хүлээж авсан байна.

Хүний үр болж хорвоод мэндэлсэн хөөрхий охин эцэгтээ гологдож буйгаа яахан мэдэх билээ. Энэ үед ээжийнх нь эхэс гадагшлахгүй байсан учир дургүйд хүчгүй гэгчээр “Энэ хүн манай гэр бүлд гай авчрах хүн байна” хэмээн Ш.Дулмаад нэр ч хайрлалгүй дээлийн хормойд боож, гэрийнхээ арын амбаарт тавьжээ. Түүний ганц чадах ажил уйлах л юм хойно зуны халуун наранд чарлах ч багадаж байсан биз. Аз болоход Занынд зарцлагдаж байсан айлын эхнэр өглөө, оройд үнээг нь сааж өгөөд өөртөө илүүчилж авсан сүүнээсээ хөвөнд шингээж хүнд мэдэгдэлгүй гурван хоног амийг нь зогоосон байна.  

Энэ байдлыг нь мэдсэн Зана тэднийд очиж “Та нар гай дагуулах гээд байгаа энэ хүүхдэд ингэж сайн хандаад байгаа юм бол үрчлээд ав. Үгүй бол урд саахалтад зусч байгаа Очирынд өглөө” хэмээжээ. Зовлон үзсэн хүн зовсныгоо ойлгодог гэдгийн адил тэр айл ч охиныг авахгүй гэж шууд хэлсэнгүй. Ийнхүү Базарваадий гэдэг хувилгаан хүнээс “Ийм хүүхэд үрчилж авах гэсэн юм. Манайд өсвөл яадаг бол” хэмээн учраа хэлжээ. Хувилгаан “Муухан эр хүнээс илүү хүн болох нь. Та хоёрыг тэжээгээд аваад явчих чадвар түүнд байна. Иймээс шууд ав” гэжээ. Ийнхүү эцэгтээ гологдсон охин ирээдүйн их яруу найрагч Ш.Дулмааг Занынд зарцлагдаж байгаад хүн болгож гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн айл бол Шагдарынх байлаа. Төрсөн гэр нь баян айл ч өргүүлсэн гэр нь үгээгүй ядуу байсан нь түүнд амьдралын сайхныг мэдрэх харгуйг хааж байсан биз. Бага насандаа өвөл л гутлын бараа харж, хөлийн улаа амраадаг байсан гэдэг.

Оюутан ахуй цагтаа ч шинэ хувцас бараг өмсдөггүй байсан гэнэ билээ. Чинээлэг айлын хүүхдүүдэд муухай хувцастай явлаа гэж хүртэл хэлүүлж байсан удаатай. Мөн тайзан дээр шүлэг уншихдаа бусад нь торгон дээлтэй байсан бол Ш.Дулмаа ганцаархнаа даалимбан тэрлэгтэй зогсдог байсан гэдэг. Гэвч тэр “Хуучин хувцастай явж, муугаар хэлүүллээ гэж муудсан юм байгаагүй” хэмээн дурсдаг. Түүний өөртөө үнэнч авч үлдсэн зүйл бол хүн чанар, яруу найраг. Шуудхан хэлэхэд, “Амьдрал надад хатуу хандах тусам би түүнд дурладаг” гэж хэлж байсан удаатай. Түүнийг үрчилж авсан аав нь үнэхээр хүн чанартай нэгэн байсан гэдэг. Бусад айлынх шиг хүүхдүүдээ алтан шагайгаар тоглуулж, бурманд цатгаагүй ч амьдрах хар ухааныг суулгаж чадсан байна. Хэдийгээр Шагдар ном бичиг мэдэхгүй ч үлгэр, туульс хайлдаг, сайхан дуулдаг хүн байжээ. Дулмааг мэдээ орохоос нь эхлээд өвөр дээрээ суулгачихаад үлгэр, домог ярьж өгдөг байсан нь түүнийг утга зохиолын үүдийг нээхэд хөшүүрэг болсон нь мэдээж. Харин үнээ мал яаж саах, дээл хувцсаа хэрхэн оёхыг ээж нь зааснаар түүнд чадахгүй, мэдэхгүй зүйл ховор үлджээ.

Тэрбээр анхны шүлгээ дөрөвдүгээр ангидаа бичсэн байна. Ш.Дулмаа гуай М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсч, одоогийн “Монголын үнэн” сонинг “Үнэн” нэртэй байхад нь бусад мэргэжил нэгтнүүдтэйгээ үүсгэн байгуулалцжээ. Тиймдээ ч одоо хүртэл тэрхүү сониноо захиалдгаас гадна сэтгүүлзүйн гал тогооноос хооллож байсандаа баярладгаа нуугаагүй. Мөн социализмын үеийн залуучуудад хүн ямар байх болон амьдралд өөрийгөө бэлдэх тухай лекц уншиж олонд үлгэр дууриалал болж явсан байна. Түүнчлэн Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд саяхныг хүртэл багшилсан.

Түүний гэр бүлийн хүнийг Э.Ганболд гэдэг бөгөөд жүжигчин мэргэжилтэй хүн байжээ. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгсч тэр ондоо “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” уран сайхны киноны гол дүрд тоглосныг нь ард түмэн мэднэ. Тэр 30 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээсэн гайхалтай авьяастан байсан юм. Догшинхутагт Данзанравжаагийн дөрөвдүгээр дүр болон Дилав хутагтын багш гээд бичээд байвал тоймгүй. Мөн олон жүжигт тоглосон нь тайзнаа мөнхөрчээ. Ш.Дулмаа, Э.Ганболд хоёр нэг нутгийн хүмүүс байсан ч хайрын түүх нь тийм ч дардан байсангүй. Залуу насны үнэнч хайрын сэтгэлээр хэн хэнийхээ зүүд, сэтгэлийг хөглөж явсан боловч хоёул тус тусын амьдрал хөөж гэр бүл зохиож байжээ. Гэвч Э.Ганболдын эхнэр хар нь дэндсэн хүүхэн байсан учир хардаж залхаасаар хоёр тийш болж. Тэр үед Ш.Дулмаагийн гэр бүлийн хүн нь өвчний улмаас нас эцэслэсэн байна. Тус, тусдаа гэр бүл зохиогоод удаагүй байсан залуус амьдралаа хамтран зохиож үр хүүхэдтэй болох хүсэл нь нийлж, 30 гаруй жилийг үдэж ханийнхаа нөмөрт эрх сэтгэлээ өгсөн аж.

Ш.Дулмаа ханиа “Жинхэнэ хүний хайлан байсан” хэмээн дурссан. Э.Ганболд эхнэрээ шүлэг бичиж байхад нь чанга дуу гаргах нь байтугай хоол, цай хийх ажилд гар хүргэдэггүй байсан гэдэг. Юм хийж өгөхдөө гол бус ханиа хүндэлдэг, уран бүтээлийг нь дэмждэгийг нь сонсох нь ээ ёстой л заяаны хань ийм байдаг болов уу гэмээр сонсогдож байв. Ш.Дулмаа гуай яруу найрагч Р.Чойномтой ойр дотно нөхөрлөж байсан. "Аав"-ын хаалга татаад байхад нь хүртэл эргэж байсан удаатай. Тэрбээр “Аз хур” номын их дэлгүүрт эмэгтэй яруу найрагчид цугласан найргийн өдөрлөгт (ням гарагт) оролцохоор яаран гарснаар бидний ярилцлага өндөрлөсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Дулмаа: Миний хань жинхэнэ хүний хайлан байсан   
Үзсэн: 6269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
чимэддорж [127.0.0.xxx] 2023-06-21 05:08
Ш.Дулмаагийн "Бүсгүй" шүлэг агуу бүтээл болжээ Одоо хэр хүмүүсийн ярианд чимэг болж иш татагдаж яваа нь нэгийг хэлж байнаа даа.Гэх мэтчилэн олон бүтээлүүдэд төрийн шагнал хайрлах л боловуу гэж бидний хэсэг уншигчид Ерөнхийлөгч Хүрэлсүх танаа хүсэмжлэн уламжилж байнаа
Чимэддорж [127.0.0.xxx] 2023-06-21 04:58
ХБНГУ-д олон жил амьдарсан.Монголоос очсон хүн болгон Ганболд Дулмаа хоёр дээр очдог. Бараг төрийн хүлээн авалт шиг найр наадам болдог байсан Ганболд том биетэй ч түнтгэнээд хөнгөн шингэн хоол цай дор нь бэлтгэнэ.Шүлэг найраг хөвөрч кино урлагийн халуун яриа өрнөдөг айл байлаа.Одоо дурсахад сайхан санагдаж байна.Дулмаа хатагтай их ч царайлаг золбоолог бүсгүй халгиж цалгисан авъяастай жинхэнэ харизмт хатагтай байлаа.Урт наслаарай
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-03-08 00:54
Багш минь

Бидэнтэй нэгдээрэй