Шууд Chart

Д.Нямаа: "Улирал ба Зохиолч" сэтгүүл есөн улирал дараалан гарч байна

2016-03-07 11:04:21

"Улирал ба Зохиолч" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


-Уран зохиолын цоморлиг "Улирал ба зохиолч" сэтгүүлийн ес дэх дугаар уншигч, захиалагчдынхаа гарт очиж байгаа юм байна?

-Сэтгүүл маань  нэгэнт  9 дэх   дугаартайгаа золгоод байна. Есөн улирал дараалан уншигч танд хүрлээ. Өөрөөр хэлбэл,   анх хэвлэгдсэнээсээ хойш гурав дахь жилтэйгээ учирлаа. Он цаг гэдэг ч далавчлан нисдэг аж. Уран зохиолоор гэгээрэгсэд  “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг  эдүгээ нэгэнт мэддэг болжээ. Тийнхүү 2016 оны хаврын дугаар  уншигч, захиалагчдынхаа гарт хүрлээ...

-Зохиолчдын мэндэлсний ойд зориулсан намтар цадиг, онол судалгааны материал  дугаар бүрт гардаг даа?

-2016 онд олон зохиолчийн мэндэлсэн ой тохионо. Энэ дугаартаа  Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн  11О жилийн ойг  онцоллоо. Уншигчид тэр бүр мэдэхгүй их зохиолчийн сонирхолтой  анкет,  “Ламбугайн нулимс өгүүллэгийн хэл найруулгын зарим онцлогийн тухай” судалгааны өгүүлэл зэрэг  шинэ сонирхолтой материалууд орсон.

-“Сондор” буланд хэний шүлэг нийтлэгдсэн бол. Энэ дугаарт хэнээс хэнд бичсэн “Захидал” орсон бол. Мөн "Дурсамж",  "Тэмдэглэлийн дэвтэр" булан ч бас их сонирхол татдаг?

“Сондор” булангаас Төрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа гуайн “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг  гар  бичмэлээр нь унших боломжтой. Мөн Горькийн дээд  сургуулийн оюутан Д.Чинзоригт залуу зохиолч Д.Цэнддоогоос бичсэн  захидал орсон. “Суусрын гүйдэл салхи”-ны шивнээ гэдэг нэртэй дурсамж  хэний тухай болох нь  тодорхой биз дээ. Зохиолч С.Товуудоржийн өдрийн тэмдэглэлд зохиолч Ж.Пүрэв, М.Цэдэндорж нар 1980 оны 12-р сарын 05-нд Завханд  очсон тухай  гардаг гээд яриад байвал сэтгүүлийнхээ энэ дугаарт орсон аль л сонирхолтой бүхнийг тоочих болно. Нобелийн шагналт зохиолч Мо Яны ярилцлага, ХХ зууны шилдэг зохиолчдын нэг, Армян гаралтай Америкийн зохиолч Уильяам Сарояаны “Ганган цагаантай учирсан тэр нэгэн  зун” өгүүллэгийг нэрлэхгүй бол алдас болох буй за. 

-“Гэрэл зураг-Он цаг”, “Монгол туургатны  яруу найраг”, “Зохиолчдын наргиа”, “Өгүүллэг”,   “Хөөрөлдөөн", “Онол, судлал, шүүмж”, “Сонгодог зохиолчдын өгүүллэг”, “Яруу найраг”,  “Тууж”  “Найраглал”, “Аян замын тэмдэглэл”, “Сүүтэй дөрөө”, “Маамуу нааш ир” гээд уламжлалт буланд юу нийтлэгдсэн бол?

-Уламжлалт булан бүгд бий. СГЗ, зохиолч  Л.Одончимидийн шинэ тууж, СГЗ сэтгүүлч, зохиолч  Г.Жамьяаны  найраглал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал, Д.Сумьяа нарын шинэ шүлгүүд, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн өгүүллэг, төрийн шагналт, академич Л.Хүрэлбаатар, залуу яруу найрагч  Д.Гэндэнсүрэн  нарын  шүлгүүдийг  уламжлалт булангуудаас  уншаарай.

-Өмнөх дугаарууд олдохгүй байна гэх юм. Хаанаас олж унших боломжтой вэ?

-Захиалаагүй л бол олдохгүй л дээ. Хот, аймгийн  аль ч номын санд  очиход манай сэтгүүл  бүтэн дугаараараа байгаа даа. Тэрчлэн Монголын анхны цахим номын худалдааны  сайт bookstor.mn-д “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн  өмнөх жилийн дугаарууд байршсан  гэдгийг уран зохиолын хорхойтнууддаа дуулгая.

-Хэрхэн яаж захиалах вэ?

-Хот, аймаг, сум орон нутгийнхаа Монгол шуудангийн салбараар л захиална  даа.  Ер нь захиалсан нь  хожно. “Интер ном”- дэлгүүрт цөөхөн  хувийг тавьдаг. Тэр дороо л дуусчихдаг. Энэ оноос эхлэн захиалагчдынхаа тоонд  тулган хэвлэж  байгаа.

-Улирлын онцлох зохиолчоор хэн тодорч,  онцлох номоор ямар ном  нэрлэгдэв?

-Саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, яруу найргийн “Хан Хэнтий” дэг сургуулийг үндэслэгч, яруу найрагч Ломбын Нямаа улирлын онцлох зохиолчоор  тодорч, Д.Нацагдоржийн  шагналт зохиолч Ц.Буянзаяагийн  “Морин уруул” сэтгэл зүйн роман улирлын онцлох номоор нэрлэгдсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд амжилт хүсье...

-Баярлалаа. Бид хичээх болно. Монголын болон дэлхийн уран зохиолын шилдэг, шидээвэр, шинэ, содон  бүхнийг уншигчид түмэндээ хүргэхийг бид зорьдог.

Нийтэлсэн: Mонголын радио

Д.Нямаа: "Улирал ба Зохиолч" сэтгүүл есөн улирал дараалан гарч байна   
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй