Шууд Chart

Мал аж ахуйн салбарын хөгжил жилээр тооцсон тов, хүрэх газартай л байж таараа

2016-03-10 10:22:31

Тэд  ярьсаар, бид ч бичсээр л байдаг юм. Ёстой нөгөө жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой  хуцаж л байдаг гэдэг шиг... Жингийн  цуваа  чинь  хаа очих товтой, хэзээ хүрэх хугацаатай.  Харин жингэр нохойд хэн хаагуур,  яах  гэж  яваа нь огт хамаагүй. Чимээ л өгсөн бол болох нь.  

Зам зуур нь бороолж байгаа сэтгүүлч бидний хувьд  бол  арай өөр, холын бодол зорилготой гэх үү дээ. Одоо дахиад л төр засгийн бодлогын хажуугаар бороолъё. Малчдынхаа тухай бичье.  Гэхдээ тэдэнд хайр зарлах гэсэнгүй.  Бас  халууцуулж  чичлэх  гэсэнгүй.

Манайд  малтай, малчин  217 мянган  өрх байдгаас 145 мянга нь малаа маллаж амьдардаг.   Товчхондоо 145 мянган өрх малаасаа салвал ажилгүй, орлогогүй, амьжиргаагүй гэсэн үг.  Тиймээс ч тэд хэдэн жилийн өмнөөс ирэх бичин жил хатуухан болохыг хэн, хэндээ сануулж,  амихандаа бэлтгэлээ базаасан. Ямар ч  байсан 1944, 1956 он, 60, 70 оны өмнөх бичин жилийн  их  зудны гашуун  сургамжийг  санаж, ойрхоны 1994, 2000,  2010  оны  зудын хохирлоо нэхэн байж хатуу цагаас  сэрэмжилсэн болов уу. Ингэж байгаагаа ч малчид нь нутгийн удирдлагуудтайгаа намаржингаа  л  хэвлэлээр ярьсан. Бас хийлгэх үүрэгтэй  нь  ч анхааруулж сануулсаар байсан.     

Харин өнөөдөр тэд ургасан өвс, байсан  хүч  бололцооныхоо хэрээр өвөлд бэлтгэсэн ч байгаль  цаг уурын  өмнө хүчин мөхөстөөд байгаагаа  учирлаж сууна. Арга үгүй биз. Бэлчээрт гараагүй мал хөшдөг. Гаргах гээд богийн борви давж, гэдэс тулсан цаснаар хаана бэлчээх билээ. Төв суурингийнханд бол өвсөө  сайн  авчихаад өвөл, хавартаа  хотондоо тэжээгээд байхад болмоор л санагдаж байгаа. Нүүдлийн малыг гурав хоногоос илүү хашвал хөшчихдөг гэдгийг  малчны хотонд хөл тавьсан үед л ойлгодог юм. Гэсэн ч хаана  хаанаа  ийм  зовлон тоочиж хохирол, гачигдлаа байгальд нялзаамааргүй. Монголчууд малаараа амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Хойшдоо ч малтайгаа байх нь үнэн. Байгаль, цаг  уур ч өнөөдрийнхөөс илүү ааш аяг гаргахыг цаг уурчид анхааруулсаар, байгаль   өөрөө ч харуулсаар байгаа.
Тиймээс л бид мал маллах арга  барилаа, үлгэр жишээ сайн малчны шалгуураа, тэдэнд хандах  хандлага, өгч байгаа тусламжийн хэлбэрээ хүртэл өөрчилмөөр...  

   Малчид даатгалтай хэр “ханьсав”

Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэх хэн ч байсан гарах эрсдлээ тооцож, болзошгүй нөхцөлд хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй байдаг. Ингэж бодоод хонин жилийн өвөл, бичин жилийн хавар  хатуухан болохыг урьдчилан тааж байсан малчид эрсдлээ яаж тооцсоныг даатгалаас  хөөгөөд  үзлээ.

Мал даатгах нөхцөл бүрдээгүй үед мал аж ахуйд түүн шиг хэрэгтэй зүйл байхгүйг хаана, хаанаа  хүлээн зөвшөөрч, 2006 оноос малыг индексээр тооцон даатгах ажлыг Дэлхийн банкны тусламжтай дөрвөн аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар  2010  оноос бүх аймгийн  малыг даатгаж  эхэлсэн бол 2014 оны зургаадугаар сараас мал даатгах ажлыг албан ёсоор хуульчлан баталгаажуулж хууль эрх зүйн зохицуулалттай болгосон.   

Энэ ажлыг өнөөдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” төрийн өмчит компани зангидан хариуцаж  байгаа бол хувийн даатгалын компаниуд гардан гүйцэтгэж байна. Тэгвэл бичин  жилийн  зудны  эрсдлийг  тооцож  хичнээн  малчин өрх хэдий хэмжээний малаа даатгуулав. Эхлээд зарим аймгаас тодрууллаа.

Увс аймгийн ХХААГ-ын дарга Ж.Александр: -Энэ жил малчид багаараа, бүлгээрээ хамрагдаж чадсангүй. Хэдхэн малчин л хамрагдсан.      

Баян-Өлгий аймгийн ХХАА-н газрын дарга Ж.Онгар: -23 мянган малчин бий. Манай аймаг 8200 гаруй малчин өрхтэй. Сүүлийн жилүүдэд малчид даатгалд хамрагдах нь буурсан. 3, 4 хувиас хэтрэхгүй байна.

Увс, Баян-Өлгий аймгийн жишгээр 145 мянган малчин өрхийн 7 хувь нь л өнгөрсөн  онд малаа   даатгуулж. Малын толгойгоор нь хэлбэл, 56 сая толгой малаас 3 саяыг нь л даатгуулсан байх  юм. Малын даатгал ийм бага хувьтай байгаа шалтгааныг зарим даатгалын компаниас тодрууллаа. Аймаг, сум бүрт даатгалын салбар нэгжтэй “Практикал даатгал” компанийн Иргэдийн  даатгал  хариуцсан менежер Д.Мөнхзаяа “Зуд, ган болдог нутгийн малчид малын даатгалд түлхүү хамрагдаж байна. Мөн сайн малчин зэрэг гавьяа шагналд дэвшиж байгаа малчид даатгуулдаг.  Ер нь манайд хандсан малчдын 70 хувь нь даатгалын үр шимийг ойлгоод малаа даатгуулсан байдаг. Манайд хэрэгжүүлж байгаа малын даатгал нь индекст суурилсан учраас түүнийг малчид сайн ойлгохгүй байна. Тайлбарлаад ярихаар ойлгодог ч бэлэн мөнгөтэй малчин цөөн. Тиймээс  одоо зарим банк малчны зээл, хураамжийн зээл зэргийг олгодог болоод байна. Ерөнхийдөө  л  малчдын тун бага хувь нь даатгуулдаг” гэсэн юм.

Зуд турхан тохиож болзошгүйг эртнээс ярьж, бие биендээ сэрэмжлүүлж байсан малчид эрсдлээ   даатгалд ийм л байдлаар үүрүүлж. Нэг үгээр хэлбэл, малын даатгалыг чихнийхээ хажуугаар  өнгөрөөсөн гэсэн үг. Аливаа  эрсдэл  учирсан  үед  эд  хөрөнгөө  нөхөн сэргээх гол арга хэрэгсэл даатгал гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд нэг зууныг  лав  үдсэн. Гадны улс орнуудад ялангуяа байгаль, цаг уураас хамааралтай газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг улс орнуудад  даатгал улсын эдийн засгийг авч явдаг нэг “хөл” нь болтлоо хөгжиж. Гэтэл манайд өнөөдөр  байгаль, цаг уурын эрхшээлд байдаг аж ахуй нь даатгалтай ингэж л нөхөрлөж байна. 

Цас ордгоороо л орно. Харин малчид, бас бид яах вэ

1999-2002 оны зуднаар манай улс 11 сая 200-аад мянган толгой мал буюу нийт малынхаа 30- хувийг алдаж, 12 мянган өрх малгүй, амьжиргаагүй болсон байдаг. Энэ гамшгийн улмаас улсад   333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэдэг. Харин  2010 оны хаврын зуднаар 9 сая 700 мянган толгой  мал  буюу  нийт  мал  сүргийн 22 хувь нь хорогдсон байна. Энэ хохирлыг даван туулах гэж Засгийн  газар, ОУ-ын байгууллага, иргэд, аж ахуйн нэгж 40 гаруй сая төгрөг  зарцуулсан тухай албаны мэдээ бий. Өнөөдөр мөн л 20 аймгийн 230-аад суманд цагаан зуд  нүүрлэж, малчид цас зудны өмнө хүчин мөхөстөж байгааг бид хэвлэлээс уншиж, үзэж сууна. Ийм  байдлаар Монгол оронд тохиолдсон цагаан, хар зуд, түүний гамшиг, хохирлыг яривал   харамсахаар тоо гарна. Гарч ч байсан. Хойшид ч ган, зуд тохиож л таарна. Тиймээс өнөөдөр   байгальд бурууг өгөхөөсөө илүү малчид, төр гээд эзэн бие рүү хандах хандлага олон нийтээс зүй ёсоор ажиглагдах болж.

н.Мөнхбат хэмээх хотын залуугийн цахимаар бичсэн бодол үүний нэг жишээ. Тэрбээр “Мал хувьд шилжсэн, мал бол малчин хүний хувийн өмч. Хувийн өмчөө арчилж өсгөх, үржүүлэх, хадгалж хамгаалах, захиран зарцуулах нь эзэн этгээдийн хувийн  асуудал.  Өвөл  болдог байсан, болсоор байсан. Цас ордог, хүйтэрдэг, шуурга шуурдаг. Зуд болдог.  Энэ бол цас, хүйтэн, байгалийн зуд биш малчин хүний хариуцлагагүй, төр засгийн муу, дутуу бодлогын  ЗУД  болж  байна” гэжээ. н.Мөнхбатын бодол өнөөдөр хөдөөгийнхөнд, тэр дундаа малчдад хатуухан  сонсогдож болох. Харин цаад утга нь мал маллах арга барил, тэдэнд хандах хандлага, өгч  байгаа тусламжийн хэлбэр гээд энэ салбар сууриараа шинэчлэгдэх хэрэгтэйг хэлсэн хэрэг болов уу.

Нэмнээ, лаа шүдэнз, бэлэн мөнгө, өвс, тэжээл гээд хүүхэд хөгшидгүй өгдөг хандив тэрхэн цаг  үедээ л тус. Оноо авч, байр сууриа  бататгах  гэсэн хөдөөгөөс гаралтай улс төрчдийн малчдад  өгөх эд агуурсын болоод амлалтын “бэлэг” яг үнэндээ чихрээр хүүхэд  хуурч байгаатай  л адил. Амиа аргацаасан энэ арга алсуураа ус болоод байгаа нь зудын хохирлоор илрээд байж ч мэдэх. Үүнийг даатгалын мэргэжилтэн ч хэлнэ билээ. “Практикал даатгал” компанийн Иргэдийн даатгал хариуцсан менежер Д.Мөнхзаяа “Төрөөс малчдад  зориулсан  хандив тусламж их байдаг болохоор  малчид бэлэн юм руу хошуурах нь элбэг юм болов уу. Малчид ч гэсэн ган, зуд болсон хойно тэгж ч малаа алдлаа, ингэж ч хэцүүдлээ  гэдэг юм уу, манай улс төрчид үүнд гол нөлөөтэй гэж боддог юм. Уул нь энэ гэнэтийн эрсдлээс хамгаалах хэрэгсэл бол албан ёсоор даатгал юм шүү дээ” гэж байна.

Бид малчдад аж ахуй хэрхэн  эрхлэх, ашиг орлого,  эрсдлээ хэрхэн  тооцохоос  эхлээд эдийн засаг, нийгмийн харилцаан дахь эрх, үүргийн  талаар хэрхэн  таниулж, бас тэднийг хэрхэн  чадавхжуулж байгаа билээ. Малчин мэргэжил, мэргэшил юм бол ажлын байранд байнга  тасралтгүй үргэлжлэх сургалтыг 72 хувь нь бага, суурь боловсролтой малчдад хэн заав. Үгүй ядахдаа “Малаа, өөрийгөө  даатгуулчихвал  бичин жилийн зудын дараа чулуу болно” гэдгийг  хэлсэн, хэлэхийг оролдсон улс төрч байгаа болов уу...  

Ийм байдлаар  бид  өнөөдөр малчдыг өгсөн болгонд гар тосдог, харснаа  авах гэдэг амттан  горьдсон хүүхэд шиг харж, ханддаг болж. Ингэсээр Америкийн уугуул  индиан шиг болох вий.    Ингэж  бодохоор   ДНБ-ний 10  гаруй хувийг үйлдвэрлэдэг мал аж ахуйн салбарын хэтийн   хөгжлийг манай төр засаг хэрхэн төлөвлөж, ямар зорилго тавьсан байдаг юм бол...

Мэргэжлийн  хүмүүс төлөвлөж, тооцож, ажиллаж л байгаа  байх. Сэтгүүлч  бид ч бичсээр  л  байдаг юм. Тиймээс ч жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг хэмээн   нийтлэлийнхээ эхэнд хэлсэн хэрэг. Жингийн цуваа хүрэх газар, очих товтой  байдаг  шиг  манай  мал аж ахуйн салбарын хөгжил  жилээр тооцсон тов, хүрэх  газартай  л  байж таараа.  Харин  улс  төрчид амттанаар далласан хайраа л малчдаас татаасай билээ. Сэтгүүлч бид ч зам зуур нь   төрдөө,  улс төрчиддөө, малчиддаа олны үгийг дайж, бороолж л байя.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Мал аж ахуйн салбарын хөгжил жилээр тооцсон тов, хүрэх газартай л байж таараа  
Үзсэн: 3543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-10 11:34
Малчдын зээлийн хүүг бууруулсан гэдэг үг сонгууль дуустал улиг болтлоо яригдана, сонгуулийн дараа мартагдана, тэгээд л гүйцээ, мах иддэггүй Монгол цөөхөн тулдаа л малыг хэрэгтэй гэдгийг эрхбиш мэдэж байна, гэхдээ тэмээний, хурдан морины, мөсний баяр хийгээд л зудад малаа үхүүлээд, тусламж аваад л байвал Өвөрмонгол, Индиан болоход юухан байхав дээ

Бидэнтэй нэгдээрэй