Шууд Chart

Шуугиан тарьсан папарац агшныг хэдээр хөлсөлдөг вэ

2016-03-11 11:24:26

Олны танил болсон хүмүүс хэнээс айдаг вэ. Улс төрчдөөс, хаад ноёдоос уу. Үгүй ээ... Хаадын угсааныхан ч, тэргүүн баячууд ч тэдэнтэй хамт зоог барьж хамт зураг татуулахын хүслэн. Тэгвэл одод шүтэн бишрэгчдээсээ айдаг уу. Бүр ч үгүй. Шүтэн бишрэгчдийн хувьд алдарт оддын барааг ойроос харж тэдний  талаар “сенсаац”-тай сонин, сэтгүүл олноор гарч л байвал бол оо.
Харин бидний од хэмээн нэрлээд байгаа эрхмүүд “папарацчид”-аас айдаг. Бүр ухаан алдтал айдаг. Зарим нь тэднээс үхтлээ зугтдаг. Учир нь папарацчид олны танил хүмүүст амар заяа үзүүлдэггүйд л байгаа юм. Нэг эзгүй арал  дээр “унаган  төрхөөрөө” чөлөөтэй сайхан тарвалзах гэтэл хаанаас ч юм нэг нь дуран шагайсан харагдана. /Буу шагайсан нь заримдаа дээр гэнэ/ Хаа байсан тэнд яаж ч хүрч дагаад явдаг юм.
Тэд ч гэсэн хүн юм хойно хайр дурлал энэ тэр гээд түмнээс нуух юм бишгүй байлгүй яах вэ. Ямар цоожтой төмөр “юу” өмсөж зүүсэн биш. Сэтгэлд таалагдсан нэгэнтэй буудалд биш юмаа гэхэд зоог барих гэтэл  бас л дахиад папарацчид...

ДОХ өвчинд нэрвэгдэж хүндээр өвдөж, үхлийн ирмэгт гэрийн хорионд байсан алдарт хөгжимчин Фрейд Меркури (Freddy Mercury) 1990 онд Лондоны нэгэн зоогийн газар рок од Гарри Глиттерийн хамт үдийн зоог барих үеэр нь амжин авсан энэ гэрэл зурагчин 230 000 доллар халаасалж чаджээ.

Дэнни Бой хочтой “Папарацчин“ 2007 оны 2 сарын 21-ний өдөр “тархиа амраахаар” үсээ хусуулсан Бритни Спирс-ийн (Britney Spears) зургийг дарсныхаа төлөө  дуучин бүсгүйн багагүй “тэмцэл-тэй тулсан ч  250 000 долларын шан харамж хүртжээ. Дэнни Бой  чамгүй шан харамжийн зэрэгцээ Бритни Спирсэд  шүхрээр “самардуулсан “ гэх оноштой төмөр хүлгээ шүтэн бишрэгчид нь  40 000-аар арилжиж хөлжжээ.

“The Daily Mirror “ сэтгүүлд 2005 оны 10 сарын дугаарт хэвлэгдсэн загвар өмсөгч  Кейт Мосс (Kate В Moss) өөрийн найз Пит Доэртийн хамт кокайн нунтаглан үнэртэж буй “сенсацтай” гэрэл зураг 300 000 долларын үнэд хүрчээ.

Энэхүү  мэдээлэл нийтлэгдсэний дараа “Chanel” болон” Burberry” компани түүнтэй хийсэн гэрээгээ цуцалсан бөгөөд Кейт ч олон түмний өмнө уучлалт хүссэн төдийгүй зааврын дагуу эмчлүүлсээр буруу зуршлаасаа салжээ.

Оросын алдарт теннисчин Анна Курникова хаа газрын хүүхнүүдийн атаархал, эрчүүдийн харааны цэгээс мултрах биш дээ. Сент Луис хэмээх гэрэл зургийн сонирхогч энэ зургаа “Penthouse” сэтгүүлд 500 000 доллараар зарсан нь олон орны эрчүүдийн талархлыг хүлээжээ.
 

Эх, үрсийн жирийн л нэг ийм фото зураг гэр бүлийн  цомогт бишгүй л байдаг.  Харин  дуулиан  шуугиан  тарьдгаараа  зартай гэгддэг Стив Сэндс гэгч гэрэл зурагчин  “Дурласан Шекспир”-ийн  Гвинет Пэлтроугийн  (Gwyneth Paltrow) “Эх, үрсийн элбэрэлт” хөрөг зургийг яаж  “бярдаад”  нэг сая долларын үнэд хүргэж чадсан юм бол оо. Чухамдаа энэ хөргүүдээс эхлэн 2007 оноос хойших дуулиант папарац гэрэл зурагчдын ханш саяас “ярих” болж эхэлснээр Брэд Пит-Анжелина Жоли болон Том Круз - Кэти Холмс нарын гэр бүлийн цомгууд “худалдаанд” гарчээ.

Каролины гүнж (Princess Caroline) нэрт теннисчин Гильермо Вилас (Guillermo Vilas) нарын 1982 онд эвгүй “гардуулсан“ зургууд 52 сэтгүүлийн хавтасны дизайныг чимэглээд зогссонгүй зурагчин 1.1 саяар түрийвчээ зузаатгажээ.
Одоо ч тэдний дурлалын түүхийн  халуун баримтууд дуудлага худалдаанд дээгүүр өрсөлддөг ажээ.

Харуул хамгаалалт, хатуу хараа хяналт ч папарацчидад үйлчилдэггүй ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн гэргий экс-тэргүүн хатагтай Жаклин Онассис  -Кеннедигийн  (Jacqueline Onassis) байгалиас заяасан  “унаган төрхөөрөө” хувийн эзэмшил арал дээрээ амарч  байхад нь 1970-аад онд Рон Галелла гэгч  “гэнэдүүлэн” авсан зургаа 1.2 саяд хүргэжээ.

Түүхэнд хамгийн их шан харамж хүртсэн ч хамгийн дуулиан бас эмгэнэл авчирсан нь  Английн гүнж Диана (Princess Diana) нууц амраг Доди аль-Файедан хамт 1997 онд Сен-Тропезед олноос зайдуу зугаалж байгаад папарацчдын дуранд өртөн тэднээс зугтаж яваад харамсалтайгаар хоёулаа амиа алдсан билээ. Хоёр хүний аминд хүрсэн баримт болох энэ цуврал зургууд 6 саяар үнэлэгджээ. 


Шуугиан тарьсан папарац агшныг хэдээр хөлсөлдөг вэ   
Үзсэн: 3878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-11 14:27
iim une hureh gej

Бидэнтэй нэгдээрэй