Шууд Chart

Улаанбурханы дэгдэлт 19-30 насныхан дунд их байна

2016-03-15 15:17:05

Эрүүл мэнд, спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн  байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Энэ өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь 9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол  өвчлөлийн насны хувьд 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хувьд  илүү цагаар эмч, сувилагч, асрагчид сүүлийн хоёр сарын турш ажиллаж байна. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байна. Өрхийн эмнэлэгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны  зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа гэх мэдээллийг өглөө.  Мөн БЗД-ийн хувьд уртасгасан цагаар ажиллаж өнөөдрийн байдлаар 417  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2.5 дахин их байгааг мэдээлсэн бол БГД-ийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч  байгаа бөгөөд өрхийн бүх эмнэлэг бэлэн байдалд ажиллаж байгаа. Хүндэрч ирсэн хүүхдүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлсээр байна. Орны хэтрэлт 76.7 хувьд хүрч байсан бол 5367 хувь болж буурч байгааг энэ үеэр дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар  ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг 10 ортой  хэдий ч 17 өвчтөн  хэвтэн эмчлүүлж байна.  Иргэд өрхийн эмнэлгээрээ  дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирж өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлэгийн тусламж  үйлчилгээ эрхэлсэн дэд  дарга М.Тунсаг ярьсан юм.

Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан байна. Ялангуяа манай улстай хөрш зэргэлдээ БНХАУ-д энэ оны нэгдүгээр сард гэхэд л нийт 1366, ОХУ-д 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс гадна Австрали, Камбож, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг Азийн орноос гадна Европын Их Британи, Голланд, Украйн зэрэг улсад бүртгэгдсээр байна.

Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам


Улаанбурханы дэгдэлт 19-30 насныхан дунд их байна  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй