Шууд Chart

Пржевальский Сталины эцэг мөн үү

2016-03-24 09:32:44

Намтраа шинэчлэн сайжруулах үзэгдэл зөвхөн өнөөгийн улстөрчдийн хэрэг биш. “Ард түмний нэрийн өмнөөс” гэсэн сайхан лоозонгийн дор улс төрийн өнгө будаг, хувийн эрх сонирхолд нийцүүлэн хүссэн тааллаараа өөрчлөх эрх мэдэл И.В.Сталинд ч байсан юм. Уг нь “ориг” нэр нь Иосиф Виссарионович Жугашвили л дээ. Жуга гэдгийг Гүрж хэлнээс  Орос руу хөрвүүлбэл төмөр, ган гэсэн металист утгатай болохоор Сталин болгон ган шиг зоримог хатуу байхыг бэлгэдсэн биз.

Монгол тахийг анх бүхнээс түрүүнд олж харсан гэгддэг нэрт аялагч Пржевальскийг их жолоодогч Сталины эцэг болох мэдээг 1939 онд “Жиче Варшавы” сонинд анх нийтэлсэн байна. Хэрэв үнэн бол манай дархан цаазат зэрлэг адуу дэлхийд Пржевальскийгаар овоглодог шиг Сталины түүхийн өмнө хүлээх хариуцлагын хамт түүний нэр дурсагдах юм. Алдарт аялагчийн 100 жилийн ойд зориулсан тэр нийтлэлд Пржевальскийн болон Сталины хөргүүдийг зэрэгцүүлэн тавьсан нь усны дусал мэт ижилхэн ажээ.

Гэвч дэлхийн хоёрдугаар дайны дуулианд энэхүү мэдээлэл анзаарагдаагүй өнгөрсөн ч хэн нэгэн Пржевальскийг Түвд рүү хийх их аяллынхаа өмнө 1878 оны хавар Горид ирж хун тайж Маминошвилигийнд саатан түүний хамаатан 22 настай Кекед /Екатерина Георгиевна Геладзе/ сэтгэл алдарч янаг амрагийн холбоотой байсан баримтыг дахин сөхжээ. Виссарион Иванович Жугашвили Тифлист гутлын үйлдвэрт ажиллаж байх сиймхийгээр  эхнэр Кеке нь 1878 оны 12 дугаар сарын 6 /18/-нд хүү Иосифийг төрүүлжээ. Горид ирмэгцээ эцэг нь өдөр бүр архи ууж өөрөөс нь урвасны төлөө ээжийг нь байнга зоддог байв. Гэвч энэ бүхнийг байнга тэсвэрлэхийн аргагүй Кеке түүнтэй зодолдон мөчөөгөө өгөхгүй ана мана хүчээ үздэг болжээ.

Пржевальский Гүржээс явсныхаа дараа тэдэнд мөнгө илгээдэг байсан бололтой. Түүний зарлага тооцооны дэвтэрт 1880-1881 онд Гори руу байнга мөнгө илгээж байсан тэмдэглэл  байдаг байна. Ямар ч байсан Сосо /Сталины багын нэр/ юугаар ч дутдаггүй байж. Мөн Еврей худалдаачин Яков Эгнаташвили түүний сургалтад ихэд анхааран, төлбөрийг нь төлдөг байсан үнэмшихгүй байхын аргагүй яриа байдаг гэнэ. Ер нь Сталины эцэг байж болох магадлалтай хүний тоо цөөнгүй бөгөөд “нэр дэвшигчдэд” Осетин, Армян, Польш, Еврей нарын “интернациональ аавууд” байжээ.

Сосо Тифлисийн сүмийн сургуульд дуулж, хөгжмийг нотоор ч уншдаг болов. 15 наснаасаа тэрээр шүлэг тэрлэж, 1895-1896 онд “Иверия”, “Квали”сонинд бүтээл нь хэвлэгджээ. Тэр ч бүү хэл, Илья Чавчавадзе түүний шүлгүүдийг “Гүржийн яруу найргийн дээж бичиг”-т  багтаан оруулсан байдаг. Сосо Библийг төгс сайн мэддэг болсон байна. Тэрээр Гоголь, Щедрин ,Чехов, Толстой , Гюго, Спиноза, химич Мендлеевийг шимтэн уншихын сацуу хувьсгалын сэдэвтэй номоор ширээгээ чимэх дуртай байжээ. Тэр ч бүү хэл,  Чарльз Дарвины ”Биднийг хуурцгааж байна. Бурхан байдаггүй юм“ номыг ч амтархан уншдаг байв. Сталин уг нь 1878 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн бололтой юм. Гэвч зурхай “зурхайч” хоёрын хэн нэг нь будлиад 1922 оноос гэнэт бөхөөр бол “жин хасаад” 1879 оны 12 дугаар сарын 21 болгон намтраа шинэчлэн найруулжээ. Учир нь Пржевальскийн Горид байсан хугацаатай түүний мэндэлсэн өдөр, сар давхцаад байжээ. Үнэндээ ч Монгол адуутай овог нэг байхаас зовсон байж болох юм.

Зохиогчийн зурсан шарж

Мөн ондоо Коммунист намын ТХ-ны “генсек” болонгуутаа тайж гарлаа сайн дураар халж  Ворошилов, Калинин, Киров нарын жишгээр эгэл жирийн гуталчны хүү болон хувирчээ. Тэрээр бүрэн эрхийн дагуу өөрийн бага насны “ориг” намтар болон Пржевальскийтэй холбоотой байж болох сэжүүрийг архиваас цэвэрлэхийг Товстухад даалгажээ. 1929 онд Сталины  яруу алдарт 50 насны ойд зориулан Курнатовский их жолоодогчийн бүрэн хэмжээний намтрыг эмхэтгэн гаргахааар архивын баримт сөхөх шаардлагатай болоход Товстуха “Өөрөө хайгаад юу ч олсонгүй “гэсэн хариугаар амыг нь таглажээ. Пролетарийн их зохиолч Максим Горький ч “Баримттайсан бол сайхан магтахсан” гэж  их жолоодогчийг яльгүй гомдоосон гэдэг. Пржевальский Смоленщинед төрж өссөн бөгөөд аугаа аяллын нээлтүүдээрээ Орос оронг алдаршуулсан юм. Уг гарлаараа тэрээр дайчин удмын Запорожийн Казак ажээ.

“Прже-вал” гэсэн нэр нь Польш хэл дээр “Уул гатлан, нэвтлэн” гэсэн утга бүхий нь их аялагчийн хувь заяатай яв цав тохирох мэт. Тэр ч бүү хэл, түүний тайжийн удмын сүлдэнд өөдөө тэмүүлсэн нум, сум өндөр уулстай залгаатай байдаг байна. Хожим тэрээр өөрийн нээсэн газрын зураг дээр удмын сүлдээ үлдээсэн байдаг байна. Сталины ач хүү найруулагч А.Бурдонскийгоос авсан ДНК-ийн шинжилгээгээр G2 гаплогрупп  болох Осетин, Армян зүгийн генийн шинж тэмдэг илэрсэн нь оньсого мэт тааврыг улам ээдрээтэй болгожээ. Учир нь Пржевальский Европ зүгийн R1а гаплогрупптэй байдаг. Гэвч ач хүүгээс нь ямар ч Гүрж шинж илрээгүй нь бас хачирхалтай юм. Өвөг эцгийнхээ тухай кино тайлбар байнга хийж, 2008 он хүртэл улс төрд хүчтэй тэмцэж байсан тэрээр  шинжилгээний хариуны тухайд “Уулынхан гэдэг чинь мах, цус нэгтэй. Овог угсаа ч ижил юм шүү” гэсэн даруухан хариулт өгч байсан гэдэг. 1945 оны дэлхийн хоёрдугаар дайны ялалтын дараа Иосиф Сталин “Би Орос-Гүрж гаралтай” гэж баярын хундага өргөж байсан нь тухайн үедээ Оросуудын цөсийг жинхэнэ хөөргөж байсан билээ. Урлаг, утга зохиолд бол түүний хэлэх байсан үгийг зохиолч нар харин өөрийнхөөрөө ишлэл болгон хэлдэг тал бий. Зарим нь бас хоржоонтой.

“Арбатын хүүхдүүд” романд “Хүн байна гэдэг асуудал байна гэсэн үг. Хүн байхгүй бол асуудал байхгүй шүү дээ” гэж А.Рыбаков л хэлсэн байдаг.
Энэ зохиолд эрт эдүгээгийн залуу насны нь дурсамжийг ямар ч хэлбэрээр сөхсөн дургүйцэн “амыг нь тагладаг” чанарыг Сталин “Шавийг хутагтаар тодруулдаггүй” гэж  бодож суудаг нь хуучныг сэдрээж өөрөөс нь илүү гарах гэсэн хэнд ч аранга болох бодлын нь илрэл юм.
“Нэг хүний үхэл бол эмгэнэл, харин сая хүнийх бол тоо баримт юм” гэж Сталин биш зохиолч Ремарк хэлсэн юм шүү дээ. Олзонд байсан хүү Яковыг нь Паулюсаар солих гэхэд Сталин ”Би Маршалыг цэргээр солихгүй” гэсэн эх оронч дүртэй киноны хэсгийг мөн л “Чөлөөлөлт” киноны уран бүтээлчид л бодож олжээ. Гэхдээ тэд хэзээ ч их жолоодогчийн намтар сэлтийг дур мэдэн нэг ч хормоор урагшлуулан, хойшлуулаагүй билээ.
Амьдрал дээр Яков цэргүүдээ орхин бүслэлтээс гарсан байдаг бөгөөд нэлээд хожуу дэлбэрэлтэд өртөж амиа алдсаныг нь хамт дайтаж явсан нөхөд нь хожим дурссан байдаг. Их жолоодогчийн хүү амь алдсаныг мэдсэн Гитлерийн хамсаатнууд түүнтэй царай зүс ижил Ляжековыг олж Яковын дүрд барьцаалан  эвлүүлгийн зураг бүхий хуудсуудыг тараасан байна. Байдал өөрөөр эргэснийг мэдсэн байлдагч өндөр хүчдэлтэй цахилгаан утаснаас зуурах үед нь тархи руу буудаж хороожээ.

Ингээд 1941 оны наймдугаар сарын 15-ны “Красная звезда” сонинд "Эрэлхэг дайчин Яков Жугашвили тулалдааны талбараа орхилгүй эцсийн сумаа дуустал баатарлагаар тэмцсэнийг сайшаан байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор нэхэн шагнасан тухай нийтлэн бас нэгэн “нэн шинэ түүх" мэндэлсэн юм.

...Саяхан Сталиний гуч гэгдэх Улаан-Үдийн Алекс Булатовын АНУ-д шинжлүүлсэн ДНК-ийн шинжилгээгээр  Пржевальскийтэй ижил R1а гаплогрупптэй гэсэн хариу гарчээ. Түүх үргэлжилж байна...


Пржевальский Сталины эцэг мөн үү   
Үзсэн: 4676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-25 17:04
Ih adilhan yum
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2016-03-24 11:36
Оросыг орос хүн, Хятадыг хятад хүн удирдаж байсан түүхэн цаг үе ховор байдаг юм даа.

Бидэнтэй нэгдээрэй