
Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт өвчний эмгэг жамд голлох үүрэг гүйцэтгэдэг арьсны өвчнүүдийг хамтад нь нейродерматоз гэдэг.
Эдгээр өвчинд: Маажуур, арьсны загатнаа, нейродермит зэрэг ордог.
Нейродермит:
Улайрал- Гүвдрүүт тууралтаар эхэлж энэ нь аажимдаа хоорондоо нийлж нэвчдэст гүвдрүү, ширшил үүсгэдэг архаг явцтай арьсны өвчнийг нейродермит гэдэг.
Нейродермит нь тархмал болон хязгаарлагдмал гэсэн 2 хэлбэрээр тохиолдоно.
Шалтгаан: Тохироогүй хоол хүнс, хордлого, элэг, ходоод, бөөр зэрэг дотор эрхтэний үйл ажиллагааны хямрал, архаг хордлогын хямрал зэрэг нь биед харшил эмзэгшил үүсэхэд нөлөөлдөг.
Төв мэдрэлийн тогтолцооны хямрал, өнчин тархи болон бөөрний дээд булчирхайн өөрчлөлтөөс болж нейродермит үүсч болдог.
Нас: Өвчин аль ч насанд үүсч болно.
Эмнэлзүйд: 2-3 мм хэмжээтэй бүдэг ягаан өнгийн загатнаа ихтэй гүвдрүү үүсч цаашид хоорондоо нийлж том нэвчдэст голомтыг үүсгэж ширшил болно.
Байрлал: Тохойн үений дотор хэсэг, тахимны хонхор, шуу сарвууны үе, хүзүүний хажуу гадаргууд байрлана.
Нүүр, цээж, нуруугаар хурц биш үрэвслийн шинжтэй ягаан өнгийн улайлт үүсч гуужилт явагдах ба зах хязгаар нь тодорхой бус байна.
Хязгаарлагдмал нейродермитийн үед голомтыг 3 бүс болгож авч үзэх бөгөөд төвийн бүс нь ширшил, завсрын бүс нь олон тооны жижиг гялалзсан гүвдрүү, захын бүсд арьс нөсөөжсөн байдаг.
Ерөнхийдөө арьс хуурайвтар, боровтор болж нойргүйтэх, цочимтгой, хоол унданд дургүй болох, биеийн жин буурах зэрэг шинж илэрч болно. Загатнасан газар маажсанаас идээт үрэвсэл, хавсрах нь элбэг байдаг.
Өвчин ихэвчлэн зун намжмал байдалд байдаг онцлогтой.
Оношлогоо: Өвчнийг асуумж, эмнэлзүйн шинж тэмдэг зэргээр оношлоно.
Ялган оношлогоо:
Атопийн дерматит: Энэ өвчний үед удамшлын ужиг өгүүлэл, хамрын салстын үрэвсэл, гуурсан хоолойн багтраа зэрэг харшлын өвчнүүдээр өвчлөмтгий байх, дархлааны өөрчлөлт, Т эсийн дархлаа сулрал, IgE ихсэлт, ходоод гэдэсний үйл ажиллагааны алдагдал, хүүхэд байхдаа экземээр өвчилж байсан зэрэг асуумжтай байдаг.
Эмчилгээ: Харшил төрүүлэх хоол хүнсээс татгалзах, ариун цэврийн эрүүл ахуйн дэглэм, ажил амралтаа зөв зохицуулах, архаг халдварын голомтыг эрүүлжүүлэх, хоол боловсруулах эрхтэнийг эрүүлжүүлэх, синтетик цагаан хэрэгсэл, будганд оруулсан нэхий, ноосон эдлэл, хувцас зэргийг арьсан дээр шууд хүрэлцэхээр өмсөхгүй байвал зохино.
Эмийн эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналт дор хийх нь зүйтэй.
Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт өвчин буюу "Нейродерматоз" | ||
Үзсэн: 8647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.