Шууд Chart

Л.Төмөрбаатар: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ гэж буруу ойлгоод байна

2016-04-01 17:02:19

Хавдар судлалын үндэсний төв элэг үнэгүй шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулна гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгахад 75-80 сая төгрөгийн зардал гарч байхад, Хавдар судлалын үндэсний төвд үнэгүй суулгаж байна гэх мэт мэдээллүүд иргэдийн дунд цацагдсан. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн дарга Л.Төмөрбаатараас тодрууллаа.

Тэрбээр өгсөн тайлбартаа, жилд нийт 2200 гаруй хүн элэгний хорт хавдраар өвдсөн судалгаа байна. Элэг шилжүүлэн суулгахаас бусад түвшний эмчилгээний асуудлыг манай эмч нар үндсэндээ шийдсэн. Манай дараагийн зорилт бол элэг шилжүүлэн суулгах. Гэхдээ өнөөдөр Нэгдүгээр эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн. Харин тэнд элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгаагүй байгаа. Иймд энэ технологийг Хавдар судлалын үндэсний төв өөр дээрээ нэвтрүүлнэ. Яагаад энэ мэдээлэл гарах болов гэвэл Шинжлэх ухаан технологийн санд элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах нутагшуулах төсөл бичсэнээр төслийн санхүүжилт болох 400 сая төгрөгийг авсан. Төслийн гол зорилго нь гурван жилийн хугацаанд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх төлөвлөгөөтэй. Энэ тухай л ярьсан. Энэ бол ганцхан энэ жил хийх асуудал биш. Өнөөдөр хорт хавдартай хүн гэхэд жилд шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 5 орчим хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай гэж үзэхэд жилдээ 130-150 хүн зөвхөн хорт хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа.

Монголын эрүүл мэндийн салбарт өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хичнээн ажилласан ч хангах боломжгүй. Гэхдээ гадагшаа явж байгаа иргэдийн тоог бууруулах ёстой. Тэдэнд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах шаардлагатай гэдэг үүднээс энэ төслийн хүрээнд хийгдэх 20 хагалгааг тухайн өвчтөнөөс аль болох зардал авахгүй байхаар, зарим хэсгийг нь төсөвт суулгах, зарим хэсгийг нь олон нийтээс хандив цуглуулах байдлаар хийе гэсэн зорилт тавьсан. Тиймээс энэ хагалгааг огт үнэ төлбөргүй хийх боломжгүй, дийлэхгүй. Зөвхөн эм хэрэгслийн зардал гэхэд 50-60 сая төгрөг гарахаар байгаа. 2016 онд эхний тохиолдлыг хийхээр төслийн хүрээнд төлөвлөсөн. Өвчтөнөөс гарах эрсдлийг бууруулъя гэсэн зорилт тавьсан. Харин зарим хэсэг нь буруугаар ойлгосон юм билээ. Одоо хагалгааны дараалалд оръё гэж бидэнд хандаж байгаа. Өвчтөнийг явц дунд судалж байж авна. Өнөөдөр 20 жагсаалтыг гаргах ямар ч боломжгүй байна. Учир нь энэ хагалгаа нь гурван жилийн хугацаанд хийгдэх хагалгаа юм" гэв.


Л.Төмөрбаатар: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ гэж буруу ойлгоод байна  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-04-01 17:17
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй