Шууд Chart

Тарковскийн ховор баримтуудыг 2.5 сая доллараар худалдан авч музейд нь шилжүүлжээ

2016-04-25 11:32:31

Дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгч, Оросын найруулагч Андрей Арсеньевич Тарковскийн намтартай холбоо бүхий архивын ховор баримтуудыг Иванов хотын Юрьевец дэх гэр музейд нь шилжүүлжээ.

“Газарч”, “Толь” киноны кадрын зураглалууд /раскадровка/, тэмдэглэлийн дэвтрүүд,  Леонид Брежневт илгээсэн захидал,  цаг үеэ “жаахан” таагүй шүүмжилсэн сэтгэгдэл бүхий  дуу хураагуурын хуурцгуудыг “Сотбис” дуудлага худалдааны биржээс худалдан авсан байна.


“Толь” киноны зураг авалтын үеэр

Ховор баримтуудыг найруулагчийн нарийн бичгийн дарга асан кино судлаач Ольга Суркова дуудлага худалдаанд оруулсан юм. Тэрээр Голландад олон жил амьдрахдаа Тарковскийн бичиг баримт, эд зүйлсийг эмхлэн цэгцэлж хадгалжээ.

Гурван жилийн өмнөх тус арилжаанд 22 төлөөлөгч өрсөлдсөнөөс эцсийн дүнд 2.5 сая долларын /1 сая 300 000 фунт стерлинг/ санал дэвшүүлсэн Иванов хотын оролцогч ялалт байгуулсан юм.

Ялагчийн хожсон ховор баримтуудын багцад Тарковскийд хамаарагдах огт санаанд оромгүй зүйлээс авахуулан 1000 гаруй эд зүйлс багтжээ. Андрей Тарковскийн гар бичмэлүүд “Сотбис” дуудлага худалдаанд сүүлийн 13 жил зарагдаагүй өндөр үнэ хүрсэн байна.

Домогт найруулагчийн гар ноорог, дуу хоолойн бичлэг Оросын суут яруу найрагч А.С.Пушкины шүлгийн эхээс илүү үнэлэгджээ.


ЗХУ-ын төрийн шагналт яруу найрагч Арсений Тарковский ирээдүйн алдарт найруулагч хүү Андрюшатай /1930-аад оны сүүл/

Энэхүү үзмэрүүдийг 2013 оны зургаадугаар сард болсон Тарковскийн нэрэмжит “Толь” кино наадмын үеэр нийтэд дэлгэн үзүүлсэн байна.

1972 онд Зөвлөлтийн  кино судлаач Леонид Козлов түүнээс хамгийн шилдэг кино болон найруулагчийг нэрлэнэ үү гэж асуухад дэлхийн кино урлагт өндөр хэмжүүртэй  ханддаг Андрей Арсеньевич хоромхон зуур үзэг гарган эдгээр нэрсийг бичжээ.


2012 онд  Андрей Арсенивич Тарковскийн 80 насны ой тохиосон бөгөөд энэ хүрээнд Шведэд нэрт найруулагчийн өдрийн тэмдэглэлийг эмхэтгэн  960 хуудас бүхий “Мартиролог” нэртэй ном гаргажээ.
Энэхүү ном нь түүний 1970 оноос “Солярис” кинон дээр ажиллаж байсан үеэс 1986 онд амьсгал хураах хүртлээ бичиж тэмдэглэж байсан гар бичмэлээс бүрджээ.
Түүний өдрийн тэмдэглэлд  уншсан номуудын ишлэлүүд, бодрол бясалгал, зурсан зургууд, уран бүтээлийн төлөвлөгөө, үнэлэлт дүгнэлтүүд байгаа юм.

“Мартиролог” ном нь өмнө нь Англи, Герман болон бусад хэл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд 1994 онд Парисын номын салоны шагнал хүртэж байжээ.


 
“Мартиролог” өдрийн тэмдэглэлээ 1974 оны 12 дугаар сарын 18-нд эхлэн бичсэн гар бичмэл


 Тэрээр сайн зураач байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэмдэглэлд түүний уран таталбар цөөнгүй бий

Алдарт  найруулагчийн  амьдралынхаа эцсийн мөч хүртэл гадаадад  цөөнгүй  жил амьдарч байхдаа  үлдээсэн  эд мөрийн баримтыг эх орондоо авч ирэхэд урлагт хайртай  олон  меценат өгөөмөр гараа сунгажээ.
“Капитал Груп”-ийн захирлын зөвлөл Павел Тё , “Толь” кино наадмын хамтрагч “Газпромбанка”-ийн Илья Елисеев болон бизнесмен Александр Клячин, Мишель Литвак, “Үндэсний бестселлер” шагналыг санаачлагч Константин Тублин  нар хичээнгүйлэн зүтгэсэн байна.
Мөн өөрийн хувийн “буурай” үзмэрээс хандивласан алдарт кино найруулагч Никита Михалковын нэрийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.

Лондоны “Сотбис” урлагийн биржийн ээлжит арилжаанд эцсийн шат хүртэл оролцогчид продюсер Борис Тетеревийг эс тооцвол нэрээ хэлэхийг хүсээгүй юм.
Тэдний дунд олны танил эрхмүүдээс Данийн кино найруулагч Ларс фон Триер байсан юм.
Иванов хотын захиргаа 2013 оны “Толь”олон улсын кино наадмын үеэр Андрей Тарковскийн дуу хоолой бүхий 32 хуурцаг, 13 мини пянз, томоохон хэмжээний гэрэл зургийн 4 цомог, “Цагаан, цагаан өдөр”, “Толь”, “Солярис”, “Газарч” киноны эцсийн хувилбараар цомог бэлдэн хэвлэн гаргажээ.

“Толь” кинон дээр Тарковскийн ээж Мария Ивановна  гол дүрийг бүтээлээ. Ээжийнх нь залуу насны дүрд  Маргарита Терехова гайхамшигтай жүжиглэсэн.


 
Францын Парис хотын Сэнт Женевьев-де -Буа дахь Оросын оршуулгын газар их найруулагчийн болон түүний гэргий Ларисагийн даруухан шарил. Одоо засаад янзалчихжээ. Ерээд оны сэтгүүл дээрээс харахад хэцүүхэн харагдаж байсан. Энэхүү шарил дээр “Сахиусан тэнгэртэй уулзсан хүн” гэсэн бичээс байдаг гэнэ.

Тус товхимолд орсон түүний кино зохиолууд болон зураг авалтын кадрын төлөвлөгөө, Леонид Брежневт илгээсэн дэлхийд алдар нь түгж олон наадмын түрүүг авсан хэрнээ Зөвлөлтийн дэлгэцэнд “Андрей Рублев” киног гаргахгүй байгааг лавласан захидал зэрэг олон сонирхолтой баримт сайхан сэтгэлт  нутгийн меценатуудын ачаар алдарт найрагчийн төрсөн нутагт хадгалагдан үлдлээ.


Тарковскийн ховор баримтуудыг 2.5 сая доллараар худалдан авч музейд нь шилжүүлжээ   
Үзсэн: 6039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-04-25 19:22
Урлагийг дэмжигч меценатууд зохион байгуулалтын очиж дуудлага худалдаанд ялалт байгуулсан юм билээ.
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-04-25 12:04
сайхан жишиг байна, гэхдээ энэ 2.5 сая долларын санхүүжилтыг хаанаас ямар байгууллага гаргасан юм бол доо, Оросын төрөөс нь юм уу, түүнийг дэмжигч нар мөнгө гаргаад музейд өгсөн юм болов уу

Бидэнтэй нэгдээрэй