Шууд Chart

“Супер цом”-ыг “Эрчим” клуб тав дахь удаагаа тэргүүллээ

2016-05-02 11:38:02

“Хүрхрээ дээд лиг”, МХБХ-ны “Холбооны цом”-д өнгөрсөн жил түрүүлсэн “Эрчим” клуб өчигдөр “ФЦ Улаанбаатар” клубтай “Супер цом”-ын тоглолтыг МХБХ-ны ногоон талбайд хийлээ.

Жилд ганцхан удаа болдог энэхүү тоглолтыг шүүхээр олон улсын зэрэглэлтэй дөрвөн шүүгч ажилласан юм. Мэргэжлийн тамирчид бүтэн жилийн хөдөлмөрөө лигийн тэмцээнд харуулан, сонирхогчдын багууд дээд лигт дэвшихийн төлөө чадах бүхнээ хийх талбайн улирлын нээлт болгон “Супер цом”-ын тэмцээн явагддаг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээний өмнө "ФЦ Улаанбаатар" өнгөрсөн жил хоёр ч цомын төлөө өрсөлдөж ялагдсан "Эрчим"-ийг ялах даалгавартай байв. Гэвч тэдний даалгаврыг улам хүндрүүлж, лигийн аваргуудын долоо дугаартай Ц.Энхтөр 16 дахь минутад тооны харьцааг нээсэн.

Өнгөрсөн улиралд хэд хэдэн тоглолтыг сэлгээний суудлаас эхлүүлсэн тэрбээр 27 минутад хоёр дахь гоолоо оруулж, дасгалжуулагчийнхаа итгэлийг дааж чадлаа. Нүд ирмэхийн зуурт хоёр гоол алдсан “нийслэлчүүд” өөрсдийн зорилгыг гүйцэлдүүлэх доривтой довтолгоо өрнүүлж чадахгүй байсаар 33 дахь минутад дахин нэг гоол алдсан.

Энэхүү гоолыг "Хүрхрээ" лигийн шилдэг хамгаалагч, 2015 оны бэлгэдлийн шигшээ багт багтсан залуу тамирчин Г.Төгөлдөр чөлөөт цохилтоос хөндлөнгөөс ойсон бөмбөгийг нэмж оруулсан юм.

Цагаан өмсгөлтнүүдийн гоолын тоо үүгээр дууссангүй эхний үе өндөрлөхөөс таван минутын өмнө тав дугаартай Т.Мөнхбаатар баруун жигүүрээс эхлүүлсэн довтолгоогоо өөрөө дуусгаж, нэгдүгээр хагас 4:0-ээр өндөрлөсөн.

"Эрчим" сайн тоглолтоо хоёрдугаар үед ч үргэлжлүүлсээр 57 дахь минутад 10 дугаартай М.Төгөлдөр 20 орчим метрээс Г.Билгүүний хаалгыг мялаасан. Япон легионер И.Шута 79 дэх минутад тоглолтыг эцсийн цэгийг тавьснаар “Эрчим” өрсөлдөгчөө 6:0-ээр буулган авлаа.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор, нэг гоол, гоолын дамжуулалтыг толилуулсан М.Төгөлдөр шалгарав.

Ингээд 2011 оноос хойш зохиогдсон “Супер цом”-ыг “Эрчим” клуб тав дахь удаагаа өөрсдийн болголоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Супер цом”-ыг “Эрчим” клуб тав дахь удаагаа тэргүүллээ   
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй