Шууд Chart

“Би би” нэвтрүүлгийн өдөрлөг боллоо

2016-05-02 13:26:38

МҮОНТ-ийн нэгдүгээр суваг олон сайхан нэвтрүүлгээр үзэгчдийнхээ мэлмий мялааж, сэтгэлд нь шингээдэг. Үүний нэг нь  алдрай бяцхан хүүхдүүдэд зориулсан “Би би” нэвтрүүлэг билээ. Жилийн нүүр үзээд буй ч олон үзэгчтэй болсон энэхүү нэвтрүүлгийн өдөрлөг өчигдөр “Хүннү Молл”-ын тайзнаа болсон юм. Энэ үеэр тус нэвтрүүлгийн редактор, сэтгүүлч Б.Золжаргалаас дараах асуултад хариулт авлаа.

Б.Золжаргал: Манай нэвтрүүлэг гэр бүлд чиглэсэн

-Өдөрлөгт хэдэн хүүхэд оролцож, авьяасаа үзүүлсэн бэ?

-Манай нэвтрүүлэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үзэгчдийн хүртээл болсон. Гэвч олон хүүхэд цэнхэр дэлгэцийнхээ удирдлагыг бариад тэсэн ядан хүлээдэг болсонд баяртай байна. Бид сүүлийн үед гарч буй бусад телевизийн хүүхдийн нэвтрүүлгээс шинэлэг бөгөөд нийгэмд өгөөжтэй байлгах үүднээс ажиллаж байгаа.

-Энэ удаагийн өдөрлөгийн зорилго юу байв?

-Мөндөөхэй хэмээх бяцхан баатартай болсон болохоор түүнийг танилцуулах юм. Өдөрлөг тавдугаар сарын 1-ний  11:00-17:00 цагийн хооронд болоход хүүхдүүд аав, ээжтэйгээ зорьж ирээд хамтдаа дуулж, бүжиглэж, Мөндөөхэйтэй дурсгалын зургаа их татуулсан.

-Өдөрлөгт олон хүүхэд оролцож байна. Ямар ямар цэцэрлэгийнхэн байгаа вэ?

-Хан-Уул дүүргийн “Аз жаргалант”, “Бүдэн”, “Жаргалант”, нийслэлийн 225, 145, 38, 113 дүгээр цэцэрлэг гэх мэт 10-аад байгууллагын хүүхэд оролцлоо.

-Өдөрлөгт авьяасаа үзүүлж байгаа хүүхдүүд тухайн сонирхдог хамтлаг, дуучныхаа имижээр хувцаслаж, дууг нь дуулж байгаа нь их өвөрмөц санагдлаа?

-Тийм ээ. Манай нэвтрүүлэгт “Мөрөөдлийн тухай” гэдэг булан бий. Үүнд оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүд энэ удаагийн өдөрлөгт оролцож, “Хүннү Молл”-ийн тайзнаа ая дуу, бүжиг, гимнастик, хөгжим эгшиглүүллээ. Жишээлбэл,  “Хурд”, “Номин талст” хамтлагийн фэнүүд өөрсдийн имижийг бүрдүүлж, дууг нь дууллаа. Нийт 21 номер бэлтгэгдсэн.

-Анхны өдөрлөгөө хаана хийж байв?

-Бид энэ нэвтрүүлгээ дөнгөж эхлүүлж байсан болохоор албан ёсоор нээлт хийгээгүй. Эхний хугацаанд нэвтрүүлгээ л сайн хийе гэж бодсон хэрэг. Аль болох шинэлэг нэвтрүүлэг өлгийдье гэж бодсон. Гэхдээ өнгөрсөн жилээс хойш манай нэвтрүүлэгт давхардаагүй тоогоор нийслэлийн 35 цэцэрлэгийн 250 гаруй хүүхэд оролцсон байна билээ. Телевизээр Мөндөөхэйг олон хүүхэд харж байсан ч энэ удаа улам их таньдаг боллоо. Түүнтэй дурсгалын зураг татуулах хүүхэд ч олон байна.  

-Нэвтрүүлэг хэд дэх өдөр үзэгчдэд хүрдэг вэ?

-МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар даваа, лхагва гараг бүрийн 18:30 цагаас гардаг. Найруулагчаар Н.Нармандах, редактороор Б.Золжаргал, хөтлөгчөөр Төрмөнх, Мөндөөхэйд Цэрэндулам, туслах найруулагчаар Мөнхчимэг болон манай телевизийн хүүхдийн студийн багийн уран бүтээлчид ажилладаг. Цаашид жил бүрийн энэ өдөр “Хүннү Молл”-той хамтарч өдөрлөгөө зохион байгуулна.

-Нэвтрүүлгийн зорилго юунд оршиж байгаа вэ?

-Гэр бүлд чиглэсэн. Сүүлийн үед аав, ээжүүд ажил гэж явсаар үр хүүхэддээ анхаарал хандуулах нь багасч байна. Тиймээс аав, ээжүүдийг хүүхдүүддээ чөлөөт цаг гаргаасай гэсэн үүднээс энэ нэвтрүүлгээ эхлүүлсэн юм. Үндсэндээ дөрвөн булантай бөгөөд тодруулбал, “Аавтайгаа, ээжтэйгээ” булан маань гэр бүлд чиглэсэн бол “Би чадна” буланд тухайн хүүхэд юу чаддагаа харуулах юм. Харин “Мөрөөдлийн бяцхан одод”, “Дагаад хийгээрэй”  буланд хүүхдүүд урлагийн авьяасаа үзүүлэхээс гадна танин мэдэхүйд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Би би” нэвтрүүлгийн өдөрлөг боллоо  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй