
МХБХ-ны насанд хүрэгчдийн УАШТ дуулиан шуугиантай эхэллээ. 20 баг оролцож буй энэхүү тэмцээний хагас шигшээд шалгарсан дөрвөн багт "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т оролцох эрх олгох болсон нь өрсөлдөөнийг улам хурцлаад байна. Тэмцээний нээлтийн тоглолтоос гурван оноо авах боломж БХИС-ийн багт бүрэн байсан ч “юм, юм” дутах нь тэр.
Тэд тоглолтын 33 дахь минутад Э.Эрдэнэбатын хоёр, Н.Батбаярын нэг гоолын ачаар 3:0-ээр тэргүүлж байв. Энэ үед хэн бүхэнд тоглолтын хувь заяа ойлгомжтой болсон мэт санагдсан биз ээ. Гэсэн ч Баянхонгор аймгийн шигшээ баг хөлбөмбөгт юу ч тохиолдож болохыг баталж, эцсийн дүндээ 4:3-аар ялалт байгууллаа. Тэднээс Г.Гончигдорж 40, Д.Баатархүү 55, 67, Б.Даваасүрэн 81 дэх минутад гоолын дансанд нэрээ бичүүлсэн юм. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт ч тун санаандгүй байдлаар өндөрлөв.
"Шонхорууд" тоглолт эхлээд гурван минут ч өнгөрөөгүй байхад хоёр гоол хийж, хүчирхэг өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсан. Гэхдээ ОУХМ Г.Даваа-Очир тэргүүтэй "Гоёо"-гийнхон үүнийг зүгээр хараад суусангүй. Цагтаа Монголын дээд лигийн мэргэн буучаар шалгарч явсан Д.Энхтайваны покер, С.Баатарсүрэнгийн нэг гоолын ачаар 5:2-оор тэргүүлэх болсон билээ.
Гэвч энэ тоглолтоос хэн нь ч бүтэн оноо авах учиргүй байжээ. "Шонхорууд" тоглолтын төгсгөлийг сайн хийснээр 5:5-аар тэнцэж, маш үнэ цэнэтэй нэг оноог өөрийн болгох нь тэр.
Харин "В" хэсгийн эхний тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй болсонгүй. Серб дасгалжуулагч Александр Вукмировичоор удирдуулсан "Сүмида" "Чингэлтэй БТ"-г 5:0-ээр, сонирхогчдын ангилалдаа шилдэгт тооцогдох "Жепро" залуу бүрэлдэхүүнтэй "Туулын том тулнууд"-ыг 4:0-ээр буулган авлаа. "Сүмида"-гийн ялалтын гол баатар нь киргиз хаалгач Владислав Волков, довтлогч Д.Чимэд нар байв. Улсынхаа шигшээ багт тоглож, "Дордой Бишкек" клубынхаа хамтаар Азийн хөлбөмбөгийн холбооны "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр ч удаа түрүүлсэн Волковын тоглолт арай л өөр байсныг тоглолт үзсэн хүн бүхэн хэлж байлаа. Харин Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын манлай заан З.Дүвчин, волейболын ОУХМ, нэрт дасгалжуулагч Д.Солонго нарын хүү Чимэд хет-трик хийж багаа ялалтад хөтөлсөн юм. Ийнхүү УАШТ-ий эхний өдөр үзэх, онцлох зүйл олон байлаа. Тэмцээн хоёр дахь өдрөө "С", "D" хэсгийн тоглолтоор үргэлжилнэ.
Хөлбөмбөгийн УАШТ дуулиантай эхэллээ | ||
Үзсэн: 1659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.