Шууд Chart

“Альянс Тех Харцага” цувралыг тэргүүлж эхэллээ

2016-05-05 15:56:00

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт Спортын төв ордонд боллоо.

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Хүлгүүд цувралд 1:2-оор хожигдож эхэлсэн тул өнөөдрийн тоглолтод заавал хожих ёстой байсан. Хэрэв тэд хожигдвол байдал улам хүндрэх байлаа. Гэхдээ тоглолтын эхнээс Харцага-ын Райн Гесковски гайхалтай байж зөвхөн нэгдүгээр үед 15 оноо авав. Улмаар баг нь өрсөлдөгчөөсөө 14 оноогоор тасрав. Ийнхүү эхний үе 40:26-гаар Харцага илүүрхсэн юм. Харин хоёрдугаар үед легионер тоглогч Корбин сайн тоглолтоо үзүүлэн Хүлгүүд тооны харьцааг ойртуулж чадсан юм. Улмаар эхний хагас 59:58-аар дууслаа. Гуравдугаар үед Б.Билгүүн шилдэг тоглолтоо үзүүлэн 11 оноо авснаар баг нь таван оноогоор тэргүүлж эхлэв. Энэ үе 88:83-аар Хүлгүүд-ийн давамгайллаар өндөрлөсөн юм.

Нэг, хоёрдугаар үед тааруухан тоглосон Харцага”-ын легионер Карл Блэйр шийдвэрлэх сүүлчийн хагаст үнэхээр онцгой байлаа. Ялангуяа дөрөвдүгээр үеийн эхэнд дараалан найман оноо авч багаа сэргээв. Улмаар Харцага тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 124:110-аар буулган авч цувралыг 3:1 болголоо. Одоо Хүлгүүд-д хожигдох эрх байхгүй. Энэ тоглолтыг үзсэн хөгжөөн дэмжигчид шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас Харцага хожлоо хэмээн дүгнэсэн болов уу. Хэрэв дэмждэг баг тань хожигдсон бол алдаагаа шүүгчээс битгий хайгаарай. Багийн үзүүлэлтийг харахад хоёр баг тэнцүүхэн өрсөлджээ. Харин Хүлгүүд багаараа есөн холын зайн шидэлт амжилттай болгосон бол Харцага багаараа 14 шидэлт байнд нь тусгасан нь ялалтын үндэс болжээ. Мөн Хүлгүүд-ийн хамгаалалт тун тааруу байсныг онцлох нь зүйтэй. Тэд хамгаалалтын шилжилт дээр алдаа гаргаснаар эсрэг багийн нэг тоглогчийг заавал сул орхиж байлаа. Мөн Райн Гесковскиг Хүлгүүд-ээс хамгаалах тоглогч одоохондоо алга.

Харцага довтолгооны самбарт тун идэвхтэй тоглож байна. Тус тоглолтод Харцага-аас Райн Гесковски 39 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Блэйр 32 оноо, 11 самбар, зургаан оновчтой дамжуулалт, П.Болортулга 10 оноо авчээ. Харин Хүлгүүд-ээс Б.Билгүүн 35 оноо, есөн самбар, Корбин 30 оноо, найман самбар, Н.Золжаргал 13, О.Сэргэлэн 11, М.Отгонмөнх 10 оноо тус тус авав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Альянс Тех Харцага” цувралыг тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 1541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй