
Бид яагаад хуулийг биелүүлдэггүй вэ. Эсвэл хууль яагаад хэрэгждэггүй вэ...
Харах өнцөг нь ямар байхаас хамаараад олон янзаар хариулах биз ээ. Хууль тогтоомжийн цэгцтэй ойлголт байхгүйгээс, хувийн үнэлэмжээр тайлбарласнаас, санаатай, санаандгүй байдлаар хуулийн хэрэгжилтэд нөлөөлснөөс гээд шалтгаан олон. Тэгвэл эндээс арай өөр агуулгатай нэг сэдэв анхаарал татсан учир дуулснаа тантай хуваалцъя.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх тухай хууль 90 хувьтай хэрэгжиж байна гэж албаныхан дүгнэжээ. Гэтэл нөгөө талд сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар архинаас үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлттэй иргэд 40 дахин өсчээ. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд онц үнэлгээ өгөхдөө, дам тамхидалтад өртөх явдлыг хязгаарлаж чадсан гэдэг талаас нь харсан байх юм. Тэгвэл хуулийн зорилтоо эргэн харцгаая.
“Нэгдүгээрт, тамхины хэрэглээ, хоёрдугаарт, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амаа хамгаална” гэжээ. Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн хэрэглээнд өөрчлөлт орсон эсэх, хэдэн хүн сөрөг зуршлаасаа салж, тэдний сэтгэл зүйтэй хэн хэрхэн ажиллаж, нөлөөллийн ямар ажил явуулсан бэ гэдэг талаас нь харвал өөрчлөгдсөн зүйл алга байна.
Хөгжингүй орнууд дахь зах зээлийн өсөлт буурч байгаагаас томоохон тамхи үйлдвэрлэгч корпорациуд хөгжиж буй орнууд руу маркетингийн идэвхтэй үйл ажиллагаагаа чиглүүлж, зуршлыг нь өдөөх болжээ. Тэгэхдээ бүүр хүүхэд залуус руу нь маш хүчтэй довтолж, шинэ хэрэглэгчдээр эгнээг нь нөхөж байгаа тухай мэдээлэл бий. Мөн халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлагдаад 10 гаруй жил болж байгаа ч жингийн илүүдэлтэй иргэд, чихрийн шижин өвчин нэмэгдэх хандлагатай болж. Ийм байдлаар өдөр тутам мөрдөгдөж байдаг хуулиуд хэрхэн хэрэгжиж байгааг та тунгаагаад үзээрэй.
Өнөөдөр Монгол Улсад 593 хууль хэрэгжиж байна. Дээр нь УИХ, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц зэргийг нэмэхэд чамлахааргүй тоо гарна. Тэгвэл нийгмийн зан төлөвийг өөрчлөхгүй л бол магадгүй хэзээ ч хэрэгжихгүй байж мэдэх хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийг олон нийтэд ойлгуулах, ойртуулах шинэ арга замыг улс орнууд хэдийнээ сонгоод эхэлжээ. Хууль хэрэгжүүлэх, хөрсөнд буулгах аргыг мэргэжлийн хэлээр “Нийгмийн маркетинг” гэдэг байх нь. Судлаачид ийн тайлбарлаж байна.
СЭЗДС-ийн багш, судлаач Б.Нандин-Эрдэнэ: -Дан ганц хуулиар бүгдийг хязгаарласнаар зан үйлийг хэвшүүлнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Жишээ нь, суудлын бүсээ зөвхөн торгуулахгүйн тулд л зүүдэг гэж олонх нь ойлгож байж болох юм. Угтаа өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө цагдаа харагдахгүй байсан ч бүсээ зүүдэг байх ийм л зан төлөв байх ёстой. Энэ бүхнийг өөрчилж болдог. Хууль эрхзүй дангаараа явдаггүй юм. Зөөлөн арга, хатуу аргын аль алиныг нь ашиглах юм бол илүү үр дүнд хүрдэг. Бодлого боловсруулагчид хуулиа чангатгах нь зөв, сайн. Гэхдээ нөгөө талаас хүний ухамсраас эхлэх ёстой гэдгээ мартчихаад байдаг. Хууль гаргаад л боллоо гэж ойлгодог. Зэрэгцүүлээд нийгмийн маркетингийн хөдөлгөөнийг өрнүүлэх ёстой. Ингэх юм бол хууль аяндаа хэрэгжиж эхэлнэ. Хүмүүс ч хуулийг илүү сайн ойлгоно. Ямар учраас хууль гаргадаг, яагаад торгох гээд байгаа, би хэнд хор хохирол учруулах гээд байгаагаа илүү сайн ойлгож эхэлнэ. Бодлого боловсруулагчдад хэлэхэд нийгмийн маркетингийн компанит ажлаа өрнүүлээч ээ. Та бүхний боловсруулан баталсан хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд тусална гэдгийг л хэлмээр байна.
Өнөөдөр улсаас хууль санаачлахад 10 сая төгрөг, бусад орны хуулийг судалж туршлага солилцоход нь зориулж мөн 10 сая, нийтдээ 20 сая төгрөг төсөвлөдөг. Тэгвэл УИХ-ын зарим гишүүнээс бүрэн эрхийн хугацаандаа санаачилсан хууль нь хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьсан, түүнд гар бие оролцсон эсэхийг асуулаа. Олонх нь “Засгийн газар хууль мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байгаа. Нийгмийн маркетингийн тухай тодорхой ойлголтгүй байна” гэсэн хариулт өгч байв.
Бусдын сайн жишээг буулгаж яагаад болохгүй гэж...
Гучин жилийн дотор хэрэглээгээ эрс бууруулж, хамгийн бага тамхидалттай орон болж чадсан Австрали улсын жишээ бий. Олон нийтийг хамарсан буруу зан төлөвийн эсрэг зөвхөн эрхзүйн бодлогоор тэмцэхээс гадна сэтгэл зүйн хандлагад нь нөлөөлж чадсан тэдний зам “Нийгмийн Маркетинг”. Хуулийг албадлагын шинжтэй хатуу арга гэж үзвэл зөөлөн арга нь нийгмийн маркетинг болох нь. Хатуу чанд хуулийг зөөлөн аргатай зэрэгцүүлсэн нь илүү үр дүнтэй гэж хөгжингүй улс орнууд үздэг, бас хэрэгжүүлдэг юм байна.
Харин манайд эхлэл нь ч тавигдаагүй байна. Энэ чиглэлээр судалгаа хийж байгаа СЭЗДС-ийн багш Э.Одонтамиртай ярилцахад “Одоогоор яг энэ чиглэлээр мэргэжлийн маркетер цөөхөн. Мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ч алга. Тодорхой ойлголтуудыг л өгч, ер нь өөрөө өөрсдийгөө л бэлтгэж явна” гэж байлаа.
Дэлхий нийт 1980-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн нийгмийн маркетингийн ойлголт манайд өнөөдөр их, дээд сургуулийн түвшинд ярьж, зарим ТББ зах зухаас нь нэвтрүүлэх оролдлого хийж байна. Харин төрийн байгууллагуудад энэ тухай мэдээлэл алга. Тэдний хувьд хууль хэрэгжүүлэх зөөлөн арга нь сургалт, семинар, богино хэмжээний реклам, сурталчилгаа гэсэн өнгөц ойлголт явж байна. Зарим нь бүр сурталчилгаа, бизнесийн байгууллагад л хамаатай мэт тайлбар ч өгч байлаа.
Өндөр хөгжилтэй орнуудад Засгийн газар нь нийгмийн маркетинг хэрэгжүүлэхэд оройлон оролцдог юм байна. Манайд төсөл хөтөлбөр хэрэгжих үед Засгийн газрын түвшинд явуулдаг, эсвэл эрүүл мэндийн чиглэлээр эмч нарын дунд явуулдаг судалгаа арай дөхөж очно гэж үзэж болох ч энэ нь хичнээн хүн архи, тамхинаас хамраалтай, хэдэн хүн аюулгүйн бүс зүүдэггүй гэх мэтээр судлаад л орхидог. Энэ нь хөрсөнд буулгахын тулд юу хийхээ гүйцээдэггүй гэсэн үг юм.
Тэгвэл хэрхэн, яаж бууруулах, бодитой үр дүн гаргахын тулд хэрхэн ойлгуулж, ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэг нь тусдаа асуудал. Энэ бүхнийг сайн мэддэг, мэдэрдэг маркеруудын орон зай байх ёстойг мэргэжлийн хүмүүс ч сануулж байна. “Өнөөдөр бид нийгмийн маркетингийн чилэлээр судлаачдаа бэлтгэх хэмжээнд хүрсэн. Харин одоо бодлого боловсруулагчид түүний ач холбогдлыг нь ойлгож эхлэх хэрэгтэй байна. Түлхэц өгдөг хоосон байгаа орон зайг нь Нийгмийн маркетерууд нөхөх ёстой” гэсэн тайлбарыг тэд хэлж байгаа юм. Бусдын хувьд хуучин, манайд шинэлэг сонсогдож байгаа энэ аргыг нэвтрүүлчих юм бол хуулиа дээдэлдэг, хуулийн дагуу амьдрахын ач холбогдлыг ухаж ойлгосон, ёстой л өнөө иргэний боловсролтой хүмүүс эндээс бий болно. “Бүх тамхийг устга. Ерөөсөө тамхи огт худалдаж болохгүй гэх юм бол харин ч буруу аргаар олох зэргээр сүүдэрт нь хууль бус бизнес цэцэглэдэг. Архи, архичин хоёрыг дайсан мэт ярихын оронд “спиртлэг бус спортлог амьдрах ямар ач холбогдолтой вэ гэх мэт мэссэжийг нийгэмд өгөх илүү ач холбогдолтой болов уу” гэсэн хуулийн салбарынхны тайлбарыг төгсгөлд нь хүргэе.
Хууль сурталчлахад, хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардагддаг шиг нийгмийн маркетинг хийх үнэлгээ ч мөн өндөр. Гэхдээ үр дүнгээ өгсөөр байгаа учир улс орнууд нийгмийн маркетинг руу мөнгөө харамгүй зарцуулсаар байна.
Зөөлөн нь хатуугаа буюу хуулийг юу хөрсөнд буулгадаг вэ | ||
Үзсэн: 3876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.