Шууд Chart

Уянгалаг үдшээр хөг нэмсэн Э.Болор-Уянга

2016-05-07 15:24:28

Амьд хөгжмийн хэмнэлд ёстой л уянгатай дуу эгшиглэсэн тоглолт өчигдөр орой “Ivy” ресторанд боллоо. Энэ бол дуучин Э.Болор-Уянгын "Энэ миний огторгуйд" цомгийн нээлт байв. Тэрбээр үүгээрээ бие даасан хоёр дахь тоглолтоо зохион байгуулсан нь энэ юм. Тодруулбал анхных нь өнгөрсөн жил “River sounds”-д болж, мөн л олон үзэгчээр дүүрсэн нижгэр арга хэмжээ болсныг уншигч та санаж буй биз ээ.

Өчигдөр болсон тоглолтод нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, уулчин, эмч Л.Баярсайхан, “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын зэрэг олны танил хүмүүсээс гадна дуучин бүсгүйн ах дүү, найз, сонсогчид нь хүрэлцэн ирсэн. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, “Шар айраг” хамтлаг ая дуугаа өргөсөн юм.

Тэрбээр энэхүү тоглолтдоо дуулах бүтээлээ өөрөө сонгосон гэсэн. Тайзнаас анх удаа сонсгож буй дуу хэд хэд байсан ч сэтгэл ойр, чихэнд наалдацтай сонсогдож байсныг нуух юм. Тиймээс түүнд хандаж хэлэхэд тэдгээр дуугаа нэн даруй клипжүүлж, нийтэд хүргээрэй гэж хэлэх байна. Мөн тэр цаашид гэгээлэг сэдэвтэй уран бүтээлээр урын сангаа аривжуулна гэж байсан.

Э.Болор-Уянга 2006 онд “Чамд” 2012 онд “Дурсья, дуулья” цомгоо өлгийдсөн. Эдгээр цомгийнхоо баярыг найзуудынхаа хүрээнд хийж байсан бол энэ удаа арай өргөн хүрээнд хамруулсан байв.

Дуутай, бүжигтэй, уянгын болон ритэмлэг хөгжмийн хэмнэлтэй тоглолтын үеэр зарим зочдоос сэтгэгдэлийг нь сонссоноо уншигч танаа хүргэе.  

Б.Сарантуяа:  Э.Болор-Уянгын дуулах чадвар улам өссөн байна  

“Энэ миний огторгуй” түүний бие даасан гурав дахь цомог. Өмнө нь дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дууг дуулдаг байсан бол одооноос өөрийн гэсэн уран бүтээл хийхийн төлөө чармайдаг болж. Энэ нь ч зөв. Ялангуяа томоохон хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулж байгааг та мэдсэн байх. Мөн амьд хөгжимтэйгээ ямар сайн уялдаж дуулж байна аа. Гадаад төрхөө ч их сайхан тохируулж, өөрчилсөн байна. Дизайнер Өнөрөөгийн урласан дайшинзаар гоёсон гэсэн. Надад таалагдлаа. Дуулах ур чадвар нь ч сайжирсан нь ажиглагдлаа. Тэр энэ тоглолтоо ямар ч ивээн тэтгэгчгүйгээр хийж байгаа. Жишээ нь та цалингаараа ийм тоглолт хийх үү, хэцүү биз дээ. Тэгэхэд энэ бүсгүй өөрийнхөө халааснаас бүгдийг зохицуулж байгаа нь уран бүтээлдээ ямар их сэтгэлтэйг илтгэж байна. Мөн тасалбараа бариад энд тэндхийн байгууллагын ажилчдад шахаагүй. Энэ тоглолтод ирсэн хүмүүс зөвхөн түүний дууг сонсохыг хүссэндээ ирсэн. Тиймээс би эдгээр үзэгчдэд  болон түүнийг бүтээлдээ ийм их хайртай байдгаар нь бахархаж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг хүмүүс дээхнэ “Хорхойд хоргүй хүн” гэдэг байсан. Түүн шиг Э.Болор-Уянгыг ингэж хэлвэл тохирох юм шиг санагдлаа. Тэр дуулахаас гадна буяны олон үйл ажиллагаанд оролцдог юм билээ. Ер нь ийм идэвхитэй уран бүтээлчийг ямар нэгэн байгууллагын удирдлагууд ивээн тэтгэж, хамтарч ажилаасай. Заавал нэр алдарт хүрсэн хүнийг дэмжих ёстой юм биш шүү дээ. Залуу уран бүтээлчийг дэмжчихээд дараа нь улам нэр хүнтэй болохоор нь “Энэ миний бүтээгдэхүүн шүү дээ” гээд хараад, яриад сууж байх сайхан биз дээ. “Бүтээлийг нь дэмждэг болохоос хүнийг нь дэмждэггүй” гэсэн үг ч бий. Ямар нэгэн компанийн захирал түүнийг ажлынхаа өрөөнд уриад хамтарч ажиллах гэрээ байгууллавал ямар сайхан бол оо. Түүнд маш их урам болно доо. Өнөөдрийн тоглолтод олон сэтгүүлч сурвалжлага бэлтгэх гээд ирсэнд нь баярлаж байна. Та бүхэнд ч улам их амжилт хүсэе.

 Г.Ганхүү: Надад түүний бодол, уран бүтээл таалагддаг

Залуу уран бүтээлч Э.Болор-Уянга бие даасан хоёр дахь тоглолтоо ийнхүү хийж байгаад нь баяр хүргэе. Намайг болон хамтлагийнхныг маань урьж, оролцуулж байгаад баяртай байна. Зах зээлийн нийгэм тэр тусмаа ардчилал бий болсноос хойш олон уран бүтээлч юунд ч баригдахгүйгээр бүтээлээ туурвидаг болсон. Үүний тод жишээ Э.Болор-Уянга. Надад түүний бодол, уран бүтээл таалагддаг. Хамгийн гол учир нь тэр надтай адилхан амьд хөгжимд дуртай, хайртай. Бид хоёр хамтарч уран бүтээл хийж байгаагүй ч олон тоглолтод хамтдаа оролцож байсан болохоор би түүнийг тодорхой хэмжээгээр мэднэ.

Ү.Хүрэлбаатар: Э.Болор-Уянга миний гурван дууг дуулсан

Э.Болор-Уянга миний гурван дууг дуулсан. Анхны бүтээл нь дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дуулж байсан “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу”-г хожим дуулсан байдаг. Энэ удаагийн цомогт нь миний шүлгээр бүтсэн гурван дуу орж байгаа гэсэн. Түүнийг би уран бүтээлдээ үнэнч, зүтгэлтэй юм гэж үнэлдэг. Цомгийн нээлт хийнэ гэдэг сонсогчидоо хүндэтгэж буйн нэг хэлбэр. Дуу гэдэг нэг том тууж, роман. Тэр их агуулга орсон бүтээлийг хэрхэн амьдруулж, сонсогчдын чихэнд биш зүрхэнд шингээх нь тухайн дуучнаас шалтгаална. Үүнийг энэ бүсгүй сайн мэдэрч байгаа юм байна гэдгийг энэхүү тоглолтоос нь харж сууна.

Б.Ангирмаа: Би түүн шиг хөдөлмөрч хүнийг дэмжихдээ дуртай байдаг

Сайхан тоглолт боллоо. Миний сэтгэл хөөрөөд бүр тайзан дээр гарч дууллаа шүү дээ. Би ингэж дуулалгүй 16 жил өнгөрчээ. Залуу дуучин, хамтлагийг төрүүлэх гээд дандаа арын албанд ажилласаар байгаад энэ их жилийг өнгөрөөчихсөн байна. Б.Долгион ах бид хоёр 2000 онд “Ах дүү ая зохиогч” нэртэй тоглолтоо “UB palace”-т хийсэн. Тэр жил л би хамгийн сүүлд тайзан дээр гарч дуулсан юм байна. Өнөөдөр ингээд дуулахад сайхан санагдлаа. Өөрийнхөө зохиосон дууг дуулж байгаа юм болохоор аяыг нь арай мартаагүй ч үгийг нь мартажээ. Тиймээс шүлгээ харж дуулсан. Дурсамж минь ч сэргэлээ. Э.Болор-Уянгын хувьд дуулах чадвар нь их өсч. Мөн уран бүтээлдээ тууштай юм. Ийм хөдөлмөрч хүнийг би дэмжихдээ дуртай байдаг. Цаашид ч дэмжиж ажиллана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уянгалаг үдшээр хөг нэмсэн Э.Болор-Уянга   
Үзсэн: 3940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй