Шууд Chart

Дэлхийг цагаан идээгээр хэн дайлах вэ

2016-05-17 14:54:39

Гурван сая хүн амтай, 60 сая толгой малтай манай улсыг  мал  аж ахуйн орон гэдэг. Ийм байтал дунд сургуулийн сурагчид нь үдийн цайндаа ороомог, пирожки идээд суух. Гэтэл бидний дэргэд ердөө 30-40 жилийн өмнө сүүний аж  ахуй  хөгжүүлэхээр эхлэлээ тавьж байсан, байгалийн  баялаг  гээд байхаар юмгүй тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улс өнөөдөр сүү үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлчихсэн  явна. Сургууль  нь өдөр  бүр хүүхэд  багачууддаа аяга сүү заавал өгдөг болжээ. Тэд өнөөдөр мэдлэгт суурилан хөгжиж  байна.  Энд  аяга сүүний тухай  ярьж  байгаа  мэт  боловч  бид ер  нь  яагаад байгаа юмаа баялаг болгож, бусдад илүүчилдэггүй юм аа гэхэд өөрсдийнхөө хэрэгцээг  дөнгөчихөж чадахгүй явна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариуг сүүний салбараас хайцгаая. Сүүний  салбар  тогтвортой  хөгжихөд  юу  саад  болоод  байгааг  тодруулъя.

Хөгжил  нь  хоёр зуунаар хоцорч        

Танай салбарын хөгжил ямар шатандаа явна гэж асууж амжаагүй байтал ам булаан “19-р зуун” гэж Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл хариуллаа. Арга ч  үгүй  юм  л даа. Боловсруулах технологи нь өдөр ирэх бүр хөгжиж байхад бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо нь  тээр хойно, бүхэл бүтэн хоёр зуунаар хоцорч. Бидний  яриа  цааш  ингэж  үргэлжиллээ.

Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл: -Томоохон фермерүүд байгуулагдсан ч нийт сүү хангамжийн хэмжээнд аваад үзвэл тун өчүүхэн хувийг эзэлж байна.  Сүү үйлдвэрлэлийн  салбарыг  дотор  нь бэлчээрийн болон  эрчимсэн гэж хоёр  ангилдаг. Нүүдлийн  мал  аж  ахуй нь улирлын шинж чанартай өөрийн өртөг багатай, тархаж байршсан. Сүүний үйлдвэрлэлд байршил их чухал. Яагаад гэвэл сүү хадгалалт, тээвэрлэлт, цаг хугацаа даадаггүй бүтээгдэхүүн. Энгийн жишээ хэлэхэд, Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас нэг литр сүүг Улаанбаатар хотод гашилгалгүй хүргэж  өгвөл нэг литр сүүний  өөрийн  өртөг нь 25 мянган төгрөг болох тооцоо байдаг  юм. Тэгвэл эрчимжсэн  мал аж  ахуй  газар зүйн хувьд хэрэглэгчдэд ойр байрших боломжтой, улирлын хамааралгүй сүү үйлдвэрлэдэг. Хүйтний улиралд манайд эрчимсэн мал аж  ахуй л сүү, ашиг  шимээ өгч  байна. Нэгэнт бэлчээрийн мал аж ахуйгаас  цуглуулсан сүүгээр төв суурин газрын хүн амаа тасралтгүй хангах боломжгүй учраас энэ хэрэгцээг   зөвхөн  эрчимжсэн  мал  аж  ахуй  л бий  болгодог”.  

Хөдөө аж ахуйн ямар бүтээгдэхүүн жилийн дөрвөн улиралд тасралтгүй өгөөжөө өгдөг, орлоготой байдаг вэ гэдгийг бодох ёстой. Ноос,  ноолуур, арьс,  ширний аль аль нь чухал. Гэхдээ жилдээ нэг л удаа өгөөжөө “хайрлана“. Харин сүүний салбараа дэмжээд өгөх юм  бол нэгдүгээрт иргэдээ эрүүл хүнстэй байлгах бодлого, хоёрдугаарт жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргадаг салбар. Төрийн бодлого, малчдын сүүний нийлүүлэлтийг дэмжих, татвар түрээсээр дэмжихэд чиглэх  ёстой. Энэ  миний  үг  биш  фермерчдийн  санал.       

Сүү  үйлдвэрлэлд  “луужин”  алга    

Малын сүүгээр хүн амынхаа 20 хувийг хангаж байгаа гэсэн статистикийн байгууллагын судалгаа байхад ХХААЯ-ны баримтаар сүүний хэрэгцээгээ 100  хувь бүрэн хангаж  байна  гэжээ.

Энэ  мэтээр хоорондоо хол зөрүүтэй мэдээлэлтэй байгаа нөхцөлд бодлогоо юунд тулгуурлаж тодорхойлох нь  эргэлзээтэй  байгааг  ШУТИС-ийн  профессор багш Ц.Батсүх  санууллаа. Тэрээр “Монгол Улсын хөдөө  аж  ахуйн  салбар,  зөвхөн энэ салбараар зогсохгүй бизнес, эдийн засгийн салбарын тоо баримтууд урсгалаараа явж байгаа гэж ойлгож болно. Хүссэн хүн ямар  тоогоо тавьж байна,  тэрүүгээр  нь явж байгаа дүр зураг  харагдаж байгаа юм. Хүн ойд явахдаа хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд луужин  ашигладаг. Гэтэл энэ салбарын  зүг  чигийг, хаана  хүрэхийг нь заах юм чинь тоо баримт. Малын тоо толгой 60 саяд хүрэх гээд байна гэсэн мөртлөө ашиг шимийг  нь тооцоод хүнд хэлчих  тоо баримт байхгүй байгаа  нь харамсалтай. Гаднаас сүү аваад л байдаг. Гэтэл  хоёр  хөрш  сүүний  хэрэгцээ  ихтэй, хомсдолтой  орны  тоонд ордог. Яг дунд нь асар их баялагтай мөртлөө хоёр талдаа гаргачихаж чадахгүй байдалтай.  Малчдаас  сүү цуглуулах тогтолцоогоо л эргээд сэргээх ёстой. Уг нь хийж чадаж байсан зүйлээ л  чадахгүй  болчихоод  байгаа  юм даа”.

Салбарын хөгжил, бодлого, гарцыг тодорхойлохын тулд жилд хэдий хэмжээний сүү  хэрэглэдэг,  хичнээнийг импортлодог, хэдий  хэрийн хуурай сүү импортоор орж ирдэг гэх мэтээр нарийвчилсан судалгаа нээрээ л хэрэгтэй. 

Сүүний  салбарынхан  өөдрөг гэхээр ч юм уу

Эрүүл мэндийн сайдын тушаалд, монгол хүн хоногт 175 грамм сүү, сүүн  бүтээгдэхүүн  хэрэглэх ёстой гэсэн байдаг.  Энэ  хэмжээгээр  бол нийт хүн ам 600 сая литр сүү хэрэглэх  шаардлагатай. Гэтэл бид дөнгөж 20 гаруй хувийг нь л өөрсдөө үйлдвэрлэдэг. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй хэрнээ гадагш гаргах тухай ярьцгааж байна. Ингэний, ямааны, гүүний сүүнээс биологийн идэвхит бодисыг нь ялгаж аваад, хүнсний нэмэлт байдлаар дэлхийн зах зээлд гаргах тухай, заавал биологийн идэвхит бодис гэлтгүй бэлчээрийн малын сүүгээр бүтээгдэхүүн хийж экспортлоход болохгүй юмгүй тухай ярьцгааж байна. Бэлчээрийн малын сүүний шимт найрлага ярих юмгүй өөр л дөө.  Дэлхийд хэдэн зуун тэрбум доллар эргэлдэж байдаг энэ зах зээлд өвөрмөц бүтээгдэхүүн гаргах ёстой.

Өнөөдөр  малчны  хотноос гарч байгаа нийт сүүний 40  гаруй хувь нь хэрэглэгчдэд, 10-хан хувь нь үйлдвэрт, үлдсэн нь ченжүүдээр дамжихдаа чанар аюулгүй байдал нь ихэд эргэлзээтэй байдлаар хүн амд хүрч байгаа. Сүү бэлтгэлийн тогтолцоо сул учир оруулж ирсэн өндөр технологи бүхий тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглаж  чаддаггүй, 80 гаруй хувийг нь түүхий эд дутагдалтайгаасаа болоод огт хэрэглэдэггүй гэж томоохон үйлдвэрлэгчдээ төлөөлж “АПУ” компанийн Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан  захирал  н.Энхбилэг ярьж  байсан  удаатай.

Үйлдвэрүүдээ жилийн дөрвөн улирлын турш сүүгээр тасралтгүй хангахын тулд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтайгаа зэрэгцүүлээд эрчимжсэн буюу фермерийн аж ахуйг хослуулах нь манай нөхцөлд хамгийн зөв шийдэл. Засгийн газар бондын мөнгөнөөс фермерүүдэд хуваарилсан. Гэтэл хамтарч хоршихгүйгээр, урагш алхахгүй юм байна гэдгээ  мэдэрлээ  хэмээн  ярьцгааж байна.  

Илчлэгт  хүнснээс  шимт  хүнс  рүү

Дэлхийн дундаж хэмжээ 430 грамм, өндөр хэрэглээтэй улс орнууд өдөрт 890-900 грамм  сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Манай сайд харин зөвлөмжиндөө монгол хүн өдөрт 230 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэжээ. Сүү үйлдвэрлэгч, борлуулагчдын тооцоогоор нийслэлийн нэг иргэн, өдөрт 100-150 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь хэмжээндээ хүрдэггүй юм  байна.  Амьжиргааны түвшин сайн байх тусам хэрэглээ нэмэгддэг гэж нэг нь хэлсэнд, нөгөө нь манайхны хувьд хоол хүнсээ хэрэглэдэг соёл, мэдлэг мэдээлэлтэй нь холбоотой гэнэ.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Л.Дамдинсүрэн ийм нэгэн зүйл  ярьж  байсныг  тантай  хуваалцмаар  санагдлаа. Тэрбээр “Хүүхдийн үдийн  цай хөтөлбөрийг  анх хүнсчдийн холбоо санаачилж байлаа. 11  цагийн  үед хүүхдэд  нэг аяга сүү өгөх  тухай санал байсан  юм. Гэтэл сонгуулийн шоу, улс төрийн нөлөө оролцоод үдийн  хоол  болоод, сүүлдээ  хуушуур бууз, пирожки, их боломжтой газар нь бургер өгдөг, баахан  чихэртэй жимсний ундаа өгдөг болоод  хувирчихсан. Гэтэл цагаан  идээ  огт хэрэглэж  заншаагүй Зүүн өмнөд Азийн орнууд Хятад, Солонгос, Тайвань, Сингапур 11 цагт сургуулийн хүүхдүүддээ 200 грамм  сүү, эсвэл  тараг  өгдөг.  Зардлыг нь төрөөс даадаг. Үйлдвэрлэлээ дэмжие гэвэл энэ тал  руу  нь  сайн дэмжиж өгмөөр байна” гэсэн.

Эрчимжсэн  мал  аж  ахуйг  хөгжүүлэхэд  төрөөс тодорхой алхмууд хийж байгаа  ч нэгдсэн   бодлого, чиглэсэн нэг  зорилго  үгүйлэгдэж  байгааг  салбарын  мэргэжилтнүүд  нь   хэллээ.       

Улс орнуудын хүнсний хангамжийн бодлого өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөнийг бид бодолцох ёстой. Хүн амаа өлсгөхгүй байхад л анхаарч илчлэг нөхөх тухай ярьдаг байсан үе ард хоцорч, зохистой хэрэглээ, шимт хүнсээр  хүн  амаа  тэтгэх  тухай  тэд  ярих  болсон.  Мах, төмс,  гурил  бүхий  илчлэгт  хүнсээр  өөрсдийгөө 100  хувь хангаж  байгаа  шигээ  мал  аж  ахуйн л орон юм бол шимт хүнсээр хүн ардаа тэтгэхэд болохгүй юмгүй. Солонгосчууд дэлхийг кимчигээр дайлж байгаа шиг монгол сүү, сүүн бүтээгдэхүүнээр бид л дэлхийг дайлахгүй юм  бол өөр хэн гэж...   

Нийтэлсэн: Ж.Мөнхөө

Дэлхийг цагаан идээгээр хэн дайлах вэ   
Үзсэн: 4630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.183.xxx [202.55.183.xxx] 2016-05-18 10:36
ali ch suu uusan gedes duureed ungaad baidag gedes neg l sonin tuhgui boldog uneenii saasan suu uuhaar zugeer baidag. bi ahij savtai suu avahaa bolison huuheddee oghoo bolison haayna gachuurtaas ailaas suu irheer harin butsalgaad ayga aygaar ni ogdog.

Бидэнтэй нэгдээрэй