Шууд Chart

Улс төрчдөө ураг төрөл, угсаа гарлаар нь сонгосоор л байх уу

2016-06-09 13:13:45

Энэ өдрүүдэд олимпийн аваргаасаа эхлээд олны танил, урлаг, соёлын эрхмүүд, нэр нөлөө бүхий улс төрчид, шинэ залуу нэр дэвшигчид гээд хэн нь хэнтэй өрсөлдөх нь олон нийтийн ярианы гол сэдэв болоод байна. Сар хүрэхгүй  хугацааны дараа УИХ-д болоод орон нутагт хэн гэдэг нэр дэвшигч хэдэн саналтай гарсан нь тодорхой болчихсон, улс төрийн сонголтоо хэрхэн хийснээ дүгнээд сууцгааж байх болов уу. Харин энэ үеэр улс төр судлаачид, судалгааны хүрээлэнгүүд өөр нэгэн дүгнэлтийг давхар хийж байх биз ээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Цөөн  хоногт сурталчилгааны хэт их мэдээллээр бөмбөгдүүлсэн сонгогчид  энэ  удаагийн  сонголтоо юунд тулгуурлан  хийх  бол.    

Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрчдийн имижмекерүүд олноор бий болж, зөвхөн сонгуульд зориулсан тусгай агент, зөвлөхүүд нэмэгдсээр байна. Нэр дэвшигч, судлаачидтай хамтран ажиллах үзэгдэл ч ихэссээр. Мэдээллийн хэрэгслүүд, өрнөдийнхний адил сонгуулийн үеэр ашигладаг “ток шоу” хөтөлбөртэй болж, сонгуулийн  кампанит ажилд  интернэт харилцаа холбоог эрчимтэй ашиглах болов. Сонгуулийн үеэр нэр дэвшигч, улс төрийн намууд  энэ мэтээр байж болох бүх сувгаар сонгогчдод нөлөөлөн харилцаа холбоогоо тогтоож  байна. Эцэст нь сонголтоо хэрхэн хийсэн байдаг вэ...   

Соёлын шинжтэй  сонголт

 “Улс төрийн коммуникацийн хүрээлэн” намуудын сонгуулийн хэв маяг, сонгогчдын сонгуулийн үеийн зан төлөвт судалгаа хийжээ. “Танд сонгуулийн сурталчилгааны ямар хэлбэр таалагддаг вэ” гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 30 шахам хувь нь нэр  дэвшигчийн сонгогчтой хийдэг уулзалт гэж  хариулсан байхад 20-иод хувь нь амьдрал ахуйтай нь биечлэн танилцаж байгаа хэлбэр гэжээ. Дараа  нь халз мэтгэлцээн, мөрийн хөтөлбөр бүхий ухуулах хуудас, намуудын ухуулагчийн айл өрхөөр хийдэг сурталчилгаа таалагддаг  юм  байна. 

Иргэдийн сонголтод хувь хүний хүчин зүйлс хүчтэй нөлөөлдөг болохыг Улс төрийн коммуникацийн хүрээлэнгээс явуулсан энэ судалгаа харуулжээ. “Та сонгуульд саналаа өгөхдөө юу  харгалздаг вэ” гэхэд 30 гаруй хувь нь намын мөрийн хөтөлбөр, 30 хувь нь нэр дэвшигчийг нь харна, 14 хувь нь тойрогтоо үнэнч байгааг нь, 10 гаруй хувь нь шинэ залуу хүнийг илүүтэй сонгоно гэсэн байна. Эндээс сонгогчид хувь хүний хүчин зүйлсийг чухалчилж, үүнд нь, популист улс төрчид илүү  их  давамгайлах  хандлагатай  болж  ирснийг  Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал Ц. Мөнхцэцэг ярьсан юм. Тэрбээр “Сонгуулийн шинэ хуулиар нэг тойрогт можиратор системээр сонгууль  явагдана. Энэ системийн гол онцлог нь хувь хүний хүчин зүйл хүчтэй  нөлөөлдөг. Тэр дундаа сүүлийн хоёр сонгуулийн судалгаагаар намд итгэх  иргэдийн  итгэл  доогуур  байгаа. Ийм нөхцөлд  энэ  жилийн  сонгуульд нэр дэвшигчийн ялалтын гол  хүчин  зүйл нь намын хүчин зүйл биш хувь хүний  хүчин зүйл чухал үүрэгтэй байх болно. Нийслэлийн сонгогчдын хувьд мөрийн хөтөлбөр, мэдлэг боловсролд нь ач холбогдол өгдөг бол орон нутагт уламжлалт соёлын хүчин зүйлсдээ тулгуурлаж сонголтоо хийдэг” гэлээ.

Монголын сонгогчид нутгархах, хамаатан садны хэлхээ, үндсэрхэх үзэл,  шашин зэргийг төрөө дээдлэх үзлээс дээгүүрт тавьж байгаа нь харагддаг гэж  гадны  ажиглагчид  ч хэлж  байна.  

Монголын сонгогчид нутгархах, хамаатан садны хэлхээ, үндсэрхэх үзэл,  шашин зэргийг төрөө дээдлэх үзлээс дээгүүрт тавьж байгаа нь харагддаг гэж  гадны  ажиглагчид  ч хэлж  байна.  

Улс төрийн сонголт хийхдээ уламжлалт хэв маягаасаа холдоогүй дүр зураг орон нутагт илүү их харагддаг. Тухайлбал, орон нутгийн тойрогт нэр дэвших юм бол ижий аав нь уугуул юм уу, өөрийнх нь унаган нутаг байх шалгууртай. Нэр дэвшигчийн угсаа гарвал, нутаг усны хамаарал гэх мэт жалга довны хандлагаа сонгогчид улс төрийн  сонголт хийхдээ илүү их харуулдаг  гэсэн  үг.  

Жил бүрийн УИХ-ын сонгуульд 350-500 орчим  хүн нэр дэвшдэг. Харин  энэ  жил  зөвхөн УИХ-ын  сонгуульд 498 хүн өрсөлдөнө. Төрийн зүтгэлтний үр хүүхэд, алдартны ач зээ, ах дүү, хамаатан садан гээд сайн эцгийн нөлөө, эх оронч ахын нөлөө зэрэгт нь дөрөөлж байгаад сонгуулийн гол  сурталчилгаагаа  чиглүүлчихнэ.    

Сонгогч  өөрөө  “Эх  нь хээр  алаг  бол  унага  нь  шийр  алга”  гээд  л  эцэг, эх, угсаа гарлыг нь хамгийн  түрүүнд харгалзсаар байгаа тул үе залгамжилсан цикл  УИХ-д тасралтгүй  үргэлжилсээр.  Сонгогчийн  таалалд нийцүүлэхийн  тулд улс төрийн  намууд сонгуулийн  кампанит  ажлаа энэ  зүгт  хандуулдаг байж мэдэх юм гэж судлаач  хэллээ. Үр дүнд нь гэх үү, 76 гишүүний 60 хувь нь сонгуулиас сонгуулийн хооронд  сонгогдсоор л байна.

Мэдлэг, мэдээлэл хоёрын  аль чухал вэ

Төрийн бодлого тодорхойлж суухаасаа тойрогт ажиллахаа илүүд  үзсэн   улс төрчдийг ийм зам руу юу хөтлөөд байгааг ярихдаа, нэг хэсэг нь  сонгогчийн  боловсролтой  холбоотой  гэж  үзэж байхад нөгөө хэсэг нь улс  төрийн   мэдлэгтэй  нь  хамаатай  гэж  хэллээ.    

Ийм нөхцөлд хүн амын улс төрийн мэдлэг  боловсролыг  дээшлүүлэх  хэрэгтэй  байгааг ШУТИС-ийн  багш н.Одмаа хэлж байна. Тэрбээр “Улс төрийн  мэдлэг, сонгогчдын боловсролоос   огт өөр асуудал. Иргэд  улс төрийн боловсрол хэр зэрэг  байна  төдий чинээ улс төрийн зөв  сонголт хийдэг. Үнэлэлт, дүгнэлтийн түвшинд очно гэсэн үг. Харамсалтай нь улс төрийн намууд, олон нийтийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд  арга хэмжээ авдаггүй. Энэ нь ч цаанаа учиртай.  Иргэдийн улс төрийн боловсрол дээшлэх тусам тэдний суудалдаа суух хугацаа нь  богиносох  аюултай учраас,  анхаарлаа хандуулахүй байна уу даа гэж судлаачын зүгээс хардаг. Гадны улс орнуудын жишээнээс харахад, хичээлээс гадна  ТББ,  клуб  зэрэг тусгай сургалтаар дамжуулан улс төрийн  боловсрол  олгодог. Улс төрийн  боловсрол эзэмшинэ гэдэг  нь улс төрч  болно гэсэн үг  биш гэдгийг ойлгох  ёстой. Улс төрийг хэн дуртай нь хийдэг цаг үе өнгөрсөн. Ард түмэн тэнэг биш. Тиймээс шинжлэх ухааны түвшинд  онолын хэмжээнд улс төр хийх хэрэгтэй.  Тэгээд ч улс төрийн намын үүрэгт байдаг шүү дээ. Олон нийтийг соён гэгээрүүлэх,  улс төрийн  боловсрол  олгох үүрэг  хүлээсэн  байдаг. Намууд  энэ  үүргээ гүйцэтгэх хэрэгтэй л дээ”гэв.    

 “Сант-Марал” сангийн захирал Л.Сумати энэ талаар  арай  өөр  бодолтой  явдаг  юм  байна.   “Иргэдийн боловсролд асуудал байхгүй. Анх судалгаа хийж  эхэлсэн  цагаас өнөөдрийг хүртэлх  хугацааг  ажиглаж  байхад,  харин ч иргэд улс төрчдөөсөө илүү улс төрийн мэдлэгтэй, байр суурь нь илүү тодорхой, эрүүл ойлгомжтой логикийн дагуу тайлбарлаж болохоор хэмжээнд. Харин улс төрчдийг сүүлийн үед тайлбарлаж чадахаа больчихоод байна. Ямар үндэслэлд  тулгуурлан  шийдвэрээ  гаргаж,  асуудалд   хандаад байдаг  нь  их л бүрхэг, тайлбарлахад хэцүү. Харин  иргэдийн  санаа  бодол  асуудалгүй”  гэсэн  юм.   

СЭЗДС-ийн  багш,  улс төр  судлаач Б.Эрдэнэдалай:  “Иргэдийн улс төрийн боловсрол  их чухал. Ард иргэд нь цалин бага, өр зээлтэй өөрийн орон гэргүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон хүмүүс их  байх тусам,  иргэд нь ядуу байх тусам улс төрчдөд ашигтай нөхцөл байдал үүсэх боломжтой байдаг. Хоногийн хоолны мөнгө маргааш нөгөөдөр хүүхдүүд маань хоолтой байх уу үгүй юу гэдэг тухай бодож яваа хүн улс төр сонирхдоггүй. Гурил будаа өгчих юм бол тэр хүнд саналаа өгчих гээд байдаг  талтай. Тэгэхээр үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр их, дээд сургууль улс төр судлалын хичээл зааж  байна. Хичээл орохдоо улс төрийн боловсролын чухлыг ойлгуулах,  сурагчдаар дамжуулаад цааш нь гэр бүлийн гишүүдэд нь нөлөөлөх ёстой. Улс төрийн мэдлэг боловсрол олгож байгаа институт, багш нар хүртэл хариуцлагатай  болох шаардлагатай болсон”                          

Удирдлагын академийн Улс  төр  судлал,  нийгмийн  удирдлагын  тэнхимийн эрхлэгч С.Зүльфикар:Улс төртэй холбоотой бүх зүйлийг мэдэж бай гэсэн үг биш. Академик түвшинд ойлгох хэрэггүй. Сонгогчдын боловсрол гэдэг  нь ардчилалд шинээр орсон болон шилжиж буй  улсуудад,  боловсролын түвшин их доогуур байгаа үед  яригдах ёстой зүйл. Жишээ нь, Африкийн улсууд, боловсролын түвшин тааруу. Бичиг үсэг тайлагдалт 30-40 хувьтай байх жишээтэй. Ийм тохиолдолд саналын хуудсыг яаж бөглөх вэ зэрэг энгийн түвшний, анхан шатны асуудал яригддаг. Энэ бол сонгогчдын боловсрол. Бид өөрсдийгөө ийм улсуудтай харьцуулж болохгүй. Шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл манайд бичиг үсэг тайлагдалт бараг 100 хувь.  

70 гаруй  их,  дээд сургуульд  хийсэн нэгэн  судалгаагаар  60 шахам хувь  нь  Улс төр  судлалын  хичээл ордог гэжээ. 

70 гаруй  их,  дээд сургуульд  хийсэн нэгэн  судалгаагаар  60 шахам хувь  нь  Улс төр  судлалын  хичээл ордог гэжээ.  Гэхдээ  жил ирэх бүр  сургалтын  хөтөлбөрөөс хасагдаж заавал үзэх  жагсаалтаас сонгох хичээл рүү орж  байна.   Иргэд хэдий чинээ улс төрийн боловсролгүй байна төдий чинээ сонголтоо хийхдээ алдана. Хэнд ашигтай байх вэ... Намуудад улс төрчдөд ашигтай. Тэгэхээр үүнийг өөрчлөх хэрэгтэй. Улс төрийн боловсролыг шат шатанд нь олгоё гэсэн санааг уулзсан хүн бүр  зөвтгөж  байлаа.   

Өнөөдөр  сонгосон  мөрийн хөтөлбөр маргаашийн төрийн бодлого

Төлөвшиж хөгжсөн улс орнуудад иргэд нь улс төрийн сонголтоо хийхдээ нийгмийн сайн сайхны төлөө, өөрсдийнх нь амьдралд шууд нөлөөлөх чухал зүйл гэж хүлээн авч, хариуцлагатай ханддаг. Эерэг, сөрөг энэ их мэдээлэл дундаас шүүн тунгаах чадвар бүхий мэдлэгт суурилсан иргэнтэй  болохын  тулд улс  орнууд  хичээцгээсээр...   

Эмэгтэй нэр дэвшигч орон нутгаас гарах магадлал маш бага. 2-3 удаа нэр дэвшээд ч гарч ирж чадаагүй ч хотод ирээд шууд л гарчихсан жишээ байдаг л даа. Үүний цаана орон нутагт эмэгтэй хүн нэр дэвших нь хүндрэлтэй байдаг шалтгаан  өнөө л соёл, уламжлалын  хандлага  хөдөөгийн сонгогчдод байгааг илэрхийлжээ. Ойрын байтугай сүүлийн хэдэн жил эмэгтэй Засаг даргатай орон  нутаг лав байсангүй. Иргэдийн  хуралд ч тэр. Орон  нутгийн онцлог соёл уламжлалаасаа хамаараад байх шиг санагддаг гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал н.Лакшми ярьж   байсан  юм.

25 жилийн хугацаанд УИХ-ын  сонгуулийг  6  удаа  явуулжээ.  Энэ жил 7 дахь удаагийн сонгууль руугаа орж явна. Хоорондоо л ээлж халаагаа өгч  авалцаж байснаас бус нийгмийн дунд болон доод давхаргаас шинэ залуу чадварлаг улс төрч маш бага орж иржээ. Тодруулбал, 76 гишүүний 60 хувь нь дахин   сонгогддог.

Гаднаас цус сэлбэн орж  ирсэн  хэсэг нь ихэнхдээ орон нутагтаа алдартай юм уу, популист улс төрчид, намдаа их хэмжээний мөнгө хандивласан бизнесийн хүрээнийхэн. Түүнээс бус боловсролын түвшин өндөр боловч санхүүгийн чадамжгүй дундаж нэгэнд шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж хязгаартай.

 “Улс төрийн коммуникацийн хүрээлэн”-гийн захирал Ц.Мөнхцэцэгээс  “Гарц байх юм уу ингэхэд” хэмээн асуувал “Улс төрийн намуудыг эрүүлжүүлэх л ёстой. Намын санхүүжилтийг нь ил болгож төрөөс санхүүжих боломжийг нь дэмжих хэрэгтэй. Хөрөнгө мөнгөгүй дундаж давхаргын боловсролтой сонгогч орж ирэх замыг нь нээж өгөх ёстой” гэж байна.

Тун удахгүй ирэх 4 жилд төр түших гишүүдээ сонгоно.

Тун удахгүй ирэх 4 жилд төр түших гишүүдээ сонгоно. Бүгдээрээ сонгуульд  оролцож  саналаа  өгөхдөө  гуравхан  зүйлийг л бодолцъё. Эхлээд, нам болон нэр дэвшигчид юу хийхээ тодорхойлсон мөрийн хөтөлбөрт нь анхаарлаа  хандуулж, дараа  нь  өнөөдөр  сонгосон тэр мөрийн хөтөлбөр нь маргаашийн төрийн бодлого болох учиртайг, эцэст нь танд болон нийгэмд ямар үр дагавар  авчрах вэ гэдгийг сайтар тунгаан бодоорой. Болж өгвөл угсаа гарвалаар нь биш, төрд түшигтэй нэгнийг сонгох гээд  хичээгээрэй. 

Нийтэлсэн: Ж.Мөнхөө

Улс төрчдөө ураг төрөл, угсаа гарлаар нь сонгосоор л байх уу   
Үзсэн: 3333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй