Шууд Chart

“Чингис хаан" гран при тэмцээнийг “Монголын мэдээ” суваг 187 орны үзэгчдэд хүргэнэ

2016-06-15 13:13:58

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг ирэх долоодугаар сарын 1-3-нд болох “Чингис хаан" гран при тэмцээнийг анх удаа олон улсын хэмжээнд шууд дамжуулна. Өнөөдөр “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч М.Бөхбат нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг дээрх тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох бөгөөд МЖБХ, ОУЖБХ-той хамтран зохион байгуулдаг билээ.

Гран при нэрийн дор дөрөв дэх жилтэйгээ золгож буй тус тэмцээн “Рио-2016” олимпийн өмнө болох гэж буйгаараа онцлогтой.

Энэ үеэр “Монголын мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч М.Бөхбат нараас тодруулга авлаа.

Ц.Мөнхтөр: Дэлхийд Монголчуудыг таниулдаг топ спортын нэгийг шууд дамжуулах гэж байгаа нь жүдо бөхийг өндөр үнэлж буйн илэрхийлэл


-Энэ жил бид “Монголын мэдээ” сувгаа дэлхийн телевизийн жишигт нийцэх HD суваг болгох зорилт тавин ажиллаж, амжилттай биелүүлсэн. Мөн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Евро-2016” тэмцээнийг орон даяар дамжуулж байна. Түүнчлэн жүдо бөхийн олон улсын “Чингис хаан” гран при тэмцээнийг олон улсын хэмжээнд хүргэх том үйл ажиллагааг гүйцэтгэх гэж байна. Энэ нь дэлхийд Монголчуудыг таниулдаг топ таван спортын нэг жүдо бөхийг өндөр үнэлж буйн илэрхийлэл юм. Мөн манай улс тус тэмцээнд бөхчүүдээ барилдуулах, зохион байгуулахаас гадна дуу, дүрсний өндөр үзүүлэлттэйгээр дамжуулах үүрэг хүлээж байна. Энэ бол манай хамт олны болон Монголчуудын хувьд шинэ дэвшил юм. Тэмцээнийг дамжуулахдаа бид 12 камер ашиглана. Мөн титр, уран бүтээлчдийн ур чадвар, инженер техникчдийн холболт гээд асар өндөр шаардлага дор ажиллана.

М.Бөхбат: Энэ удаагийн тэмцээнээс 2020 оны олимпийн эрхийн оноог олгохоороо онцлог

-Энэ удаагийнЧингис хаангран при тэмцээнд хэдэн орны тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бэ?

-20-иод орон шилдэг тамирчдаа илгээхээр мэдүүлэг ирүүлсэн. Олимп болон ДАШТ-ээс медаль хүртэж байсан тамирчид өрсөлдөх болохоор нэлээн ширүүн тэмцээн болох нь дамжиггүй. Тус тэмцээнээс 2020 оны олимпийн эрхийн оноог олгож эхлэх юм. Үүгээрээ онцлог. Тэмцээнийг “Монголын мэдээ” суваг 187 оронд шууд дамжуулах гэж буйд баяртай байна.

-Өнгөрсөн жил нэлээн олон орны тамирчин өрсөлдсөн. Энэ жил яагаад багассан юм бол?

-Урьдчилсан байдлаар маш олон орон мэдүүлгээ өгсөн ч манай улсад олон улсын томоохон үйл ажиллагаа (АСЕМ) зохион байгуулагдах гэж байгаа болохоор зарим орны тамирчдын онгоцны тийз хязгаарлагдсан. Гэхдээ бид өмнө нь гурван жил хэрхэн зохион байгуулж байснаасаа ч илүү сайн зохион байгуулахыг хичээж байна. Шүүгч, эмч болон бусад албаны хүмүүсийг нэмбэл 50-иад орны иргэн төлөөлөл болж ирнэ.    

-2009-2012 ондДэлхийн цомнэртэй байсан. Харин 2013 оноосЧингис хаангран при болсон. Тэгэхээр олон улс илүү ач холбогдол өгсөн байх? 

-Тийм. 2009-2012 онд сайн зохион байгуулсны үр дүнд ОУЖБХ-ноос чансааг нь ахиулж, гран при тэмцээний ангилал болгосон. Тэгэхээр тамирчдад олгох оноо ихэссэнээс гадна оролцох орны тоо ч өссөн. Мөн ОУЖБХ-оос менежерүүд ирж ажилласнаараа онцлогтой.

-Манай улсын жүдочдийн сонгон шалгаруулалт хэрхэн хийгдсэн бэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэтэд болсон УАШТ-ээс медальт байрт шалгарсан тамирчдыг оролцуулахаар төлөвлөсөн байсан. Гэхдээ зарим тамирчин солигдсон. Учир нь “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх авсныг нь үүнд оролцуулахгүйгээр болсон. Дээрх тэмцээнийг МҮОНРТ мөн л шууд дамжуулж, хамтран ажилласанд бид бүхэн талархаж байна.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингис хаан" гран при тэмцээнийг “Монголын мэдээ” суваг 187 орны үзэгчдэд хүргэнэ  
Үзсэн: 2985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй