
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пөн Ли-Юаний хамт 2014 оны наймдугаар сарын 21-22-нд манай улсад айлчлал хийсэн билээ.
Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын уран сайхны кинонуудыг таван жилийн хугацаатайгаар Үндэсний телевизээр үзэгчдэд хүргэх болсон юм.
Киноны эхнийх нь маргаашнаас Монголын үзэгчдэд хүрэх гэж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, Элчин сайдын яамны соёлын газрын дарга Ли Вей, Улс төрийн газрын дарга Гү И Мин, ӨМӨЗО-ны “Одон” телевизийн ерөнхий захирал Ө.Хас, тус телевизийн гадаад харилцааны дарга Д.Уул нар өнөөдөр Үндэсний телевизийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг, уран сайхны удирдагч Б.Баяр нартай уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монголын үзэгчдэд хүрэх эхний уран сайхны кино нь 36 ангитай “Бээжин хотын залуус” юм. Цаашид “Залуу эмч нар”, “Эгэл ертөнц” зэрэг кино Монголын үзэгчдэд хүрэх юм байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр хоёр байгууллагын удирдлагууд гарын бэлэг солилцлоо. Энэ үеэр БНХАУ-ын Элчин сайд Шин Хай Мин, Үндэсний телевизийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нарын сэтгэгдлийг сонссон юм.
Шин Хай Мин: Эдгээр киноноос та бүхэн манай улсын залуусыг "таних" боломжтой
-Манай улсын дарга 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр улсын урлаг, уран сайхны харилцааг улам нэмэгдүүлсэн. Ингэснээр манай, танай улсын соёлын харилцаа улам бэхжиж байна. Манай улсын уран бүтээлчдийн хийсэн 25 бүлэг киног таван жилийн хугацаанд танай улсын үзэгчдэд хүргэх гэж буйд баяртай байна. Эдгээр киноноос та бүхэн манай улсын залуучуудын хөгжил, мөрөөдөл, зорилго чухам юунд оршдог юм бэ гэдгийг мэдэх боломжтой. Цаашид МҮОНРТ-ээс гадна Монголын бусад телевизтэй хамтарч ажиллана.
Б.Оюунчимэг: Киног долоо хоног бүрийн лхагва, баасан гарагт үзэгчдэд хүргэнэ
-Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүний өндөр хэмжээний айлчлалын үеэр энэхүү хамтын ажиллагаа яригдсан. Үүний эхлэл болгож “Бээжин хотын залуус” нэртэй киног Монголын үзэгчдэд хүргэх гэж байна. Бид өмнөд хөршид олон удаа зочилсон болохоор ард түмнийг нь сайн мэддэг гэж боддог. Гэвч залуусынх нь дотоод мөн чанарыг нь сайн ойлгоогүй юм билээ. Иймд тэд дээрх киногоороо бидэнд илүү ойлголт өгөхийг зорьсныг онцлох хэрэгтэй. 36 ангитай энэ кино 300 сая төгрөгөөр бүтсэн гэсэн. Маргаашнаас эхэлж, долоо хоног бүрийн лхагва, баасан гарагийн 23:00 цагаас Үндэсний телевизээр энэ киног гаргана. Гэвч цаашид энэ цаг өөрчлөгдөх магадлалтай. Тэр үед нь бид дахин мэдээлнэ.
БНХАУ-ын уран сайхны кинонууд Үндэсний телевизээр гарна | ||
Үзсэн: 3893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.