Шууд Chart

Утаагүй нийгмийг ухамсараараа бий болгоё

2013-10-12 08:26:25

Ямар ч нийгэм хуулиа дагаж мөрдөж байж сая иргэн, эрхзүйт төрийн харилцаа бий болдог. Тэгвэл өнгөрсөн хавар хэрэгжиж эхэлсэн тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд 92.2 хувьтай байгааг МХЕГ-аар ахлуулсан шалгалтын хэсэг шалгаж, тогтоосон талаар тайлагнажээ. Үүнийг сонсоод манайхан хуулиа даган мөрдөж, энэ хуулийг ийм сайхан үзүүлэлттэй хэрэгжүүлжээ гэж бодогдсон юм. 

Манай улс чинь дэлхийн хамгийн их тамхидалттай арван оронд багтдаг, тамхинаас үүдэлтэй өвчлөлөөрөө ч дээгүүрт  жагсдаг тухай судалгаа бий. Мөн Статистикийн үндэсний газрын судалгаагаар Монголын  хүн амын 78 хувь  нь тамхичин гэдгийг тогтоосон байдаг. Харин тамхины хууль хэрэгжиж эхэлснээр хүн тамхинаас шууд гарах сэдлийг биш юмаа гэхэд татгалзах бодлыг төрүүлсэн байж болох.  Аливаа зүйлд алдаа, оноогоо эргэн харж, нэмж хасах, засварлах зүйл олонтаа тохиолддог. Тэгвэл бид одоо тамхины хяналтын тухай хуулиа эргээд нэг харах цаг болжээ.

Тухайлбал, Монгол улсын хууль 2005 оны 07 сарын 01 өдөр тамхины хяналтын тухай хуульд тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг  хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь нийгэмд сайн үр нөлөөтэй төдийгүй тухайн улс орны соёл хувь хүний төлөвшлийн хэмжээнд яригдах асуудал юм. Тэгвэл бид тамхи татах цэгүүдийг зарим байгууллага, замын хажууд бий болгоод өгвөл байшингийн булан тохойд нууцаар татсан тамхины иш хөглөрч, нэг нь хянасан болж, нэг нь хууль дүрмээ биелүүлсэн болж амьдрахгүй юм.

Энэхүү хууль нь хэрэгжиж эхэлснээр нийт тамхидалтын хэмжээ багассан нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал өнгөрсөн оны мөн үед тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй 30 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага, түүнийг хэд дахин нэмэгдүүлэх тооны гар дээрээс утаат тамхи борлуулагч байсан бол одоо 3559-өөр цөөрсөн байна. Харин гаалиар 31328.6 ширхэг тамхи, тамхин бүтээгдэхүүн нэвтэрч байсан бол энэ оны эхний зургаан сард 30382.5 болж тооны хувьд ялгаа бараг гараагүй байна. Манайд тамхи нь хамгийн ашиг орлоготой бараа бүтээгдэхүүний тоонд багтаж байна.

Тухайлбал, Монгол Улс 2012 онд 2138.1 сая тамхи импортолжээ.  Энэ нь 2005 оны дүн мэдээтэй харьцуулахад 3.4 дахин өсчээ. Түүнчлэн  өнгөрсөн онд 1.1 сая янжуур тамхийг дотооддоо үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. 2005 онтой харьцуулахад үйлдвэрлэсэн тамхины хэмжээ 1.4 дахин өссөн үзүүлэлттэй.  Одоогоос долоон жилийн өмнө нэг хүнд ногдох тамхины хэмжээ 306 ширхэг буюу 15 хайрцаг байсан бол өнгөрсөн жил 1234 ширхэг буюу 61.7 хайрцаг болж өсчээ.  Бид шууд л энэ хэрэглээг зогсоох буюу багасгах гэвэл хувь хүний хэрэглээнд хяналт тавих болно. Гэвч энэ бол  санаанд багтах зүйл биш.

Өнөөдрийн байдлаар тамхи зарах 3559 цэгийг цуцлаад байгаа аж. Аливаа юмыг боож, хаах тусам хүч нь ихэсдэг гэдэг. Тэгвэл тамхины хэрэглээ улам л нэмэгдэж, нууцаар зарах, борлуулах, үйлчилгээ улам бүр хөгжиж байгаа нь үйлдвэрлэсэн, импортолсон тамхины хэмжээнээс харагдаж байна. Харин утаат тамхи, зарах зөвшөөрлийн тухайд тамхины хяналтын хуулийн 6.6-д зааснаар  “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур  байраас 500 метр дотор тамхи худалдахыг хориглоно” хэмээн заажээ.

Тэгвэл Монгол Улсын нөхцөлд “Дөрвөн уулын дундаа сүндэрлэн байна” гэж дуунд гардгийн нэг жишээ ч бий. Хоорондоо ойр зайнд барилга байшин баригдаж, машины зам маань ч хавчигдаж, явган хүний зам зарим хэсгээр үгүй болсон байна. Учир шалтгаан ийм тул тамхины далд бизнес илүү ихээр хөгжиж, иргэд өөрсдөө ч далд утгаар ойлголцох нь амархан болжээ. Мөн төв зам дагуу гудамжинд тамхи заран суудаг хүмүүс цөөрсөн ч амьдралаа залгуулах ганц бизнес учир өвлийн хүйтэн, зуны халуунд ч сууж л харагдана. Хамгийн хачирхалтай нэг зүйл нь зэргэлдээ орших хоёр дэлгүүрийн нэг нь тамхи зарах зөвшөөрөлтэй нэг нь зөвшөөрөлгүй байх.

Хэзээд л бид өнөөх танилтай бол талын чинээ гэдэг шигээ л байгалийн хуулиараа нийгэмтэйгээ дасан зохицож байна. Хууль хэрэгжих газраа хэрэгжиж зөвшөөрөлгүй цэг дээр тамхи татвал торгож байна. Гэвч тэр бүрийг олж торгоно гэж амаргүй юм. Торгосон зарим нэг төрийн ажилтан шууд л газар дээр нь ямар нэгэн торгосон гэсэн баталгаагүй торгож, цаашлаад олуулаа явбал дундаасаа тэдийг эдийг гаргаад өгчих гэх, энэ талаар торгуулсан иргэд баримт дэлгэж байгаа юм. Тамхины хууль энэ мэт л хэрэгжиж байна.

Тус хуульд сайн тал ч бас бий жишээ нь албан байгууллага, үйлчилгээний газрууд тэр бүр тамхины утаанд живээд байдаггүй бөгөөд даган дуурайх үйлдэл ч багсах юм. Энэ нь мэдээж эрүүл саруул орчинд амьдрах нийгмийн бас нэг хэв маяг болж байна.

Ер нь ямар ч хүн тамхи энд татаж болно, энд болохгүй гэх хувь хүний соёл, ухамсрыг  өөртөө бий болгох нь зөв гарц юмуу даа. Өөрийгөө ч, бусдыг ч хүндлэхээ хүнээр заалгахгүй сайхан уламжлал, ёс заншилтай ард түмэн монголчууд бид. Гэвч нийгмийн гэх тодотголд ороод ирэхээрээ зарим зүйлд эмх замбараагүй, ёс суртахуунгүйгээр хандаж, өөр хоорондоо барьцах төдийгүй бие биенээ хүндлэх хүндлэл нь мөн чанараасаа холдоод байх шиг. Тиймээс утаагүй нийгмийг ухамсараараа бий болгох цаг хэдийнэ ирсэн гэдгийг энд дурдахыг хүслээ.
 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Утаагүй нийгмийг ухамсараараа бий болгоё   
Үзсэн: 2857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.179.xxx [180.235.179.xxx] 2013-10-15 12:20
demjij baina
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2013-10-13 12:37
tamhia tatmaar l bn daa..kk gehdee huuli durmee bodolgui l yahav. haana tatah ve...ali esvel bvvr tanhi tatahiig horigloh huuli gargaad uguuch yuhev, ter ni deer...ene olon too ch yahav. yag bodit amidral vhtelee tamhi tataj bga ni vnen shu dee...

Бидэнтэй нэгдээрэй