Шууд Chart

Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын 27-нд болно

2016-07-18 18:54:15

Хуулийн дагуу ээлжит сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор буюу долдугаар сарын 19-ний дотор ИТХ-ийн анхдугаар хуралдааныг зохион байгуулах ёстой. Аймгууд ИТХ-ын анхдугаар хуралдаанаа зохион байгуулж байгаа бол Завхан аймаг хаалтын хуралдаанаа өнөөдөр хийсэн байна. Энэ тухай манай телевизийн Завхан аймаг дахь сурвалжлагч Оюун-Эрдэнэ мэдээлэл бэлтгэн ирүүллээ.

Завхан аймгийн хувьд энэ удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар улсын хэмжээнд нэг намыг дэмжиж олонхи болгосон цорын ганц аймаг юм. Өнгөрсөн 4 жил тус аймагт МАН эрх барьсан бол энэ удаад аймгийн ИТХ-ын 41 суудлаас 24-ийг нь АН авч орон нутагт эрх барихаар болсон. Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсанаас гадна 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн ИТХ-ын хаалтын хуралдааныг зохион байгууллаа. Хаалтын хуралдаанаар 2012-2016 онд баримтлах бодлогын хэрэгжилт, орон нутгийн 2016 оны төсөвт тодотгол оруулах тухай, Үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцсэн байна. Харин ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнд Завхан аймагт цөөнх болсон Монгол Ардын намынхны зүгээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд эхлүүлсэн даацтай ажлуудыг цааш нь шинэ арга хэлбэрээр үргэлжлүүлэх, түүнчлэн багаа бүрдүүлэх нэрийн дор төрийн албан хаагчдыг ажлаас халахгүй байхыг хүслээ. Харин аймгийн Засаг дарга Жамъянтив цаашид улс төрийн ажил хийхгүй гэдгээ мэдэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын 27-нд болно  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй