Шууд Chart

Монгол бүтээмж

2016-07-27 12:23:28

Бид ажлынхаа өрөөнд наймуулаа суудаг. “Биднээс хоёр нь үр дүн багатайдуу  ажилладаг болж таарах нь ээ” гэж бодлоо.

Ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь бүтээмж муутай, бусдадаа болоод ажиллаж байгаа газартаа үр өгөөжгүй нэгэн байдаг тухай олж сонсоод ингэж  бодсон хэрэг л дээ. Өгөөж муутайхан,  бүтээмжгүй ийм ажилтнууддаа манай улс, зөвхөн нэг жилийн хугацаанд 1,5 ихнаяд төгрөгөө “цалин” нэрээр зарцуулж.

“Азийн бүтээмжийн байгууллага”-ын хоёр жилийн хугацаанд хийсэн “Бүтээмжтэй монгол ажилтан” судалгааг үндэслээд тоонд дургүй хэрнээ тооцоо хийж үзэв.

Статистикийн байгууллагын мэдээллээр өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа 900 мянган хүн бий гэдэг. Тэгвэл тэдний 4-ний нэг нь гээд бодохоор 225 мянга орчим нь идэвхигүй, бүтээмж тун багатай ажилтнууд болж таарах нь л дээ. Жишээ нь 100 ажилтантай, дундаж бизнесийн байгууллага байлаа гэж бодоход жилдээ 100-150 сая төгрөгийн цалин үргүй зардал болж байнаа гэсэн үг. Энэ мэтээр учиргүй тооцож эхэлтэл, дэргэдээс “мөнгөөр илэрхийлэхийн аргаггүй “алдагдсан боломж”-ын өртөг гэж бий дээ. Тэрийг чи яах гэж байна” гэлээ. Нээрээ л сайхан инээмсэглэж, найрсаг байснаараа хичнээн зуун мянган төгрөгийн ашиг олсныг тооцох аргагүй. Бас эсрэгээрээ...  

“КОП”-ын эрэлд буюу улс төрийн нөлөө

За байз. Бид наймын хэн нь “КОП” юм болоо гэж бодохдоо, бас өөрийгөө оруулчихгүй санаатай суулаа. “Бүтээмжгүй ажилтны идэвхгүй сул байдал хамт олонд таагүй үлгэр дуурайл үзүүлдэг. Ийм хүмүүсийг “КОП” гэж нэрлэдэг. Копуудын таагүй сэтгэл хөдлөл байгууллагын уур амьсгалыг эвдэж болзошгүй тул хор хохирол нь маш их” гэдгийг мэдсэн хүн чинь “хүсээд байх нэр биш” гэдгийг ойлгоод, өөрийгөө тойруулаад л өрөөнийхнөөсөө сэмхэн тэр “КОП “-ыг нь хайв.

Судалгаа хийсэн “Азийн бүтээмжийн байгууллагынхан хэлэхдээ “Сэтгэлгүй бүтээмж муутай копуудын асуудалдаа улс орон анхаарах хэмжээнд хүрч бүр   эмзэглэхээр байдалтай байгааг дуулгалаа. Чиглэсэн ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн тухай “Бүтээмжтэй монгол ажилтан” судалгааны багийн ахлагч Ц.Энхжаргал  ярьсан юм.

Энэ бол маш эрсдэлтэй,зарим хүмүүс тоглоом шоглоомоор эбола өвчнөөс ч илүү аюултай гэж ярьж  байна. Хүмүүсээ хэрхэн сэдэлжүүлж , байгууллагынхаа төлөө гэсэн сэтгэлтэй болгох вэ гэдэг нь хамт олон удирдаж байгаа олон хүний толгойны өвчин болоод байна. Манайд хоёр төрлийн ”КОП” байна гэж бид үзэж байгаа.Эхнийх нь, магадгүй гадаад дотоодод маш өндөр боловсрол эзэмшсэн хэрнээ хүнтэй нээлттэй харилцаж чаддаггүй хэчнээн сайхан байгууллагад орлоо ч  өөрийгөө ялсан зан чанар харагдахгүй л бол “КОП” гэсэн үг. Хоёр дахь нь, соёл нь бүрэлдээгүй байгууллагаасаа болоод сэтгэл зүтгэлтэй байсан нэгний урам зориг нь  хугарснаар “КОП” болох тохиолдол бий. Манайд хоёр дахь төрлийн коп маш их байна.”

Биеэ дайчилдаггүй, олдмол копуудаас гадна бас нэг юм бий. Монголчууд бидний бүтээмжтэй байх эсэхэд улс төржсөн байдал нөлөөлж, төрийн байгууллагын тогтворгүй байдал албан хаагчдадаа мэргэших боломж олгодоггүй явдал учир бас  бий.

Миний мэдэх хэд хэдэн албан хаагч “улс төр дагахгүйгээр албан тушаал, нэр хүнд ахих боломж үгүй юм байна” гэж хэлж байсан удаатай. Хэлээд зогсохгүй тэр зам  мөрийг хөөж одсон нь ч бий. Хүний бодож, сэтгэх нь ийм болоод ирэхээрээ сэтгэл зүйн дарамтанд орж, ажилдаа анхаарахаа больчихдог юм билээ.

Ийм дарамттай хүн төрийн үйлчилгээ үзүүлэх гэхээсээ ажлаа хийх үү, эвсэл... гэсэн сэдэл төрж эхэлдэг. Ажлаа хийсэн дүр эсгэж өөр боломж хайна. Нэр хүндээ ахиулах, ур чадвараа шудрагаар үнэлүүлэх арга саам сүвэгчилнэ. Ажил нь юун  бүтээмж манатай ард нь үлдэнэ. Тиймээс л бидний бүтээмжид өнөөх л улс төрийн нөлөө дэндүү их гээд байгаа юм.

Цалиндаа тааруулж ажиллана, хийсэнд нь тохируулж өгнө

Иргэд нь үр бүтээлтэй ажилладаг, бүтээмж өндөр улс орныг өнөөдөр Япон, Сингапур улс тэргүүлж явна. Тэд бүтээмжээ дээшлүүлэхийн тулд тусгай  агентлагтай. Харин бидний хувьд бүтээмжийн тухай яригдаад удаж байгаа ч ажил хэрэг болж хэрэгжүүлсэн нь эхлэл төдий. Өмнө нь Хөдөлмөрийн яамны аль нэг газар хэлтэст давхар хамааруулчихдаг байж л дээ. Хэдэн жилийн өмнө бүтээмжийн асуудлаа бодлогын түвшинд авч үзэхээр шийдэж, Хөдөлмөрийн яамны дэргэд тусад нь ажлын хэсэг байгуулж байсан юм. Тус яамны Хөдөлмөрийн бүтээмжийн бодлого хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяагаас тухайн үед зарим зүйлийг тодруулж байсанаа толилуулъя.

“Бидэнд нэгдсэн нэг ойлголт алга. Хоёр ижил байгууллага эсрэг тэсрэг юм ярьдаг. Бүтээмж манай салбарт өндөр байна гэж хэлж байхад нэг улс төрч гарч ирээд манайд ерөөсөө бүтээмж байдаггүй зөвхөн уул уурхайн нүүрсээ зарж амьдарч байна гэдэг ч юмуу туйлширсан үзэл бодлын доор хүмүүсийн цалин хөлс шийдэгдэж байна. Энэ асуудалд маш нарийн зүйлийг ч хэмжих ёстой. Цалин маш бага байгаагаас шалтгаалаад хүмүүсийн сэтгэл зүй цалиндаа тааруулж хийнэ гэх хандлага харагддаг. Гэтэл нөгөө талд,хийсэнд нь тааруулж цалинг нь өгнө гэх.  Ажил олгогч, ажилчид хоорондоо маш сайн ярилцдаг байх ёстой. Энэ хоёрт хамаарахгүйгээр өөр зүйл нөлөөлж байгаа тохиолдолд салбарын хэмжээнд ярих ёстой. Бүтээмжээ нэмэгдүүлэхийн  тулд  манай энэ салбарын тэр агентлагт  ийм ажил хийх юм бол бид нар ингэх гээд байна гэдгээ салбарын хэмжээнд ярьж байх ёстой. Бүр болохгүй бол улсын хэмжээнд манай бүтээмжийг нэмэгдүүлэхэд ийм асуудал дутагдаад байна. Үүнд тэр нөхөр саад болоод байгаа тул түүнийгээ шийд, хуульд өөрчлөлт оруулъя гэдэг зүйлийг ярих ёстой. Энэ яриа хэлэлцээр өнөөдөр маш хангалтгүй байгаагаас улс даяараа ам авч давхидаг, хадуурдаг морь шиг хаа хамаагүй давхиж байна л даа”

2005-2011оны байдлаар цалингийн өсөлт, бүтээмжийн өсөлт урвуу хамааралтай гарчээ. Өөрөөр хэлбэл цалин 283 хувиар өссөн байхад бүтээмж нь ердөө 50 хувийн өсөлттэй. Мөн бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтөөсөө байнга хоцорч байгаа энэ үзэгдэлийг гадныхан ойлгохдоо бүтээмжийн ач холбогдлоо ойшоодоггүй, үнэлдэггүй, цалин хөлсөө нэмэхдээ ч бүтээмжийн өсөлтөө харгалздаггүй  юм  байна  гэж  хардаг  байна.  Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн  холбооны дэд  ерөнхийлөгч  С.Эрдэнэбаттай   энэ тухай ярилцаж  байсан  удаатай.

Бүтээмж багатай салбар учраас ашиг орлого багатай гэж хэлчихээд, орлого нь ахиухан орж ирсэн үедээ өөрөө 80 хувийг нь хүртчихээд ажилтнууддаа 20 хувийг  нь өгдөг байгууллага манайд зөндөө. Гэтэл өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нийт зардлынхаа 50 хувийг цалингийн зардалдаа зарцуулж байна. Зарим улсад 60 хувь ч байдаг.Цалингаа хангалттай өгч бүтээмж шаардах тухай ярихын  оронд богино хугацаанд баян болж аваад, том том хаус, хэрэгтэй хэрэггүй зүйл цуглуулах мэтээр үр ашиггүй зардал гаргадаг. Тэгсэн мөртлөө ажилтнууддаа маш харамч ханддаг явдал манайд их. Ажилтнуудынх нь цалин сая төгрөгийн дотор эргэлдэж байх ёстой юм шиг л санадаг. Үүнээс болоод чадвартай боловсон хүчнүүд нь өөрсдөө компани байгуулах, өөр компанид ажиллах, бүр гадагшаа  явчихаж байна. Энэ бүхэн ерөөсөө л цалин хөлснөөс болж байна. Дээр нь аж ахуй нэгж компаниуд нь хамаатан садансаг. Ямар ч чадалтай мэргэжилтэй боловсон хүчин өсч, дэвжих боломжгүй. Төрийн байгууллага нь болохоор танилуудаа томилчихно. Тэр нь  мэргэжлийн хүмүүсийг нь дарж өгнө  дөө. Чадварлаг хэсгийнх нь цалин хөлс 1000 доллар ч хүрэхгүй. Хөдөлмөрийн хөлсийг нь сорж, сорж эцэст нь  зайлуулдаг тухай иргэдээс  мэдээлэл их ирдэг.”

Сор  ажилтан

Хүний  нөөцийн чиглэлээр үйл  ажиллагаа  явуулдаг нэгэн  компани 2000 гаруй  аж  ахуйн нэгжийг хамруулсан судалгаа хийсэн байдаг. Судалгаанд оролцсон ажилтнуудын дийлэнх нь хамгийн чухал зүйл хамт олны уур амьсгал, удирдлагын шударга харилцаа гэж хариулсан байх билээ. Дараа нь, сэтгэл гаргаж зүтгэсэн   бүтээмжийг нь хангалттай сайн урамшуулдаг байх гэжээ. Эх орондоо ажил  хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх боломжгүй учраас хөдөлмөрийг нь үнэлж чаддаг системгүй учраас бүтээмжийг нь ойшоодоггүйгээс, өнөөдөр ажиллах хүчний сор болсон 200 мянган хүнээ гадагш  нь алдаад байна.

1970-аад онд гадаадад сургууль төгсөгчдөөс нь жилдээ дөнгөж 530 нь л нутагтаа буцаж ирдэг байсан Тайвань улс, тааламжтай нөхцөл бий болгосноор 1990-ээд он болоход жилд 5000-аар тоологдох боловсон хүчин нь эх орондоо ирдэг болсон гэдэг. Эх орондоо ирсэн сор ажилтнуудынхаа нөлөөгөөр өндөр технологи бүхий үйлдвэрлэл нь шинжлэх ухаан, боловсролын салбартайгаа хөгжиж, дэлхийн улс болоход нь чухал түлхэц болсон гэж  үздэг.

Бидэнд тааламжтай нөхцөл юу байгааг сонирхлоо. Статистикийн байгууллага 2001 оноос бүтээмжийг тооцож эхэлсэн ч тухайлсан байгууллага дээр ажилтнуудынхаа бүтээмжийг хэрхэн тооцох нарийвчилсан аргачлалгүй ерөнхий бүдүүвчтэй явж иржээ. Хөдөлмөрийн зардлыг хугацаа болон цалин хөлсний зардлаар бус ажилчдын тоон үзүүлэлтээр л авч үзсэн нь эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байгааг харуулав. Тиймээс хариуцсан яам нь “Бүтээмж тооцох аргачлал”-аа боловсруулахаар болсон. Энэ ажлын голыг нь нугалж суусан Хөдөлмөрийн яам шинэчлэгдэж Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яам болсон учир эхэлсэн ажлыг нь үргэлжилүүлээсэй хэмээн болдогсон бол захимаар санагдлаа.

Бүтээмжийн тухай ярихын тулд хөдөлмөрийн үнэлэмжээ зөв гаргаж тавих ёстой. Үнэлгээгээ өндөрсгөж, цалин зардлаа өсгөөд, чанартай бүтээгдэхүүн, сайн мэргэшсэн ажилтантай болъё гэхнээ бүтээгдэхүүний өртөг өснө, тэр хэрээр үнэ өснө. Энэ хэвээрээ явъя гэхнээ шинэ техник технологийн үнэ нь хадчихаад, шинэчлэл хийх хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Асуудалтай нь эвлэрээд амьдаръя гэхнээ олон жил ажилласан, мэргэшсэн туршлагатай нь байтугай  сургуулиа дөнгөж төгссөн нь хүртэл ажиллах сонирхолгүй болчихдог бололтой. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо эргэлдсээр... Бүтээмж тойрсон асуудлаас бүтэл муутай хэсгийг нь гогдож ярихад  ийм байна.

“Монголчууд бид ер нь хэр зэрэг бүтээмж өндөртэй ард түмэн бэ, бүтээмжийг бий болгодог сор болсон хүмүүсээ хэр зэрэг дэмжиж байна вэ” гэдгээ бодох ёстойг судалгааны байгууллага сануулж байна лээ.

Идэвхитэй нь ийм байхад...

Азийн бүтээмжийн байгууллагын сүүлд гаргасан судалгаа өөр нэг зүйлийг харуулсан байдаг. Монгол улс үндэсний хэмжээнд бүтээмжийн ерөнхий  үзүүлэлтээрээ  “өндөр” харагдах ч яг аль салбар, ямар аж ахуйн нэгж, төр хувийн хэвшлийн хэн нь илүү бүтээмжтэй, хэн нь бүтээмж муутай байгааг тодорхойлох аргагүй байгааг гаргаж тавьсан байна.

“Бүтээмжтэй Монгол ажилтан” судалгаанд төрийн байгуулага хамрагдаагүй гэдгийг анзаарах хэрэгтэй. Улс төрийн томилгоо ихтэй тэдний дотоод асуудал руу  нь өнгийхөд дурамжхан байхаас эхлээд төвөгтэй гэж үзжээ. Тиймээс “бид үнэндээ бизнесийн байгууллага, хувийн хэвшлийг сонгосон” гэж “Азийн бүтээмжийн  байгууллага”-ынхан хариулж байналээ. Тэгээд ч, хувийн хэвшил ажилтнаа авч үлдэхийн тулд,  идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж олон хүн боддог. Тэгэхээр идэвхтэй хэсэгт судалгаа хийхэд дөрвөн хүн тутмын нэг нь гэсэн үзүүлэлттэй байгаа юм чинь төрийн албанд ямар байгааг хэлэхэд үнэндээ “эмээж” байна гэж   судалгааны багийхан  хэлээдэхэв. 

Төрийн албанд “КОП” хэр их байгааг тоолоход хэцүү. Тооллоо гэхэд зардлыг нь тооцоод гаргасан ч ойшоож үзэх нь юу л бол. Нэг хүний цалингийн зардал том дүр зургийн дэргэд өчүүхэн харагдаж магадгүй юм.

Гэтэл хувийн хэвшил, бизнесийнхний хувьд тийм биш. Хөл дээрээ зогсохын тулд хөдөлмөрлөсөн хөлс хүчээ бодохоор, тэдэнд нэг хүний ч болов цалингийн зардал том асуудал.

Ж.Мөнхөө

Нийтэлсэн: Ж.Мөнхөө

Монгол бүтээмж  
Үзсэн: 5627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй