Шууд Chart

Хашбаатарын Цагаанбаатар ба дэлхийн дэвжээ

2016-08-16 18:15:26

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Тамирчин Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 9-ний билэгт сайн өдөр уудам цэлгэр эх орныхоо алс баруун хязгаар Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг “Хар цагаан ус” хэмээх газар мэргэн ард Хашбаатарын хоёрдугаар хүү болон төрсөн юм. Увс аймгийн Баруунтуруун сум бол Монгол Улсын баруун таван аймгийг арвай буудай, гурил будаагаар хангадаг ачтай буянтай ариун дагшин газар шороо. Энэ л эрчтэй, хүчтэй нутаг усанд Соёо уул гэж эртний дайнч эрсийг тээж төрүүлэн, тэтгэж өсгөсөн баян хайрхан бий.

Хашбаатар гуай амьдралын чигч ухаантай, нутаг усандаа нэр төртэй, ажилч хичээнгүй, хэлсэн бол түүндээ хүрдэг, хийсэн ажилдаа эзэн болдог нэгэн байв. Гэтэл харамсалтай нь өнгөт орчлонд ирээд дөнгөж хоёрхон жил болсон тохойн чинээ үрээ орхиод тэр тэнгэрийн орон руу явчихсан юм. Чингээд тэднийх нутаг усаа сэлгэх ёстой боллоо. Иймийн учир 1986 оны зуны тэр нэгэн намуухан өдөр хоёр хүүгээ хоёр гартаа торойтол хөтөлж үлдсэн Наранцэцэг гуай, ачит аавын хамт өргөө цагаан гэрээ ачааллаж, өвлийн жавар шиг амьдралын хүнд бэрхийг сөрөн хорьдугаар зууны их бүтээн байгуулалтын өлгий Дархан хотод ирсэн юм. Бурхантын хөндий тэдний гэр бүлд алга эргүүлэх шиг аз жаргалыг түргэн өгөөгүй ч алимны мод ургах шиг алгуурхан үр жимсээ өгч эхэлжээ.

tsag

Хоёр жил өнгөрлөө. Энэ хооронд Наранцэцэг гуай хөвгүүдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлэх гэж бүхий л хүч сэтгэлээ зориулсан ч амьдрал амаргүй байсан юм. Гэтэл тэдний гэр бүлд гэгээ татуулан ирж, хорвоогийн хүнд хэцүүг хамтдаа үүрч, хамтдаа туулаад, аз жаргал хэмээх алтан нартай өдрүүдийг авч ирсэн хүмүүн бол Балжинням гуай билээ. Балжинням гуай сайхан сэтгэлтэй, дөлгөөн, хүнийг хайрлаж, хүнээр хүн хийж сурсан, орчлонгийн оргил, ёроол хоёрыг мэддэг хүмүүн байв.

Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцаж, Туяа багшийн шавь боллоо. Он жилүүд ар араасаа улирч, Балжинням гуай, Наранцэцэг гуай хоёр эгэл боргил амьдралын өдрүүдэд бие биеэ түшиж хоёр талаасаа нийлсэн ч төрсөн ах дүүсээс өчүүхэн ч ялгаагүй хэдэн бор хүүхдээ тойруулан сэтгэл хангалуун аж төрөх болов. Тэгэхдээ Наранцэцэг гуай арилжаа наймаа хийх бол Балжинням гуай монхойсон шар ГАЗ-53 машинаараа Дархан хотын хот тохижуулахад ажиллана. Ингээд даруй дөрвөн жил өнгөрчээ. Улс орон ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, нэг хэсэг элбэг хангалуун байсан Монголчууд нэгэнтэй сөхрөөд хоёронтой босч эхэлж байлаа. Арван хоёр настай Х.Цагаанбаатар хичээл сургуульдаа сайн, бичих, бодох дуртай, сайн, сайхан мөрөөдөлтэй хүү болжээ. Нэгэн өдөр биеийн тамирын залуухан багш Ганбат чөлөөт бөхийн секц хичээллүүлэхээр шийдэж хорь гаруй хөвгүүнийг шилж, сонгож авлаа. Тэдний дунд Х.Цагаанбаатар зогсож байв. Ингэж тэр “бөхийн дэвжээ” хэмээх тамирчин хүний аз жаргал, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, баяр гунигийн нулимс шингэсэн аугаа их тавцан дээр анхлан хөл тавьсан юм. Чөлөөт бөхийн секцэнд 1 жил гаруй хичээллэсэн Х.Цагаанбаатар аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж барилдлаа. Дархан хотын спортын төв ордонд сэтгэл догдлуулсан мөчүүд үргэлжилж, дасгалжуулагч багш Ганбат дэвжээний дэргэд тамирчдаа дэмжин, зааж зөвлөж, шавь нар нь ч хүчтэй өрсөлдөж байв. Тэмцээн дуусахад Х.Цагаанбаатар жиндээ түрүүлжээ. Үүний дараагаас тэр Баярсайхан багшийн секцэнд хичээллэх болов.   

tsa

Бөх болно гэж гэнэн санаа, цагаан цайлган сэтгэлдээ бат, нот шийдсэн Х.Цагаанбаатар Дархан хотын спортын төв ордонд бэлтгэл сургуулилт хийхээр дахин дахин ирсэн ч хаалга цоожтой байлаа. Учир юу гэвээс ах нар наадмын бэлтгэлд гараад тэдний секц хилээллэхээ больжээ. Гэвч өдөр болгон уйгагүй ирж, тэр болгондоо цоожтой хаалга мөргөн урам муутайхан буцах хүүг олон удаа харсан Батлав багш Х.Цагаанбаатарыг дуудлаа. Тэгээд “Чи жүдо, самбын секцэнд орох уу” гэж асуусан юм. Х.Цагаанбаатар гэтэл өмнөөс нь “Тэр чинь бөх юм уу” гэжээ. Батлав багш “Тиймээ бөх” гэж хариулав. Ийм сайхан үг сонсож, нүд нь сэргэсэн Х.Цагаанбаатар “Тэгье” гэв. Энэ бол аугаа их түүхийн эхлэл болсон алтанхан заадалтай агшин хормууд байлаа. Жүдо бол бөхийн спортын оргил болсон сонгодог төрөл. Жүдогоор хичээллэж эхэлсэн анхны өдөр Батлав багш Х.Цагаанбаатарт “Тамирчин хүн маш сайн гүйдэг байх ёстой” гэж хэлсэн юм. Тэгээд холын кросст түрүүлж ирсэн Х6Цагаанбаатарт, сэтгэл хөдлөлөө тэр болгон үзүүлээд байдаггүй Батлав багш “Сайн гүйдэг хүүхэд байна. Үүнийг том тэмцээний медаль болгоорой” гээд Москвагийн “карамель” чихрийн үйлдвэрийн ирис өгсөн юм. Энэ бол Х.Цагаанбаатарын анхны медаль байсан юм. Батлав багш одоо Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байгаа.    

1996 оны Атлантын олимпийн Жүдо бөхийн татам дээрээс Монголын алдарт бөх Нармандах хүрэл медаль хүртлээ. Зах зээлийн нийгмийн хүнд бэрх үеийг даван туулах гэж бүсээ чангалж байсан Монголчуудын сэтгэл цэнгэж, төрийн алтан соёмбот далбаа минь өрнө зүгийн тэнгэр дор ёслол төгөлдөр намирав. Цэнхэр дэлгэцээр энэ баярт мөчийг үзэж, бахархаж суусан ирээдүйн алдарт жүдочин, тэр үеийн залуухан хөвгүүн Хашбаатарын Цагаанбаатар сэтгэл дотроо “Ямар гоё юм бэ? Энэ ах шиг гоё жүдочин, гоё тамирчин болоод бас энэ ахтай барилдаж үзэх юмсан” гэж өөртөө шивнэж байсан юм. 1997 онд Монгол Улсын Гавьяат Тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Х.Цагаанбаатарын тохой нь мултарчихлаа. Тэр даруйд эмнэлэгт очиж, гипсдүүлэхэд багш нь түүнд “одоо боль” гэж зөвлөсөн юм. Гэвч Х.Цагаанбаатар “дахин барилдана” гэж шийдээд торгуулийн барилдааны татам дээр гарав. Тэр хүүхэд байхдаа л хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүнд хэцүүг даван туулж, өвдөлтийг ялан дийлж чаддаг нэгэн байв. Тиймдээ ч тэмцээний  хүрэл медалийн төлөө бэртэлтэй гартай барилдаад Дарханыхаа нэг хүүхдэд ялагдчихлаа. Энэ бол анхны том ялагдал байв. Тэмцээний танхимд сэтгэл дундуурхан сууж байсан Х.Цагаанбаатарт гэтэл “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Бат-Орших “Эрэмгий дайчин барилдааны шагнал” гардуулсан нь залуу хүүд асар их урмыг өгч, цаашдын амжилтуудынх нь үүд хаалгыг нээжээ. Энэ тэмцээнээс хойш Х.Цагаанбаатарын амжилт эрс ахиж, медалийн буухиа эхэллээ.

tsagaa

Тэднийх хэдэн үхэртэй байлаа. Тийм болохоор 1995 оны зун Х.Цагаанбаатарт өвөө нь морь авч өгчээ. Ингээд хүрэн морьтой үхэрчин хүү Х.Цагаанбаатар Монголын дөрвөн зүг найман зовхист орших олон зуун сүм хийдийн тууриас бурханы номын шид шингэсэн хөрс шороо залж, анхны шавийг нь тавьсан Дархан хотынхоо ойролцоо, Бурхантын хөндийд үхрээ хариулах боллоо. Төдөлгүй тэдний ойр хавийн малтай айлууд Х.Цагаанбаатараар бас үхрээ хариулуулах болов. Тэр нэг айлын үхрийг сард 50 төгрөгийн хөлсөөр хариулна.  Сарын сүүлч болохоор айлуудын хаалгыг зөөлөн цохиж цалингаа цуглуулж авна. Тэр ингэж ажил хөдөлмөрийн амтанд эргэлт буцалтгүйгээр орсон нэгэн. Спортоор, тэр тусмаа бөхийн спортоор хичээллэнэ гэдэг хэн хүний хийгээд байдаг ажил биш. Бэртэж гэмтэнэ, сэтгэлийн хүч дутна, ядарч сульдана гээд зөндөө зовлон бий. Тэр болгонд аав Балжинням, ээж Наранцэцэг нар нь хүүгээ цаг ямагт дэмжиж байв. Тэр тусмаа Балжинням гуай хүүдээ урам зориг, итгэл үнэмшил нь болж байсан юм. Нэгэн удаа бэлтгэл дээр бэртээд ирсэн Х.Цагаанбаатарыг харсан Наранцэцэг гуай хүний эх болсон хойно “Боль хүү минь. Эрүүл саруул төрүүлж, өсгөж өгсөн биеийг ингэж гэмтээгээд байх юм, боль” гэж хэлэхэд Балжинням гуай тайван сууж байснаа “Залуу хүн тэгж л байдаг юм. Бөх гэдэг хэцүү. Бэртлээ эдгээчихээд бэлтгэлдээ гар” гэсэн нь Х.Цагаанбаатарт хэзээ, хэзээнээс илүү их хүч өгчээ.

Х.Цагаанбаатар 2000 онд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Гэвч гадаад руу тэмцээнд явах зардал гэж том асуудал байв. Үнэнхүү сайхан мэдээ хүлээж авсан Балжинням, Наранцэцэг хоёр хүүгээ бүхий л чадлаараа дэмжиж, хэдэн үхрээ хүртэл зарж, аймгийн хот тохижуулахад олон  жил зүтгэсэн хуучин ГАЗ-53 машинаа худалдчихлаа. Тэгсэн ч арван зургаан жилийн тэртээх 500 мянган төгрөг гэдэг их мөнгө байжээ. Ингээд Балжинням гуай хүүгийнхээ сургуулийн хамт олон, багш, ажилтан, ажиллагсад, үеийн найз нөхдөөс нь тусламж хүсч, тэд нь ч өөрт байсан боломж бололцоогоороо дэмжиж, тусалж чадсан юм. Х.Цагаанбаатар Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг хүзүүндээ зүүж, гараа гипсдүүлчихсэн эргэж ирэв. Шийдвэрлэх барилдаанд илт давуу ялж явсан манай тамирчны гарыг өрсөлдөгч нь өчихөд Х.Цагаанбаатар өөрт баймгүй тэсвэр тэвчээрийн гайхамшгийг гаргаж ялалтад хүрсэн удаатай.

Х.Цагаанбаатар хүүхэд байхдаа наймаа сайн хийдэг байлаа. Наранцэцэг гуай лангуун дээрээ хааяа хүүгээ суулгах дуртай. Цагаанбаатар бараагаа бусдаас түрүүлж зарна, өмнүүр явсан хуушуур, бууз, зайрмаг, жимс гээд юу л байна цөмийг авч иднэ. Дарханы захынхан Наранцэцэг гуайд хэлэхдээ “Танай хүү бараагаа сайн зарна, бас сайн иднэ” гэсэн байдаг. Х.Цагаанбаатар хэзээний ажилсаг нэгэн байсан. Тэр өглөө босч үнээгээ саагаад гудамжаар явж сүүгээ зардаг байв.

Тийн хөдөлмөр зүтгэл, амжилт ололт, бүтээн байгуулалтын бодит үлгэр жишээ болсон Дархан-Уул аймаг, Бурхантын хөх хөндийдөө өсч хүмүүжсэн Хашбаатарын Цагаанбаатар “Аварга” дээд сургуулийг амжилттай төгсөөд 2004 онд анхлан бүх монголчуудаа баярлуулж Афины олимпоос хүрэл медаль хүртсэн гэдгийг бид мартаагүй. Чухамдаа Афины олимпод Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртээгүй бол Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцан дээр ёстой навс унах байсан. Х.Цагаанбаатар эх орныхоо нэр төрийг тэгж өндөрт өргөж, ард түмнийхээ итгэл найдварыг нуруундаа үүрч эхэлсэн. Хүүгээ олимпоос медаль хүртээд ирэхэд нь Балжинням гуай хагартлаа баярлаж “Чи зөвхөн бидний хүү биш, ард түмний хүү боллоо. Энэ олон түмнийхээ итгэлийг дааж яваарай” гэж захисан. Х.Цагаанбаатар Монголчуудын итгэлийг алдаагүй. Х.Цагаанбаатар 2005 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2006 онд Азийн тоглолтоос алтан медаль, 2007, 2008 онд Азийн аваргаас мөнгөн медалиудыг хүртсэн юм. Тийм болохоор Бээжингийн олимпод оролцох дархан эрхтэй болчихсон байлаа. Чингэвч үүнээс өмнө манай улсын жүдо бөхийн тамирчид олимпийн 60, 66 кг-ын жинд эрх аваагүй байв. 2007 онд Бразил улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд Хашбаатарын Цагаанбаатар 60 кг-ын жинд олимпийн мөнгөн медальт Гүржийн алдарт бөхийг илт давуу ялж яваад цаг дуусахаас хэдхэн хормын өмнө хариу мэхэнд орж ялагдав. Дараа нь Австрийн тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдаад ялагдлаа. Энэ үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан. Гэвч Х.Цагаанбаатар ялж, ялагдаж сурсан юм. Тавдугаар байрын шагнал хүртсэн тэрбээр олимпийн 60 кг-ын жинд өрсөлдөх эрх авлаа. Бээжингийн олимп хаяанд ирчихсэн байх үед Х.Цагаанбаатар 60, 66 гэсэн хоёр жинд барилдах эрхтэй байв. Тэгээд Цагаанбаатар 60 кг-ын жинд барилдах болж, үнэнч нөхөр, хамтран зүтгэгч Мияарагчаадаа 66 кг-ыг өглөө. Уг нь энэ олимпоос Х.Цагаанбаатар алтан медаль авна гэдэгт бид бүхэн итгэж байсан. Гэвч тэгж чадаагүй. Үүнд гомдож, гонсойсон хүмүүс Х.Цагаанбаатарыг янз бүрээр ярьж байсан. Гэтэл бодит байдал арай өөр байжээ. Олимпийн өмнөхөн буюу 2008 оны долоодугаар сарын 26-ны өдөр Цагаанбаатар Нүхтийн амралтад 90 кг жинд барилддаг Жанчивдоржтой бэлтгэл хийж байгаад, даруулж хавиргаа хугалжээ. Энэ бол том тэмцээн тулаад ирчихсэн байх үед сүйрэл гэсэн үг.

tsagaanbaatar2

Цагаанбаатар хугарсан ясаа эдгээж, эх орон, ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөхийн тулд чадах бүхнээ хийсэн. Тэр ясанд сайн гэх хойлогийн мах, тарваганы элэг идэж, алтан гагнуур ууж, зэс хүртэл хуурайдаж үртэсийг нь ууж үзжээ. Шил үлээж, боож янз бүрийн арга хэрэглэв. Цаг хугацаа түүнийг хүлээсэнгүй. Багш нар нь түүнээс “болих уу” гэж асуусанд Цагаанбаатар “Үгүй. Энэ чинь миний дөрвөн жилийн хөдөлмөр. Ард түмний минь итгэл” гэж хэлээд хугархай хавирга руугаа мэдээ алдуулж, өвдөлтийн эс үхүүлдэг тариа хийлгээд Бээжин рүү ниссэн юм. Тэр онгоцонд өндөр хэмээр халуурч явсан. Дараа нь олимпийн баг тамирчдын хотхонд түүний бие улам муудсанд тэр багш, дасгалжуулагч нараасаа гуйж байгаад дахин хугархай хавирга руугаа мэдээ алдуулж, өвдөлтийн эс үхүүлдэг тариа хийлгээд татам дээр гарсан юм. Энэ үед тэр гаднаасаа зүгээр мэт харагдаж байсан ч мэдээ алдуулах тариа хамаг биеийг нь сулруулж, доройтуулсан байжээ. Х.Цагаанбаатар эхний тойрогтоо ялагдчихлаа. Ийм мэдээ Монголоор дүүрэн тарж, хүмүүс ам дамжин ярьж байв. Гэсэн ч Монгол Улсын Гавьяат тамирчин Цагаанбаатарын гэргий, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамрчин Отрядын Гүндэгмаа Бээжингийн олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртэж төр түмнээ баярлууллаа. Цагаанбаатарын сэтгэл онгойж, хань ижлийнхээ баяр жаргалыг хуваалцаж байтал гэнэт муу мэдээ ирэв. Үр хүүхдүүийнхээ төлөө сайн сайхны төлөө, Цагаанбаатарын төлөө нэгэн насаа зориулсан түүний аав Балжинням гуай тэнгэрийн орондоо оджээ. Ачит аавынхаа ариун чандрыг тэвэрсэн Цагаанбаатар “Ааваа хүү нь заавал дэлхийн аварга болно” гэж амласан юм. Амьдрал түүнийг олон удаа шалгасан. Цагаанбаатар тэр шалгуур болгоныг даван туулж чадсан юм. Хамгаас хайртай, хамгаас эрхэм хүмүүнээ алдсан Цагаанбаатар нэг хэсэгтээ сэтгэл зүйн хүнд байдалд орж, зовж, шаналж байсан ч түүнийгээ давж  2009 онд эх орон, ард түмнээ дахин баярлуулж, Монгол Улсаас анх удаа Жүдо бөхийн дэлхийн аварга болсон юм.  

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Хашбаатарын Цагаанбаатар ба дэлхийн дэвжээ   
Үзсэн: 9082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-12 21:50
Багшдаа амжилт хүсий
Зочин [27.123.214.xxx] 2018-03-27 09:26
Гоё бичжэж
Зочин [202.21.117.xxx] 2016-08-25 16:23
Aguu avargiin amidraliig muu bichsen bn,
Зочин [202.179.23.xxx] 2016-08-21 10:15
Мундаг бөмбөрцгийн бөх юм.
мөнхөө [202.70.37.xxx] 2016-08-19 20:33
агуу бөх
ПП [203.91.115.xxx] 2016-08-19 15:14
ХИЙСЭН ГАВЬЯАТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮНД ЭЛДЭВ ЗҮЙЛ БИТГИЙ ХЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ЮУ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ БҮҮ ДОНГОСООО
Зочин [80.217.185.xxx] 2016-08-17 19:22
mundag duu chiniihee umnu sugdun murguj hundelie namaig bolon mongol tumniig olon jil omogshuulsan chamaar baharhaj bna bi uilj bna nudnees mini baharhaliin nulims ursaj bna ah n gadaadad olon jil amidarch bna haraar shuu setgel mini huduluud bichij chadahgui bna daraa saihan ugee heleie de chi mundagaas mundag
зочин [202.179.23.xxx] 2016-08-17 09:07
нөгөө Цагаанаа маань өөрийгөө захиалаад бичүүлчихсэн юм биш үү, янз нь гэнэт юу болоод уран сайханы хэтрүүлэг энэ тэр оруулаад баахан юм бичих болов оо, хачин даа,
Зочин [103.212.116.xxx] 2016-08-17 00:32
engiin l bichil dee. ulger zohioj bgaam shig yum bichihiin. sots niigmiin ued huniig aldarshuulah gej ingej bichdeg bsn
a [103.57.94.xxx] 2016-08-16 20:42
sonirholgui baina

Бидэнтэй нэгдээрэй