Шууд Chart

Ринчиний Чойном ба Эрх чөлөө

2016-08-17 16:34:49

/Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын 80 насны ойд зориулав/

Эртний домогт Монгол хүмүүний зовлон зузаарч, жаргал нимгэрсэн 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр билээ. Хөндий талаар дүүрэн хүйтэн жавар исгэрч, хөр их цас хунгарлаж хатуурна. Дүнсийсэн цагаан талд сайхан сэтгэлт хүмүүн хүртэл алс тэртээд явах нь хар цэг мэт харагдаад, дүрэм журам хатуурч, амьдрахад амаргүй болов. Нам засгийн бодлого шийдвэр улмаа төгөлдөржиж байгаа тухай мэдээг улаан ухуулагчид нэгээс нөгөө рүү зөөж, Монгол оронд  коммунист засаглал өдрөөс өдөрт батжина. Харгис хатуу энэ дэглэмийн золиос болгох лам нарыг хэрхэн яаж шийтгэх тухай далд үгсийг хэлэлцэх хүмүүс нийслэл хотын аль нэг уушийн газрын тамхины утаа суунаглаж, ший янгууны хүүхнүүд найлинхайтсан, хятад архины гашуун амт хэл, хоолой хоёрыг түлчих шахсан арын өрөөнд суух бол, тэдний тушаалыг үнэнчээр биелүүлэх бичээчид хамгийн түрүүнд өчиггүй буудан хороох сэхээтнүүдийн нэрийг чимээгүйхэн зөвлөлтийн аль нэг үйлдвэрт угсарсан бичгийн машин дээр цохино. Ийм гачлантай албыг хашигч үнэнч цагаан сэтгэлтэй хүмүүсийн гар чичирч, бичгийн машины төмөр товчлуурт хурууных нь өндөг хайрагдана. Хүйтэн жавар исгэрсээр.

Хэнтий аймгийн Дархан сумын Дотуур булаг багийн нутаг, Дархан уулын ар хөндий, Бор-Ухаа хэмээх хэсэгхэн бор толгодын зүүн хойно Ов Товын талын баруун захад орших Шар нохойтын өвөлжөөнд хотолсон билэгт ард Ринчингийн гэрт шинэ хүн ирэхээр мөн ч  их тэвдүүлж байлаа. Норжин гуай зээ хүүгээ эх барихаар зэхэж, гэрийн эзэн Ринчин том хүүгийн хамт гадуур холхин энэ тэрийг эргэцүүлнэ. Айл хотлын зовлон, жаргал үзсэн бүсгүйчүүд тэднийд цугласан тул аав, хүү хоёрын хэрэг бараг байсангүй. Гэсэн ч сэтгэл түшсэн эр хийх юм аа олж ядсаар... Төдөлгүй алсын алс руу хэсэг цасны илтэсийг туун одох салхийг ширтэн зогстол гэнэт нялх хүүхдийн дуу алдан уйлах чимээ ертөнц даяарыг цочоов. Урд цагт зүүн зүгийн нэртэй хийдэд шавилан суусан ч хувь заяаны эрхээр шар шувтлан хар болсон уг нь Гэлэгрэнзэн, гэхдээ одоо бол Ринчин болсон эр гэр рүү яаран орлоо. Хүү төржээ. Хүүд тэгээд Ринчиний Чойном хэмээх нэрийг хайрлажээ.

choinom r

Уул, тал анхилан ургаж, уул, тал бас “гуниглан” хагдарч хоёр он улиран одлоо. Гэтэл Монголын өргөстэй, цэцэгтэй газар шороон дээр “их хэлмэгдүүлэлт” хэмээх аймшигт үйл явдал өрнөж, нөгөө уушийн газрын арын өрөөнд ярилцаж байсан хүмүүсийн шивнээ амьдрал дээр бодит байдлаа олов. Нийгмийн тэргүүний сэхээтэн, бичгийн мэргэд, тангад номонд гүнээ нэвтэрсэн суу билэгтнүүд нэг нэгээрээ харуй бүрийгээр туугдан яваад эргэж хэзээ ч ирэхгүй алга болж байлаа. Монгол газар нэн түгшүүртэй хийгээд, Монгол хүмүүний сэтгэл урд хожид хэзээд байгаагүй ихээр түгшин зовжээ. Хэзээ хэнийг маань туугаад явах юм болдоо гэсэн сэрэмж дүүрэн бодлыг үдшийн сарны цонхигор цагаан гэрэлд үлгэр ярих өвгөд, хөгшид бодол сэтгэл дотроо эргэцүүлмүй. Энэ зуур гэтэл Ринчиний хөвгүүд өсч өндийн бага хүү Чойном нь хоёр настай болжээ.

1938 оны тэр нэгэн “сэрэмжийн” сэрүүн салхи исгэрсэн уртаас урт шөнө... Алсаас морин туурайн чимээ газар доргиулан айсуй. Эрдэм чадалтай, цанид номыг үнэнхүү төгс сайнаар бясалгасан хүмүүний сонорт тэрхүү морин төвөргөөн цаанаа л нэг биш, алдаж гишгээд байх. Лавтай алдас хийсэн улсын явдал гэдэг нь илэрхий тод болоод байтал, даруй гурван морины нэг нь доголон байх... Нүүдэлчид угаас сонор согог тул энэ чимээг түгшин сонсоно. Морьдын явдал улам ойртсоор. Энэ цөвүүн цагт шөнөөр ийм учир битүүлэг анир сонсдож, улмаа тодорно гэдэг сайны ёр биш гэдгийг хэн ч мэднэ. Төдөлгүй уяан дээр дөрөө хангинаж, халтар нохой зориг зүрх дүүрэн босч ирээд гийнэн зайлж, түнэр харанхуй шөнийн дундуур хоёр хүн алхсаар Ринчиний бор гэрийн эсгий үүдийг сөхөж орж ирлээ. Агдаж тэвдсэн гэргий Рэгзэн  дэн баривал ногоон малгайтнуудын догшин ширүүн дүр төрх мөн байжээ. Тэд билэгт ард Ринчинг тууж явахаар иржээ. Эл учрыг анхнаас нь мэдсэн Ринчин аядуу тайван орноос босч, хувцсаа өмсөж байх зуур гэргий Рэгзэн нь уйлан мэгшиж, үр хүүхдүүд нь аавынхаа хормойноос зүүгдэв. Дамран малгайтнууд “Заа заа, юун сүртэй юм. Хурдал, хурдал” гэж чанга дуугаар сүрдүүлэн хэлэх нь алсын тэртээх Дархан ууланд цуурайтаж, оргилоос бэл рүү хад чулуу бөмбөрөх шиг. Ринчин хувцсыг нэгэнт өмсөж барсан тул зэлгээн цай амсаад алга эргүүлэхийн зуур алаг хоёр нүдээ дов болтол уйлсан гэргий хүүхдүүдээ тэвэрч үнсэхдээ “Би эргэж ирнэ” гэж хэлээд гэрээс гарлаа. Рэгзэн эр нөхрийнхөө араас дуу алдан дайрахад ногоон малгайтнууд түүнийг түлхэж унагаад гэрээс гарав.

Аавгүй, хань ижилгүй үлдсэн өнчин хүмүүсийн айдаст өдрүүд эхэллээ. Чойномыг багад нь Чойном-Сүрияа хэмээдэг байв.

Чойном хүү сэргэлэн цовоо хийгээд ээжийгээ аргал түүхэд нь дагаж явдаг, заримдаа явдал гүйцэхгүй хоцордог ч хээр унтдаггүй, энэ тэрийг байнга оролдож, модны холтсоор тэмээ, адуу, тэрэг, онгоц, буу мэтийг хийж тоглох дуртай байлаа. Элдэв янзын өнгө дүрстэй говийн чулууг түүж өвөртлөн, тэднийгээ уран сайхнаар дүрслэн нааддаг, тэгэх бүртээ олз олсон юм шиг баярладаг, гэртээ хөшигний ард орж элдэв янзын алиа хошин үйл хөдлөл хийж, ээж, ах, дүү, нутгийн хөгшид, хүүхдүүдийг хөгжөөдөг байв. Тэр бас хүүхдүүдийг шоолж зураг зурдаг, эрэг шурагтай зүйлийг заавал задалж үздэг, тэгээд эргүүлэн угсрахаар нухаж суудаг зантай.

Тэднийх “виктруль”-тай байсан юм. Нэг удаа Чойном түүнийг задалж үзээд эргүүлэн усгарч чадахгүй аавынхаа алганы амтыг хүртэж байсан удаатай. Энэ бүгдийг билэгт хөвгүүний ээж Рэгзэнгийн эх Норжин гуай 1970 оны хавьд хуучилсан нь бий. ... Чойномын аав Ринчин 1941 онд эргэж ирсэн юм. Их хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр түүнийг тууж одсон ч хүйтэн хатуу шоронгийн хүнд бэрхийг даван туулсан зовлонт эр эхнэр хүүхдүүд, эх нутагтаа буцаж ирсэн юм. Тэгээд хоёр жил нам жим аж төрөөд 1943 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Үүрд аавгүй болсон үр хүүхдүүдийн амьдрал хэцүү байлаа. Чойном дээрээ нэг ахтай, дороо дөрвөн эмэгтэй дүүтэй байв. Гэхдээ тэр яг хэзээнээс найраг шүлэгтэй нөхөрлөж эхэлсэн нь учир битүүлэг. Магад энэ эрхэм үйл явдал жаал хүүгийн бичиг үсэгтэй нөхөрлөж эхэлсний дараахнаас эхтэй байх.

Өнчин хүү 1946-1950 онд Дархан сумынхаа бага сургуульд суралцаж, даруй гурван жилийн дараа Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд бичээч, үсэг өрөгч, хэвлэгчээр ажилд орсон байна. Тэр үед туримаг биетэй залуухан хөвгүүнийг хожмын их найрагч болно  чинээ хэн ч санаагүй. Чингэтэл 1956 онд дөнгөж хорин настай залуу эр уушгины сүрьеэгээр өвдлөө. Анагаах ухаан тэгтлээ өндөр хөгжөөгүй байсан болохоор сүрьеэ гэдэг өвчин эдгэрэхэд бэрх. Гэсэн ч Чойном энэ хүнд өвчнийг даван туулаад тэр ондоо Улаанбаатар хотын Урчуудын Эвлэлд дагалдан барималчаар ажиллах болжээ. Сонирхолтой нь тэр огтоос дүрслэх урлагийн сургуульд суралцаагүй атлаа маш чадварлаг барималч, авьяаслаг зураач байв.

1957 он ирэхэд орь залуухан Р.Чойном Урчуудын Эвлэлийн зургийн тасагт зураачаар дэвшин ажиллалаа. Манай алтан үеийн дүрслэх урлагийн бурхад түүний авьяас билгийг мэдэрчээ. Энэ бол түүний амьдралын намуухан хөгжимлөг үе байсан агаад шүлэг найргаа шимтэн тэрлэж, онгод билэг нь өдрөөс өдөрт асан дүрэлзэж байв. 

choinom

Дахиад нэг жил өнгөрөхөд тун таагүй зүйл болов. Ужиг хууч нь түүнийг далдуур шаналгаж байжээ. Чойном ясны сүрьеэгийн тасагт хоёр жил хэвтэн эмчлүүлэв. Үнэндээ тэр үед сүрьеэгээр өвдсөн хүмүүсийг аймшигтайгаар тусгаарлан эмчилж байгаа нэртэй хорионд оруулаад сүүлчийн өдрийг нь хүртэл хүлээдэг байсан юм. Гэвч Чойном бол тийм хувь заяатай хүн биш байлаа. Удаан хугацаанд эмчилгээ, сувилгаа хийлгэсэн яруу найрагч 1960 оноос хотын Соёлын ордонд зураачаар ажиллах болж, найраг шүлэгтээ намрын гуниг, хаврын шувуудыг магтан дуулж байв. Түүний анхны ном 1958 онд “Сонирхолтой захидал” нэртэйгээр хэвлэгдэв. Сургуулийн дунд ангийнханд зориулсан энэ ном өсвөр үеийнхний сэтгэл зүрхний нөхөр болсон. Соёлын ордонд ажиллаад нэг оны дараа 1961 онд алдарт “Залуу нас” шүлэглэсэн романаа хэвлүүлсэн Ринчиний Чойном Монголын утга зохиолын ертөнцөд дуу шуугиантай, дурлал хайртай, алдар нэртэй орж ирлээ. 1963 он бол бас л түүний цаг хугацаа байлаа. “Хүн” шүлэглэсэн романаа хэвлүүлсэн Чойном тэр үеийн хэтэрхий үзэл сурталжсан утга зохиолын ертөнцөд шинэ эрин үе авч ирлээ. Алдрын титэм түүний тэргүүн дээр асч, ард олны зүрх сэтгэлд тэр амьдарч эхэллээ.

1967 он... их найрагч унаж эхэллээ. Тэр яг л дахиж нисэх боломжгүй болсон сөнөөгч онгоц шиг асар өндрөөс алгуурхан унаж эхэллээ. Үзэл суртал, коммунизм түүнийг шархдуулжээ. Яруу найрагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарлаа. Хэтэрхий эх оронч, хэтэрхий тэрсүүд, хувьсгалын эсэргүү зүйл бичих болсон гэгдэх шүлэгчийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны гар хөлүүд тандах болов. Тэгтэл 1969 онд бүр ч долоон дор юм болжээ. Түүний дотны нөхөр, итгэлт анд Очирхуяг Чойномыг Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд бариад өгчихлөө. Бичсэн шүлгүүдийг нь ногоон малгайтнуудад хүргээд өгчихлөө. 1970 оны дөрөвдүгээр сарын 1-ний “инээдмийн баяр”-ын өдөр Улсын дээд шүүхийн хаалттай хуралдаанаар яруу найрагч Ринчиний Чойномыг 4 жилийн хорих ялаар шийтгэж Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронд шилжүүлэв. Хажуу-Улаан бол хүний тарчлаан шингэсэн, бурхан мартсан газар...  Өдгөө түүнээс зөвхөн туурь л үлдсэн.

Яруу найрагч бичиж байлаа. Хамгийн харанхуй газар тэр хамгийн ихээр гэрэлтэж  байлаа. Шорон бол шорон, гяндан бол гяндан... Чийг даасан харанхуй хүйтэн өрөөний зэвхий хоосон орон зай нүдэнд үл харагдаж, гарт үл баригдах хүмүүсийн зовлонгоор дүүрчээ. Шоронд гэтэл цаас алтнаас ч илүү үнэтэй байдаг байж. Ном зохиол бол бүр ч нүдний гэм. Тэгэвч цаг үеэ сөрөн зогссон их яруу найрагчийг хатуу засгийн хүнд хуягууд хүндэлж, хайрлах болой. Тиймдээ ч Ринчиний Чойномыг Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронгийн чулууны уурхайд тэр болгон ажиллуулсангүй. Түүний оронд шоронг тохижуулах ажилд дайчиллаа. Хажуу-Улааны хорих ангийн гал тогооны ханан дээр Ринчиний Чойномын зурсан зураг нэгэн үе тэр газрыг гийгүүлж байгаад өдгөө харуусалтай нь үгүй болжээ. Тэнд Чойном маш их зүйлийг хийж бүтээсэн юм. Мэдээж найраг шүлгээ бичиж, хүйтэн давчуу, хүнд зориулагдаагүй хорих өрөөний жижигхэн цонхоор алс тэртээг мөрөөдөж, тал дүүрэн лавсайтал унасан цасан дээр модны мөчрөөр ид шидийн мөрүүдийг тэрлэх юмсан гэж тэр хүсч байсан юм. Тэр бас шоронгийн өндөр хашаан дээгүүр татсан өргөстэй төмөр утас өвлийн хүйтэн салхинд хэрхэн янгинан шуугихыг сонсч, тэгэх бүртээ зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү өвдөж байсан юм. Түүнийг бүгд мартсан. Цэнхэр тэнгэрийн доогуур цэцэн шүлгээ уншиж явахад нь яг л сүүдэр шиг дагаж явсан нөхөд нь мартсан юм. Харин Монгол Улсын  Ардын Уран Зохиолч Шагдарын Дулмаа авхай нэгэнтэй хүндэт найздаа үстэй дээл оёж, учир мэдэх хүнд дайсан ч тэр нь эзэндээ хэзээ ч очоогүй замаасаа алга болжээ.  Мөн Ардын Уран Зохиолч Шаравын Сүрэнжав тэргүүт цөөхөн найрагчид Ринчиний Чойномд хэзээд үнэнч явсан гэдгийг энд мартаж үл болно.

1973 онд шоронгоос гарч ирсэн яруу найрагчийг үргэлжлүүлэн Хэнтий аймгийн Батноров сум руу цөлөв. Цөллөгийн хугацааг дуусгаж, зовлонгийн туйлыг амсаж эдэлсэн яруу найрагч 1976 онд Улаанбаатар хотод орж ирэх зөвшөөрөл авч, 1979 оныг хүртэл зураач Дэмбэрэл түүний гэргий Сугармаа нарын асрамжинд аж төрсөн байна. Шорон түүнийг “идсэн” байлаа. Яг л хамгийн сайхан торгыг цагаан эрвээхэй удаан, удаанаар мэрдэг шиг.

Өнгөрсөн зууны 79 оны дөрөвдүгээр сарын 23-ны зэвүүн салхи исгэрч, Монгол хүний сэтгэл хуйсагнасан өдөр... Амьсгаадаж, эцэх болсон яруу найрагчийг түүний хамгийн сүүлд үлдсэн цөөхөн хэдэн итгэлт нөхдийнх нь нэг зураач Дэмбэрэл хуучнаар гуравдугаар эмнэлэгт хэвтүүлээд гэрийн зүг эргэлээ. Маргааш өглөө  зураач нөхөр нь яруу найрагч анддаа халуун хоол, цай барьсаар иртэл хорьдугаар зууны хосгүй шүлэгч, хорвоогоос үүрд явчихсан байлаа. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцсон бүх хүний нэр, хавтаст хэрэг НАХЯамны архивт оров... ЯРУУ НАЙРАГЧИЙН НЭРИЙГ САЛХИ АРЧИХГҮЙ... энэ бол их яруу найрагч Ринчиний Чойномын хөшөөн дээрх бичээс...               

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Ринчиний Чойном ба Эрх чөлөө   
Үзсэн: 16261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 20:51
Албин шулмын цаг төрийн хүнд суртлын мангасын эсрэг ёрдөө цор ганцаараа аугаа их суу билгүүний яруу сайхан зохист аялгууны эх хэлээрээ ялан давж үүрд мөнхөрсөн гавьяаг Улсын баатар болгосонч чамламаар санагдаж байна!!
Зочин [124.158.88.xxx] 2018-05-08 15:48
ЛҮЛ
Зочин [202.131.231.xxx] 2016-08-19 15:05
Сайхан дурсамж байна, баярлалаа. Хайран сайхан яруу найрагч

Бидэнтэй нэгдээрэй