Шууд Chart

“Рио-2016” олимпийн наадмын 17 дахь өдрийн тойм

2016-08-22 05:14:44

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын 17 дахь буюу хамгийн сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 65, 97 кг жингийн барилдаан, марафоны 50 км-ын зайн уралдаан, бокс, гандбол, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрөлд явагдлаа. 

Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөв.

Г.Мандахнарангийн барилдаан шуугиан тарилаа

Өнөөдрийн хамгийн их шуугиан тарьсан төрөл бол чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн барилдаан.

Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний хоёр тойрогт “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Инчоны Азийн наадмын алт, Дохагийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Йогешвар Дут, БНХАУ-ын Ерланбик Кат нарыг 3:0 онооны харьцаагаар ялсан.

Харин гурав дахь тойрогт ОХУ-ын тамирчин Сослон Романовт ялагдсанаар түүнийг удаах тойрогт өрсөлдөгчөө ялбал дагах барилдаан хийх болоод байв. Ийнхүү түүнийг бурхан ивээж, дагах барилдаан хийх боломж олгосон. Тэр ч үнэндээ боломжийг сайн ашиглаж, Канадын бөх Хайслан Гасъяныг илүүрхэж хожсон. Тийнхүү хүрэл медалийн төлөө Убекистаны тамирчин Ихтиёр Наврузовтой хүч үзэж, оноогоор ялсан ч шүүгчдийн зүгээс торгууль хүртэж, хүрэл медалийн оосроос атгаад алдав.

Д.Хүдэрбулга эхний даваандаа бүдрэв

 

Тус барилдааны 97 кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүч үзсэн бөгөөд тэрбээр эхний тойрогт Киргизстаны тамирчин Магомед Мусаевийг барсангүй. Эхний үед Магомед Мусаев нэг, дараагийн үед найман оноо авснаар 9:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Б.Сэр-Од 92 дугаар байрт оров

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Монголчуудынхаа хүлээлтийг үүсгээд байв. Тэрбээр марафон гүйлтийн 50 км-ын зайн уралдаанд ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нарын хамт өрсөлдсөн юм.

Б.Сэр-Од 2:24:26 секундийн хугацаатайгаар 92, Д.Гантулга 2:27:42 секундийн хугацаагаар 107, Ц.Бямбажав 2:36:14 секундийн хугацаатайгаар 130 дугаар байр эзэллээ.

Гараанаас нийт 155 тамирчин гарсан хэдий ч одоогийн байдлаар 14 тамирчин уралдаанаа дуусгаж чадалгүй замаасаа гарсан бол найман тамирчин барианд орж ирээгүй байна. 

Тус уралдаанд олимпийн мөнгө, хүрэл медальт Кенийн тамирчин Элиуд Кипкоге 2:08:44 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн бол түүний араас Этиопийн тамирчин Лилеса Феиса 2:09:54 секундээр хоёр, АНУ-ын тамирчин Рупп Гален 2:10:05 секундийн амжилтаар гуравдугаар байрт оров. 

АНУ-ын волейболчид анх удаа хүрэл медаль хүртлээ

 

Эрэгтэйчүүдийн волейболын хүрэл медалийн төлөөх “тулаан”-д АНУ-н шигшээ багийн тамирчид ялалт байгууллаа.

Ийнхүү олимпийн гурван удаагийн алтан медальтай тэд хүрэл медиалаар энгэрээ гоёв. АНУ-ын шигшээ баг финалд  ОХУ-ын багийг 3:2-ын харьцаагар хожсон юм.

Ингэснээр олимпийн дөрвөн удаагийн аварга ОХУ-ын баг энэ удаа медальт байраас мултарлаа.

Данийн эрчүүд анх удаа аваргаллаа

Гандболын эрэгтэйчүүдийн шигшээ тэмцээнд алтан медалийн төлөө Дани, Францын баг хоорондоо тоглосон юм. Энэ тоглолтын дүнд Данийн шигшээ баг Францын багийг 28:26-аар хожин, аваргыг ялж аварга боллоо.

Тэд ийнхүү "Рио-2016" олимпийн их наадмаас анх удаа алтан медаль хүртэж байна. Францын баг өмнө нь  2008, 2012 оны олимпийн аварга болж байсан ч энэ удаа олимпийн мөнгөн медалийн эзэд болон үлдлээ. Хүрэл медалийг Германы баг тамирчид хүртсэн юм.

Кубын боксчин олимпийн аварга боллоо

 “Рио-2016” олимпийн 31 дэх их наадам сүүлийн өдрөө финалын тэмцээнүүдээ явуулж, аваргаа тодруулсан. Боксын эрэгтэй, эмэгтэй 75, эрэгтэй 52, 91 кг-ын жингийн финалын тоглолт болов.  

Эрэгтэйчүүдийн 75 кг-ын боксын аваргаар Куба улсын тамирчин Арлен Лопез тодорлоо. Тэрбээр финалын тоглолтод Узбекистаны тамирчин Бектемир Меликузиевийг 3:0-ээр ялсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио-2016” олимпийн наадмын 17 дахь өдрийн тойм  
Үзсэн: 1798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй