Шууд Chart

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн биш

2016-08-30 12:28:28

Есдүгээр сарын 1-нд хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэд хэдэн шалтгаанаас үүдэн хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Тодруулбал, тус хуулийн дагалдах хуулиудыг батлаагүй, хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил хангалтгүй гэх шалтгаанаар Засгийн газраас УИХ-д санал оруулж, ирэх оны долоодугаар сар хүртэл хойшлуулахыг хүссэн бөгөөд энэхүү асуудалд УИХ-ын түшээд болоод холбогдох албаны хүмүүс байр сууриа илэрхийлж, чухам яагаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль гацаанд орсныг ярилцаж, учир зүйгээ ололгүй АН-ын бүлэг завсарлага авснаар түр хойшилсон юм.

Ер нь бол Эрүүгийн хуулийн анхны төслийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 онд Х.Тэмүүжин сайд Гэмт хэргийн хууль нэртэйгээр Зөрчлийн тухай хуультай хамтад нь УИХ-д өргөн барьсан. Түүний дараа шинэ Засгийн газар байгуулагдаж, тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хоёр хуулийн төслийг эргүүлэн татаж, өнгөрсөн хаврын чуулганд дахин оруулж ирснээс хойш есөн сарын дараа УИХ баталсан билээ. Ингэхдээ одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдож байсан 36 үйлдлийг зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн ангиллыг хуулиас хасаж, зөвхөн гэмт хэргийн шинж чанар буюу үйлдлээр нь гэмт хэргийг тодорхойлдог болсон байна.

“Иргэнд байхгүй эрхийг төр эдлэх ёсгүй” гэсэн нийгмийн гэрээний онолын дагуу цаазын ялыг халж, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж /хорихоос өөр төрлийн ялаар сольсон/, “эрүүгийн хариуцлага” гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмжээ” хэмээн тусад нь зааж өгсөн байна.

Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил гэмт хэрэгт захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн хоёр өөр стандарт тогтоож, хариуцлагыг ялгавартай оноосноос нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших боломж олгож, нөгөө талаар хуулийн байгууллагын албан хаагчид хуулийн нэрээр далайлган хувьдаа хожоо хайх, бизнес эрхлэгчдийг дарамтлан хөлжиж бэлжих нөхцөлийг бүрдүүлдэг байв. Харин Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг нэг шугамд тавьснаар өмнө бий болоод байсан давхардсан стандартууд үгүй болж, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон байна.

Өмнөх хуульд байсан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэх мэт гэмт хэргийн ангиллыг хуулиас хассанаар өөр өөр төрлийн хэргүүдийг бөөнөөр нь нэг уутанд "чихэн" ижил ял оноодог хуулийн гажуудлаас гарч, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол барагдуулсан эсэхээс шалтгаалан ял, албадлагыг ялгавартайгаар хэрэглэх боломж бүрдсэн байна. Тухайлбал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан бол нэг удаа ял, хариуцлагаас чөлөөлөх, эрх чөлөөг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл тэнсэх ял шийтгүүлсэн этгээд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бол ялыг биечлэн эдлүүлэх буюу хорих ялаар солих гэх мэт.

Гэвч энэ нь өмнөх хуульд байсан “давтан гэмт хэрэг”-тэй холбоогүй бөгөөд “Нэг хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй” гэдэг хуулийн үндсэн философийн дагуу давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халсан байна. Мөн хөнгөн ялыг хүндэд багтаадаг байсныг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оноохоор болжээ.

Мөн “Иргэнд байхгүй эрхийг төр эдлэх ёсгүй” гэсэн нийгмийн гэрээний онолын дагуу цаазын ялыг халж, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж /хорихоос өөр төрлийн ялаар сольсон/, “эрүүгийн хариуцлага” гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмжээ” хэмээн тусад нь зааж өгсөн байна.

Эрүүгийн шинэ хуульд байгаль орчны гэмт хэрэг болон хуулийн этгээдийн хариуцлагыг тусад нь бүлэг болгож, хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэрэгт хуулийн этгээд буюу компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байхаар хуульчилжээ.

Зуун задгай жаран хагархай явж ирчихээд матрын нулимс унагах хэрэггүй

Энэ мэтээр өөрчлөлт оруулсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацаа саатсан нь аль ч Засгийн газрын үед тохиож байгаагүй асуудал гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт чуулганы үеэр хэллээ. Тэрбээр “Та бүхэн бидний хийсэн хууль зүйн шинэчлэлээс ухарч байна гэж ярилаа. Бид ухраагүй. Ер нь яагаад нөхцөл байдал ийм болсон юм, хэн ийм болгов... Хуулиа ёсчилж батлалгүй УИХ нь тарчихсан нөхцөл анх удаа бий болж байна. Энэ нөхцөл байдлыг зохицуулах зохицуулалт бас алга. Энэ нөхцөл байдлаас чинь болоод хууль хэрэгжих боломжгүй болоод байна. Гэтэл та бүхэн өдөр болгон өөр өөр шалтгаан хэлж хойшлуулж болохгүй. Би буруутныг нь хэн бэ гэдгийг дахиж яримааргүй байна. Хамгийн гол нь дагалдах хууль журмыг нь батлаагүй, сургалтыг нь зохион байгуулаагүй, олон нийтэд сурталчлан таниулаагүй учраас өнөөдөр энэ хууль хэрэгжих боломжгүй болоод байна гэдгийг хэлье. Нэг үгээр хэлбэл, зуун задгай жаран хагархай явж ирчихээд матрын нулимс унагах хэрэггүй” гэсэн юм.

Учир шалтгааныг дахин ухаж үзвэл хуулиудад өөрчлөлт оруулахын тулд түүнийг дагалдах хууль тогтоомжийг батлахаас гадна хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгө болоод хүн хүч, зохион байгуулалтын томоохон өөрчлөлтийг хийх ёстой. Үүнийг холбогдох албаныхан ч учирлаж байв. Тодруулбал, ШШГЕГ-ын, Цагдаагийн байгууллагын ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, 21 аймагт нээлттэй шорон байгуулах зэргээр бүтээн байгуулалтын болоод орон тооны асуудлыг өөрчлөх гэх мэтийг урьдчилсан байдлаар хийх ёстой. Гэвч одоогоор тоймтой хийсэн ажил байхгүй гэдгийг ШШГЕГ-ын дарга Б.Билэгт хэлж байна. Үүнээс гадна тэрбээр “Манайх цэргийн байгууллага учраас хууль тогтоомжийг биелүүлэх үүргийг хүлээдэг. Гэвч хууль хэрэгжүүлэх төсвийг УИХ баталж өгөөгүй байна. Бид хүн хүч болоод төсөв санхүүд шаардагдах 93 тэрбум төгрөгийн асуудлыг УИХ-д өргөн барьсан. Үүнийг шийдсэний дараа бид хууль хэрэгжүүлэх боломжтой болно” гэж ярилаа.

Харин ЦЕГ-ын дарга Р.Чингис “Манай байгууллага эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхэд бэлэн биш байна. Тухайлбал, энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд хүн хүч, төсөв санхүүгийн асуудал чухал. Үүнийг төр шийдэж өгөх ёстой. Хамгийн гол нь хууль батлаад орхих биш шаардлагатай нөхцөл боломжоор нь хангаж өгөх ёстой шүү дээ” гэв.

"Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бэлэн бус" гэдэг шалтгаанаар хуулийг хэрэгжүүлэхгүй хойшлуулах хуулиас давсан эрх хэнд ч байхгүй.

Мөн хуулийн төслийн хэрэгжүүлэлтийг хойшлуулахыг эрс эсэргүүцэж буй АН-ын бүлэг уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм. Энэ үеэр бүлгийн дарга С.ЭрдэнэЭрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулж байгаа шалтгаан дэндүү ядмаг байна. Хүчин төгөлдөр болсон хуулийг хойшлуулж байгаа нь яваандаа эргүүлэн татах, хүчингүй болгох эхний алхам гэж харж байна. Тийм учраас нэгэнт хүчин төгөлдөр болсон хуулийг эргүүлэн татах эрх Засгийн газарт байдаггүйг эртнээс сануулах нь зөв байх. 
"Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бэлэн бус" гэдэг шалтгаанаар хуулийг хэрэгжүүлэхгүй хойшлуулах хуулиас давсан эрх хэнд ч байхгүй. Ийм түүх Монголын парламентын түүхэнд ч байхгүй” хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Эд нар 65 гишүүнээрээ дулдуйдаж хүч түрэх бодлого барьж байна. Ганцхан хүний эрхийн асуудал биш. Энэ Засгийн газрын хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр нь ерөнхийлсөн, тоо баримт байхгүй, эзэнгүйдүүлсэн ийм л юм болж байгаа. Тэр 40 гаруй мянган хүнийг давтан сургах асуудал байна. Маш олон сургалт хийсэн. Х.Тэмүүжингийн үеэс эхлээд Д.Дорлигжав сайдын үед олон сургалт хийсэн. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг. Хууль батлагдсаны маргаашнаас хэрэгжүүлээд зохион байгуулаад явчихдаг хүмүүсийг басамжилсан үг хэлж байна. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 40 гаруй мянган хуульчийг бэлэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хаалттай нээлттэй шорон барина гээд яриад байх юм. Бид шоронгоос хүн чөлөөлөх гээд байгаа юм шүү дээ” гэлээ.

Ийнхүү 13 жилийн дараа шинэчлэгдэн гарч байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь эрүүгийн эрх зүйн салбарт хийгдсэн нэгэн том шинэчлэл, шинэ эргэлт боллоо хэмээн холбогдох албаныхан үзсэн ч “гацаанд” ороод байна. Иргэдийн хувьд мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас нэг хэсэг нь Монголыг шоронжуулах хууль батлах нь хэмээн маргаж байгаа бол нэг хэсэг нь шоронжилтыг халах нааштай хууль болох нь хэмээн ярьж байгаа юм.

Харин иргэдийн энэхүү маргаан мэтгэлцээний аль нь үнэн зөв болохыг УИХ-аас гарах шийдвэр болоод хуулийн төслүүдийн сурталчилгаа, мэдээлэл бодит амьдрал дээрх хэрэгжилт нотлох буй за.  

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн биш  
Үзсэн: 3814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй