
Франц улсын Маконь хотод болсон залуучуудын чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны хоёр жил тутам болдог ээлжит их хурал боллоо.
Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан үндэсний холбоодын төлөөлөгчид дээрх хурлаар бөхийн спортын хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, товчоо хэмээн нэрлэгддэг тус холбооны Гүйцэтгэх хорооны зургаан гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар сонгосон байна.
Их хурлаар тивийн аварга шалгаруулах тэмцээний хураамжийн асуудлыг хэлэлцэж, одоо байгаа хураамжийн хэмжээг 15-20 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд ДАШТ зохион байгуулах эрхийн хураамжийг санал болгосон хэмжээнд үлдээжээ.
ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович, ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Дюссон нар 120 гаруй улсаас ирсэн төлөөлөгчийн өмнө тус холбооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаа, амжилт болон санхүүгийн тайлангаа танилцуулж, хэлэлцүүлжээ.
Ерөнхийлөгч Н.Лалович тавьсан илтгэлдээ “Чөлөөт бөхийн тэмцээний жин бүрийг хоёр өдөр дараалан жин үзүүлэлттэйгээр хоёр өдөрт багтаан явуулж байх тухай асуудлыг дэвшүүлж, ингэх нь алтан медаль авахын төлөө өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож, бөхчүүдийг жин хасах эрүүл бус үзэгдлээс ангид байх бололцоо олгоно” хэмээжээ. Гэвч Их хурлаар дээрх асуудлаар тодорхой шийдвэр гаргаагүй байна.
“Токио-2020” олимпийн наадам болоход аливаа өөрчлөлтөд дассан байхын тулд асуудлыг шуурхай шийдэж байх нь зүйтэй” гэдгийг ерөнхийлөгч Н.Лалович сануулсан байна.
Их хурлаар яригдсан гол сэдвийн нэг нь “Рио-2016” олимпийн үеэрх элдэв маргаантай асуудал, шүүлтийн талаарх гомдлууд.
Их хурал энэ тухай хэлэлцээд, шүүгчдийн сургалтад зориулсан шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн дүрмийг дэмжиж, шүүгчдийн асуудалд шударгаар хандаж, шийдэх үүргийг ДБНХ-ны Спортын газрын мэдэлд шилжүүлсэн байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит их хурал болжээ | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.