Шууд Chart

Өнөөдөр эрэгтэйчүүд Узбекистан, эмэгтэйчүүд Монтенегро багтай тоглоно

2016-09-08 09:26:08

Азербайжаны нийслэл Баку хотноо 42 дахь удаагаа зохиогдож буй хүн төрөлхтний эв санааны нэгдлийг илэрхийлэгч Дэлхийн шатрын олимпиад үргэлжилж байна. Үүнд эрэгтэй 180, эмэгтэй 140 багийн шатарчин швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөж буй. Энэ олимпиадад оролцож байгаа Монголын эрэгтэй шатарчдын баг 2474 дундаж чансаагаар 57, эмэгтэйчүүд 2332 чансаагаар 15 дугаарт тус тус эрэмбэлэгдэв.

Олимпиадын таван тавилын дараа эрэгтэйчүүдийн тэмцээнийг Голланд, Украин, Энэтхэг 10, Чех, АНУ есөн оноогоор хошуучилж байгаа бол Украинд ялагдсан ОХУ 18 багийн хамт найм, Монгол 13 багийн хамт долоон оноотой 38 дугаар байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийг ОХУ, Украин 10, Румын, БНХАУ, Азербайжан есөн оноогоор тэргүүлж байгаа бол Монгол зургаан оноотой 34 дүгээрт эрэмбэлэгджээ.

Олимпиадын зургаадугаар тавил өнөөдөр болох бөгөөд манай эрэгтэйчүүд Узбекистан (31), эмэгтэйчүүд Монтенегро (42) багуудтай тоглоно.  

Манай шатарчдын тавил тус бүрт тоглосон дүнг үзүүлбэл, эрэгтэйчүүд эхний тавилд Макаог (147-д эрэмбэлэгдсэн) 3,5:05 харьцаагаар ялж удаахад Финляндтай (54) 2:2 тэнцэн, гурав ба дөрөв дэх тавилд зөвхөн их мастеруудаас бүрдсэн Катар (55) ба Хорватын (18) багуудыг тус бүр 2.5:1.5 харьцаагаар ялж тав дахь тавилд Туркт (19) 1:3-аар хожигдсон бол эмэгтэйчүүд маань нэгдүгээр тавилд Финляндыг (82) 3.5:0.5-аар ялж, хоёрдугаар тавилд Азербайжан-II (28) багт 1.5:2.5-аар хожигдон гурав дахь тавилд Ямайкийг (75) 3.5:0.5-аар дийлж, дөрөв дэх тавилд Чехэд (25) 1.5:2.5-аар хожигдон тав дахь тавилд Тажикстаныг (72) 4:0-оор ялжээ.

Монголын эрэгтэйчүүдийн багт (ширээний дарааллаар) нүүж буй ОУМ Г.Мөнхгал хоёр (дөрвөн өрөг тоглосон), ИМ Б.Гүндаваа 2.5 (таван өрөг тоглосон), ИМ Ц.Батчулуун дөрөв (таван өрөг тоглосон), ФМ С.Билгүүн хоёр (дөрвөн өрөг тоглосон), ОУМ Н.Баттулга нэг (хоёр өрөг тоглосон); эмэгтэйчүүдээс ОУМ-ЭИМ Д.Номин-Эрдэнэ хоёр (дөрвөн өрөг тоглосон), ОУМ-ЭИМ Т.Батчимэг гурав (дөрвөн өрөг тоглосон), ЭОУМ Ү.Үүрийнтуяа 2.5 (дөрвөн өрөг тоглосон), ЭИМ А.Энхтуул 4.5 (таван өрөг тоглосон), ЭОУМ У.Лхамсүрэн хоёр (гурван өрөг тоглосон) оноотой байна. 

Өнөөдөр манай эмэгтэйчүүд Монтенегро (42) багтай тоглох учраа таараад байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр эрэгтэйчүүд Узбекистан, эмэгтэйчүүд Монтенегро багтай тоглоно  
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.217.xxx] 2016-09-08 10:25
amjilt

Бидэнтэй нэгдээрэй